“Би хадан гэртээ явчихаж болно, энэ ном амьд үлдэнэ”

img

"Хэцүү анги", "Тусгай салаа", "Огцом эргэлт", "Улаан эрэг" зэрэг кино зохиолоороо та бидэнтэй танил болсон зохиолч А.Амарсайхан шинэхэн номоо өлгийдөн аваад байна. Тэрбээр өдгөө 87 насыг зооглоод буй Г.Доржсүрэн хэмээх хүний амьдралаас сэдэвлэсэн "Арван дөрөвтэй том хүн" номоо уншигчдын гарт хүргэжээ. "Гайхам содон амьдралыг туулж, энгүй ихийг бүтээсэн хэрнээ эгэл даруухан явдаг эрхэм хүмүүн олон буй. Чухам ийм л баатруудтай уншигч таныг учран золгуулах нь эл цувралын эрхэм зорилго болой" хэмээсэн тодорхойлолтоос ямар утга учиртай ном болохыг харж болно. Харин номын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг түүнтэй хийсэн ярилцлагаас авч болох юм.

:

-"Арван дөрөвтэй том хүн" ном уншигчдын гарт очоод удаагүй байна. Яагаад энэ номыг бичих болов. Бас нэр нь сонирхол их татаж байна. "Арван дөрөвтэй том хүн" гэж?

-Бичиж эхлэхээсээ өмнө номынхоо нэрийг арай өөр хувилбараар өгөхөөр бодож байсан. Гэтэл Гомбын Доржсүрэн гэдэг хүний амьдралыг судлах явцад номын нэр шууд урган гарсан. Агуулгатайгаа ч яг уялдаж байгаа учраас энэ нэрийг шууд сонгосон. Хөрөг нийтлэлийн номын гол баатар маань 14 настайдаа Аж үйлдвэрийн комбинатад ажилд орсон байдаг. Ажилд ороод хэдхэн хонож байтал эх орны дайн эхэлж, бүтэн цагаар ажиллах болсон. Хүүхэд учраас өмнө нь зургаан цагаар буюу хагас цагийн нормоор ажилладаг байсан юм билээ. Гэтэл дайны улмаас бүтэн, заримдаа бүр үйлдвэр дээрээ хонож, 24 цагаар ажилладаг болсон. Ингээд аргагүйн эрхэнд 14 настай хүүхэд том хүн болсон гэдэг баримтаас энэ нэр урган гарсан. 14 гэдэг тооны утга учрыг илэрхийлэх өөр нэг баримт бий. Г.Доржсүрэн ихэр эгчтэй. Тэд нь бас 14 настайдаа ажилчин болсон байдаг.

:

-Номынхоо баатрыг яаж олов? Өмнө нь таньдаг байв уу?

-Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүлч коллежийн багш, СГЗ Н.Дариймаа надад баатрыг маань санал болгосон. Тэгээд очоод уулзтал би тэр хүний амьдралын түүхэнд өөрийн эрхгүй автсан. Эхлээд "жирийн ажилтан надаас ном гарна гэж юу байдаг юм" гэж цааргалаад, зөвшөөрөхгүй байсан. Ятгасаар байгаад л номынхоо баатар болохыг зөвшөөрүүлж чадсан.

.

-Г.Доржсүрэн гэдэг хүний амьдралын юу нь таныг ингэтлээ татав?

-Ихэнх бүтээлийг харахад олонд танигдсан урлаг, нийгмийн зүтгэлтнүүдийн түүхийг бичсэн байдаг. Тэгвэл ажилчин ангийн хүний түүхийг яагаад бичиж болохгүй гэж гэсэн бодол төрсөн. Тэгээд баатраа судалтал энгийн ажилтан хэрнээ кино шиг амьдрал туулсан хүн байсан. 1934 онд долоон настайдаа Булганаас үхэр тэргээр нүүж, гэр бүлийнхэнтэйгээ нийслэлд орж ирсэн. Нийслэлд орж ирээд төвхнөж байгааг нь одоогийн хүмүүс сонсвол гайхаж, ангаймаар. Хэнээс ч зөвшөөрөл авалгүйгээр Дунд голын эрэг дээр одоогийн Авто засварын зовадын тэнд гэрээ бариад төвхнөсөн. Ц.Хулангийн хэлдгээр "Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л амьдарсан" байгаа юм. Тэр үед үйлдвэр комбинат дөнгөж байгуулагдаж, шинэ ажилчид их авч байсан цаг хугацаа. Ээж нь ч ажилчин болсон. Хоёр эгч нь ч ялгаагүй. Бас ах нь үйлдвэр комбинатын цагдаагийн хэсэгт одоогийнхоор бол хамгаалагчаар ажилд орж, харуулд гардаг болсон. Ингээд энэ айл ажилчин ангийн эгнээнд орж, тэдний амьдралын бас нэг үе огт өөр хэлбэрээр эхэлсэн байдаг.

.

-"Арван дөрөвтэй том хүн" номноос Г.Доржсүрэн гэдэг нэг хүний амьдралаас гадна өөр юуг уншигч олж харж болох вэ?

-Г.Доржсүрэн гэдэг хүний амьдралаар дамжаад Улаанбаатар хот хэрхэн өргөжин хөгжсөнийг харж болно. Өнөөдөр байшин барилга нь багтахгүй шахам байгаа Хан-Уул дүүрэг бүхэлдээ зүлэг байсан гэдгээс ямар их өөрчлөгдсөнийг харж болно. Хэдхэн мянган хүн амтай, бүгд биенээ таньдаг шахуу тийм л цаг үеэс өнөөдрийг хүрсэн түүхийг энэ хүний амьдралаар дамжуулан харж болно.

Өөр нэг хэлэх гэсэн санаа нь залуус аливааг ойлгоосой. Бидний өвөг дээдэс хэрхэн хөдөлмөрлөж, аж үйлдвэрийн комбинатыг хэрхэн босгож байсныг харуулахыг зорьсон. Өнөөдөр дээд сургууль төгсчихөөд хар ажил хийхээсээ ичээд байгаа залууст үлгэр дууриал болох амьдралтай хүн. Г.Доржсүрэнг орлогч дарга болчихсон байхад гадаадын том төлөөлөгчийн жолооч болооч гэсэн саналыг үйлдвэрийн дарга нь тавьсан байдаг. Гэтэл тэр шууд зөвшөөрч, зургаан жил Чех даргын жолооч хийсэн байдаг. Ингээд бодохоор ямар энгийн хүн байсан нь харагдана.

.

-Хөрөг гэхээр ихэнхдээ тухайн хүний талаарх баримт давамгайлсан байдаг. Харин энд уран зохиолын арга хэлбэрийг түлхүү ашигласан харагдлаа?

-Хамгийн эхэнд тухайн ном уншвартай байх ёстой. Дээр нь сонирхолтой. Тиймээс уран зохиолын адилтгал, зүйрлэл, эсрэгцүүлэл зэрэг аргыг ашиглаж, номоо сонирхолтой болгохыг зорьсон. Зарим хэсэгт сонирхолтой харилцан яриаг оруулж, нөгөө хэсэгт зохиогчийн хүүрнэл тайлбарыг шигтгэсэн. Ер нь бол бүхэлдээ уран зохиолын аргаар бичигдсэн. Сүүлийн үед хүн болгон л намтраа бичиж, бичүүлдэг болсон. Уншихаар зүгээр л тоочсон хэлбэртэй байдаг. Тэр хэлбэрийг давтахгүйгээр уншигчдад уран зохиол уншиж буй мэт сэтгэгдлийг төрүүлэх нь миний зорилго байсан. Мөн материалдаа дэд гарчгууд өгөн хувааж сонирхолтой болгох талаас нь илүү анхаарсан.

.

-"Хүмүүн цадиг" цувралын анхны дугаар нь гарчээ. Цаашид хэдэн цуврал ном гарах вэ. Хоёр дахь цувралынхаа баатрыг олсон уу?

-Номын нээлтэн дээр хүмүүс "108 хүргээрэй" гэж ерөөсөн. Би мэдээж аль болох олон болгож, үргэлжлүүлэхийг хичээнэ. Дараагийн гол дүрээ товлоод, судалж байгаа. Аливаа зүйлийг урьдчилаад, зарлахаар цаашаа явдаггүй тал бий. Тиймээс дараагийн номын гол баатар маань одоохондоо нууц. Бас л сонирхолтой, "Хүмүүн цадиг" цувралын тодорхойлолтод нийцэх тийм л хүн байна.

Түрүүчийн уншигчдаас саналууд ирж байгаа. Миний өөрийн нутгийн хошуу ноёны тухай сонирхолтой баримтууд гарч ирнэ гэж нэг хүн санал болгосон. Эрдэмтэн хүн хүртэл утасдаад, "дараагийн хүн нь ийм байвал зүгээр биш үү, би тэр хүнийг таньдаг" гээд санал болгох жишээтэй. Анхных нь их гоё хүн таарсан учраас цаашаа үргэлжлэх ирээдүй тод харагдаж байгаа.

.

-"Хүмүүн цадиг" цувралын тодорхойлолтыг харж байхад Ш.Цэрэнпил гуайн "Хэнээт" хөрөг санаанд буулаа. Тэнд ном цуглуулах сонирхолтой эгэл жирийн ажилчны тухай өгүүлдгээрээ ижил төстэй санагдлаа. Харин бичлэгийн өнгө аясын хувьд ялгаатай зүйл бий болов уу?

-Ерөнхийдөө адилхан, сонирхолтой байлгах талаасаа бүр ч дөхүү. "Сайн машин хийжээ, хүн суухыг нь мартчихжээ. Сайн ном бичжээ, хүн уншихыг нь мартчихжээ" гэж хэлүүлэхийг хүсээгүй. Энэ номыг хүн сонирхож, үйл явдалд нь автаж уншаасай гэдэгт бүх анхаарлаа төвлөрүүлсэн. Баримтууд бий. Гэхдээ үүнийг нуршиж тоочих биш хүнээрээ дамжуулж, сонирхолтой гаргаж ирэхийг хичээсэн.

.

-Номоо дуусгаад гол баатрынхаа гар дээр тавихад хэрхэн хүлээж авав. Танд ямар үг хэлсэн нь сонирхолтой санагдаад байна л даа?

-"Би хадан гэртээ явчихаж болно, харин энэ ном амьд үлдэнэ" гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод, ямар мундаг үг хэлчихэв ээ гээд өөрийн эрхгүй огшсон шүү.

.

-"Арван дөрөвтэй том хүн" таны хэд дэх ном вэ?

-Томоохон гэдэг үүднээсээ бол гурав дахь ном. "Өөхөнд хулдсан егөө" шог өгүүллэг, зургийг түүвэр, мөн "Хэцүү анги" киног роман болгож гаргасан. Харин энэ гурав дахь томоохон бүтээл. Сүүлийн дөрвөн жил дөрвөн кино хийх гээд номноосоо нэлээд хөндийрсөн. Одоо эргээд ном руугаа орж, "Арван дөрөвтэй том хүн" номоо гаргалаа.

.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
saikhan nom garsan bna lee. avsan oroigoo l nud salgalgui unshsaar duusgasan. zohiogch ni manai ahad beleglesen. engiin huniig ingej goyoor bichsen hecuu angiin amraad bayarlalaa. amjilt husii
2014-06-06
уншигч:
сайн зохиол байлгүй яахав дээ. чи өөрөө л олж уншаагүй юм байна л даа
2014-06-06
зочин:
сайн зохиол монголд байна уу
2014-06-06