Өргөн, нарийн цариг нь хамгийн хэмнэлттэй, ашигтай хувилбар

img

Монголын төмөр замын инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч, доктор Ч.Сүрэнхорлоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

6

-Саяхан Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Энэ төслөөр нарийн, өргөн царигаар төмөр замаа  барихаар төлөвлөжээ. Та мэргэжлийн хүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Төмөр замын цариг дээр улстөрчид хоорондоо  нэг нь эдийн засгийн,  нөгөө нь геополитикийн ач холбогдолтой гэж маргалдаад байгаа юм. Ер нь бол яг адилхан нэг зүйл дээр  хоёр талаас нь маргалдаад байгаа юм. Өнөөдрийн төслөөр Тавантолгой-Хөөт-Нөмрөг рүү нарийн царигаар явах нь ач холбогдолтой. Өмнөх өргөн барьсан төсөл дээр Хөөтөөс Нөмрөг рүү өргөн цариг барихаар төлөвлөсөн байсан. Харин  Нөмрөгөөс цааш нарийн цариг байдаг. Тиймээс шилжүүлэх ачихаар болоод байсан юм. Нөмрөгөөс цааш 1300  километр яваад хойд Солонгосын боомт дээр очиж байгаа.

5

-Эдийн засаг талаасаа ямар ашигтай вэ?

-Энэ нь эдийн засгаа ч, цаг хугацаагаа бодсон ч хамгийн их хэмнэлттэй, ашигтай хувилбар юм.  Өргөн царигаар төмөр замаа явуулахад Увс аймгийн Арц суурийн боомтоос Кизилийн уурхай хүрнэ.  Кизилийн уурхай бол маш их нүүрсний нөөцтэй гэдэг. Эндээс Овоот-Эрдэнэт-Улаанбаатар төмөр замтай холбох  юм. Ингэснээр ОХУ, БНХАУ-ын төмөр зам руу аль аль талдаа экспортлохоос гадна цаг хугацааг ч хэмнэнэ. Ачиж, буулгаж цаг хугацаа алдаад байхгүй. Бизнесмэнүүд хурдан явна, ачаа бараагаа хурдан буулгана, ашиг орлогоо хурдан олно гэж бодож төлөвлөдөг. Түүнээс бус замдаа ачаа таваараа  дахин дахин ачиж буулган, нүүрсээ хог болгоод байх шаардлагагүй. Үүнээс зайлхийгээд нутгийн гүнд буюу Тавантолгой-Хөөт-Овоот зэрэг том нүүрсний уурхайнууд дээрээ өргөн рүү ч ачдаг, нарийн руу ч ачдаг нэгдсэн терминал байгуулах нь зүйтэй.  Өргөн цариг дээр хамгийн дээд тал нь 27 тонн хүргэе гэж оросууд төлөвлөж байна. Гэтэл нарийн царигийн нэг гол дээрх даралт нь 30 тонноос дээш байдаг юм. Хүнд даацын, урт бүрэлдэхүүнтэй, хурдан галт тэргийг бид явуулахаар зорьж байна. Энэ шаардлагыг өргөн цариг хангахгүй. Харин нарийн цариг энэ шаардлагыг бүрэн хангасан байдаг. Дэлхийд уул уурхай хөгжсөн  Канад, Австрали, Америк гээд олон орон нарийн царигаар үйл ажиллагаагаа явуулж байна.

5

-Тогтоолын төсөл батлагдвал хэдий хугацаанд шинэ төмөр зам баригдах бол?

-Хоёр хөршийн бүх зүйл нээлттэй байна. 2040 он хүртэл Европ, Азийн транзитын бодлогоо нээлттэй зарласан байхад манай бодлого хаалттай байгаа. Өнөөдөр Зам, тээврийн яамныхан сайдаасаа  эхлээд газрын дарга, мэргэжилтэнгүүд  нь хүртэл  ажлаа хийж чадахгүй, худлаа яриад, улстөржөөд байх юм. Шинэ төмөр зам барих төсөлд Засгийн газар Чингис бондын гуравны нэгийг гаргасан. Гэтэл хийх ажлын 30 хувьдаа ч хүрээгүй байгаа. Энэ байдлаараа 2015 он гэхэд шинэ төмөр замыг барьж дуусгана гэдэг бол үлгэр. Чингис бондыг зөв зарцуулаасай гэж бодож байна. Улс дамнасан худлаа зүйл яриад, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээгээд байж болохгүй. Мэргэжлийн хүмүүсийн хувьд үүнийг хараад сэтгэл өвдөх юм. Төмөр замын нарийн, өргөн цариг гэж бүтэн долоон жил ярилаа. Өнөөг хүртэл шийдэгдээгүй. Хууль бус тендэр зарлаж, Чингис бондын мөнгийг салхинд хийсгэж байна. Салбарын бус хүмүүс яаманд ажиллаж, бодлого алдагдаж байгаад харамсдаг. Тэд мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авах хэрэгтэй.

6

-Шинэ төмөр зам барих төсөл батлагдлаа гэхэд хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас босгох бол?

-Шинэ төмөр зам барих санхүүгийн эх үүсвэр байхгүй. Чингис бондын мөнгөөр цаасан дээр л ажиллалаа. Төмөр зам барихад  400 сая ам.долларын зардал гарна гэж төлөвлөж байсан нь өөрчлөгдсөн. Одоо 900 сая ам.доллараар хэрэгжих болж, төсөвт өртөг нь нэмэгдсэн байна. Чингис бондын хөрөнгөнөөс гуравны нэгийг нь төмөр зам барихад зарцуулахаар тусгаад авсан. Гэтэл одоо шинэ тооцооллоор эх үүсвэр нь нэмэгдлээ. Одоо 900 сая ам.доллараар тооцоод  гуравны нэгийг нь авъя гэж нэхэж байна.

6

-Энэ төсөл Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлоготой хэр уялдаж байна вэ?

-Огт таарахгүй байна. 2009 оны наймдугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёрын гарын үсэг зурсан санамж бичиг байдаг. Энэ санамж бичигт  Монгол Улсын төмөр замыг цааш нь өргөжүүлэн хөгжүүлэхдээ 1520 метрийн царигтайгаар хөгжүүлнэ гэж бичсэн байна. Энэ нь зөвхөн Оросоор дамжиж далайд гарна. Өөр хаашаа ч гарах гарцгүй гэсэн үг. Тиймээс Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого хэрэгжих үндэслэлгүй гэдэг нь амьдрал дээр батлагдаад байна. Мөн хоёр улсын бараа эргэлтийг нэг сая ам.долларт  хүргэнэ гэж заасан нь биелээгүй. Худалдаа наймаа либеральчилж,  хөрш орны хөнгөлөлт үзүүлнэ гэсэн боловч эсрэгээрээ татвар нэмэгдсээр ирлээ. Улаанбаатар төмөр зам өнөөдөр 65 жилийн ойгоо тэмдэглэж байна. 1949 оны гэрээгээ өөрчилнө гэж жилийн жилд ярьдаг боловч ч өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй явж ирлээ.

6

-Саяхан Улаанбаатар төмөр зам байгуулагдсаны 65 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ойн өдрүүдээр та төмөр замын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй, сэтгэл дундуур явжээ дээ?

-Жилд 20  сая тонн ачаа тээвэрлэлээ гэж төмөр замынхан цээжээ дэлдэж байна. Хэрвээ 20 сая тоннын ачаа таваар тээсэн бол олсон ашиг, мөнгө нь хаана байна вэ? Улаанбаатар төмөр замд өнөөдөр 20 сая тонныг байтугай 10 сая тонныг тээвэрлэх хүчин чадал байхгүй.  Тээврийн байгууллага ашиг орлого олох ёстой. Гэтэл улсаас зээл аваад өр, зээлээ дарж байна. Түлш, шатахуун худалдаж авч байж болохгүй. "Улаанбаатар төмөр зам"  Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 22 тэрбум төгрөгийн  зээлсэн байна. Энэ мөнгийг "Роснефть"-ээс  түлш авахаар  зарцуулжээ. Эсвэл Солонгосын "Энержи"-д зарцуулсан байна. Цаашлаад төмөр замын боловсон хүчний бодлого алга.  Шинэ төмөр зам барих гэж байхад гуравхан хүнийг гадаадад хоёр сарын сургалтад л явуулсан байх жишээтэй.  Манайхан гадаадын зөвлөх, туслан гүйцэтгэгч авлаа гэдэг. Гэтэл үр дүн нь гарахгүй байна. Монгол инженерүүдээ сургаад мэргэшүүлэх хэрэгтэй. Доороосоо эхлээд дээд дарга нар нь хүртэл худлаа яриад байна. Өнөөдөр Монгол Улсад ардчилал хөгжөөд 20 гаруй жил боллоо. "Улаанбаатар төмөр зам" ганцаараа 22 жил хойш ухарсан байна. "Railbus" гээд оруулж ирж байна. Бодвол хэн нэгний шахааны бизес байх. Нарантуулаас Хархорин захын хооронд бараагаа зөөх хүмүүс нь явна. Тэд 2500 төгрөг төлөөд явах уу. Өндөр үнэтэй зорчдог жуулчин биш шүү дээ. Өдөрт 3-4 удаа зорчино гэж байгаа. Тэр тоолонд огтлолцож байгаа автозамын түгжрэл нэмэгдэнэ.

6

-Төмөр замын дээд сургууль төгссөн мэргэжилтнүүд өнөөдрийн боловсон хүчний  шаардлагыг хангахгүй гэж үү?

-Төмөр замын дээд сургууль нэртэй болохоос бус техник мэргэжлийн хүмүүсийг л бэлтгэн төгсгөж байна. Төмөр замын дээд сургууль төгссөн хүн үзэг харандаа бариад, компьютерийн ард суугаад инженерийн тооцоо судалгаа хийж байгаа нэг ч хүн байхгүй. Тооцоо судалгаа хийж чадах ч үгүй. Тэндээс инженер ч биш, техникчин ч биш, машинист  ч биш мэргэжилтнийг бэлтгэн гаргаад байна.

5

-Төмөр замд парк шинэчлэл хийгдлээ гэдэг. Бас цэрэгжсэн дэглэмтэй, хариуцлага өндөртэй гэдэг шүү дээ?

-Ажилчид бол дотоод журам, дүрмийг баримтална. Харин томилогдон ирж байгаа  дарга нар мэргэжлийн бус хүмүүс. Тэд ямар үүрэг даалгавар өгнө, мэргэжилтнүүд түүнийг нь гүйцэтгэнэ.  Би зүтгүүрийн мэргэжлийн хүн. Өнөөдөр хамгийн өндөр хүчин чадалтай, найдвартай, хурдан түргэн зүтгүүрээр ачаа тээвэрлэх ёстой. Зардлынхаа бараг 60 хувийг нь иддэг зүтгүүртэй. Тос, түлшийг маш их зарцуулдаг хөдлөх бүрэлдэхүүнтэй  техник ажиллуулж байна. Техникийн шинэчлэл хийнэ гэхээр ОХУ-д ашиглалтын хугацаа нь дууссан зүтгүүрээ будаж, шунхдаад өгчихдөг. Гэтэл тэр нь ОХУ-даа явахгүй болчихсон, түлш ихээр зарцуулдаг болчихсон байдаг. Би үүнд ахмад төмөр замчны хувьд сэтгэл эмзэглэж байдаг юм.  Өнөөдөр шинэ төмөр зам бариулахаар "Самсунг" компанийг хууль бусаар тендэр зарлалгүй сонгож аваад байсан.  Одоо 200 сая ам.доллар зарцуулаад байгаа. Гэтэл  "Самсунг" нь  туслан гүйцэтгэгчээр компаниудыг сонгон авахдаа улс төрийн нөлөө их орж байна. Жишээ нь  "Суурь" компанийг туслан гүйцэтгэгчээр  авчээ. Энэ нь Ерөнхийлөгчийн худ ургийн хүн болох Чинболдын компани л гэнэ.  Цаашлаад "Женко"-ийн, УИХ-ын гишүүн Д.Гарамгайбаатарын компани туслан гүйцэтгэгчээр орсон гэх яриа байна. Сонгон шалгаруулалт явуулдаггүй. Одоо эх орноо бодох хэрэгтэй. Ингэхийн тулд бүгдээрээ бодлогоо ил тод явуулах хэрэгтэй. Төмөр замын салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг ажиллуулж улсаа хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ.

.

Ярилцлага өгсөнд танд баярлалаа.

:

Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Шотны
2020-07-31