Импортлогчдыг татварын дарамтаас чөлөөлсөн хууль болсон
УИХ өнгөрсөн долоо хоногт Гаалийн тарифын тухай, Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулан ГЕГ-ийн Гаалийн тариф, татварын газрын дарга Я.Эрдэнэчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
6
-Энэ хоёр хууль батлагдсанаар импортлогчдод ямар хөнгөлөлт үзүүлэх вэ?
-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар татварын холбогдолтой хоёр чухал хуулийг гаргалаа. ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор оруулж ирсэн тоног төхөөрөмжийг нь Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлүүлэн мөрдөхөөр боллоо. Уг хуулийг өмнө нь 2009 оны долдугаар сараас өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл мөрдөж байлаа. Үйлчлэх хугацаа нь энэ оны нэгдүгээр сарын нэгнээс дуусгавар болсон. ЖДҮ эрхлэгчдэд татварын ихээхэн хөнгөлөлт үзүүлсэн хууль боллоо. Гаалийн тарифын тухай хуулиар "Гаалийн болон НӨАТ-ыг Засгийн газар өөрийнхөө эрхийн хүрээнд хоёр сар хүртэл хугацаагаар хойшлуулж болох" заалттай байсан. Шинэчлэгдсэн хуулиар "Улсын чанартай томоохон төсөл арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж байгаа техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн иж бүрдлийг Гаалийн болон НӨАТ-ын төлөх хугацааг хоёр жил хүртэл хугацаагаар сунгах, эсвэл хоёр жилийн дотор хэсэгчлэн төлөх шийдвэрийг Засгийн газраас гаргаж болно" гэсэн заалттай болж байна. Энэ нь ихээхэн ач холбогдол бүхий заалт юм. Томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд өндөр үнийн дүн бүхий тоног төхөөрөмж, тэдгээрийг барихад зориулагдсан өндөр үнийн дүн бүхий барилгын материалууд орж ирдэг. Эдгээрийг үйлдвэрлэлээ байгуулаагүй буюу тухайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гарч эхлээгүй байгаа тохиолдолд импортлогчдод ихээхэн дарамт үүсдэг. Энэ асуудлыг Засгийн газар хэрэгжүүлэх гэж байгаа төсөл арга хэмжээний цар хүрээтэй уялдуулаад татварын төлөх хугацааг хоёр жил хүртэл сунгаж байна гэсэн үг. Тиймээс импортлогч нарт татварын дарамт үзүүлэхгүй чухал ач холбогдолтой хууль юм.
6
-ЖДҮ-ийг дэмжих зорилгоор үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж ирсэн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөллөө. Хичнээн тоног төхөөрөмж татвараас чөлөөлөгдөх бол?
-Засгийн газрын 193 дугаар тогтоолоор батлагдсан жагсаалт 2013 оны 12 сарыг дуустал үйлчилж байсан. Энэ жагсаалтын хүрээ нэмэгдэх байх. ЖДҮ-д уул уурхай, автозам, газрын тосны салбар хамрагдахгүй. Бусад салбар хамрагддаг. Нийт татвараас чөлөөлөгдөх жагсаалт нь ойролцоогоор 1046 тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл багтдаг юм. Жилд 20-33 тэрбум төгрөгийн татварын чөлөөлөлт үзүүлсэн байдаг. ЖДҮ гэхээр иргэн өөрөө хамрагдаж, чөлөөлөгдөх заалттай.
5
-ЖДҮ гэсэн ангилалд ямар шалгуур тавьдаг бол?
-199-оос доош ажиллагсадтай, жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүд ЖДҮ-ийн ангилалд багтдаг.
6
-Гаалийн бүрдүүлэлт хийхэд ямар төрлийн бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Гаалийн бүрдүүлэлтээ л үзүүлнэ. Гадаад худалдааны гэрээ, үнийн нэхэмжлэл, тээврийн баримт. Татварын чөлөөлөлт эдэлж байгаа учраас тухайн импортлогч өөрийгөө ЖДҮ эрхлэгч гэдгээ баталгаажуулах эрхтэй. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн гэрчилгээн дээрээ ЖДҮ эрхлэгч гэдэг тэмдэглэгээгээ хийлгэсэн байх шаардлагатай.
6
-Хуулийн буцаж үйлчлэх үү? Батлагдахаас өмнө тоног төхөөрөмж оруулж ирсэн ЖДҮ эрхлэгчдийн төлсөн татварыг буцааж өгөх үү?
-Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжихээр заасан байгаа. Тиймээс буцаан үйлчлэхгүй.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ