Оюутан таеквондочид ДАШТ-ийг зорилоо
БНХАУ-ын Хөх хотноо энэ сарын 06-14-ний өдрүүдэд Дэлхийн оюутны аварга шалгаруулах таэквондогийн XIII тэмцээн болно. Энэ нь оюутнуудын хувьд хамгийн сүүлийн оюутны ДАШТ юм. Учир нь таэквондогийн төрөл БНСУ-ын Гуанжоу хотноо 2015 онд болох зуны универсиад наадмаас эхлэн үндсэн хөтөлбөрт багтан, хоёр жилд нэг удаа зохиогдож байх шийдвэр гарсан юм. Универсиадад ордог төрлөөр оюутны ДАШТ явагдаггүй уламжлалтай билээ.
Энэхүү тэмцээнд 40 орчим орны 400 гаруй баг тамирчид оролцоно. Манай улсаас эрэгтэйчүүдээс Б. Баатархүү, Ө.Амартүвшин, П.Тэмүүжин, М.Түмэнбаяр, Э.Энхтулга, Б.Түвшинжаргал, Б.Сэргэлэнбат, эмэгтэйчүүдээс С.Янжинлхам, И. Одсүрэн, З.Оюунбилэг нарын 10 тамирчны бүрэлдэхүүнтэй баг Хөх хотыг зорилоо.
Баг тамирчдын дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн Н.Эрдэнэбаатар, зөвлөх дасгалжуулагчаар БНСУ-ын мэргэжилтэн багш Хүр Ин Енг, албаны хүнээр Оюутны таэквондогийн холбооны тэргүүн Ж.Алдарбаяр, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар явж байна.
Тэмцээнд оролцох тамирчдыг Монголын оюутны спортын холбооны удирдлага өнөөдөр хүлээн авч уулзан, үүрэг даалгавар өгч, амжилт хүссэн. Оюутны ДАШТ-д манай тамирчид 1996, 2004, 2006, 2012 онуудад оролцож байсан билээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ