НӨАТ-ын босгыг 50 сая хүргэхийг бизнес эрхлэгчид дэмжихгүй байгаа гэв

img

АН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт Байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хэлэлцэж, хүлээгдэж буй чухал хуулиудыг яаралтай батлах шаардлагатай гэдэг дээр саналаа нэгтгэсэн аж. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд “Өглөө бүр сануулж бай” гэдэг шиг АН-ын бүлэг хуралдаан бүртээ нийгэмд тавигдаж буй шаардлага, эдийн засгаа идэвхжүүлэх ажлын талаар байнга, нухацтай ярилцаж байгааг онцоллоо. Тэрээр цааш нь хэлэхдээ:

й

Энэ 100 хоног маш богино, давчуу хугацаа ч гэлээ бид, ялангуяа, УИХ дахь АН-ын бүлэг  эдийн засгийн эрх зүйн орчныг эрүүлжүүлэх талаар тодорхой ажлуудыг амжуулах ёстой. Өнөөдрийн энэ эдийн засгийн хүндрэл бидэнд нэг зүйлийг ойлгуулсан. Энэ юу вэ гэхээр Монгол Улсад бизнесийн орчныг төрөөс хараат бус байлгах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчин бэлэн байгаагүй гэдэг нь сүүлийн үеийн үйл явдлуудаар маш тодорхой нотлогдож байна. Өнөөдөр УИХ-аар хэлэлцэгдэхээр маш олон хуулийн төслүүд хүлээгдэж байна. Тухайлбал: Ашигт малтмалын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Бараа, үйлчилгээг сонгон шалгаруулах тухай хууль, НӨАТ-ын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн болон Аудитын тухай хууль, Газрын тухай хууль, Төсвийн тухай хуулийн шинэчлэл хүлээгдэж байна. Энэ бол эдийн засгаа либеральчлах, бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөхөд чиглэгдсэн үйл ажиллагаа гэдгийг хаа, хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой.

й

Түүнээс гадна зайлшгүй өөрчлөх ёстой, Засгийн газраас өргөн барьж байгаа хуулийн төслүүд бий. Эдгээр нь зөвхөн энэ 100 хоногт ч биш, ер нь эдийн засгийг зөв зам руу оруулахад чиглэгдсэн, Ардчилсан намын бодлого, мөрийн хөтөлбөрт тусгагдсан хуулийн төслүүд юм. Тухайлбал, Тусгай зөвшөөрлийн тухай хууль байна. Манай улсад ямар нэг үйл ажиллагаа явуулахын тулд 1000 гаруй тусгай зөвшөөрөл авдаг байсныг болиулж, 300-д хүргэх хэрэгтэй байна. Энэ ажил 100 хоногийн хөтөлбөрт тусгагдан төлөвлөгдсөн байгаа. Бизнесийн эрх зүйн орчны шинэтгэлийн хүрээнд Эдийн засгийн чөлөөт бүсийн асуудлыг нэн яаралтай оруулж ирэх шаардлагатай байгаа. Хилийн боомтын тухай хуулийг бид баталсан. Хилийн боомт дээрх эдийн засгийн чөлөөт бүс ямар зохицуулалттай байх вэ гэдгийг шийдвэрлэх энэ хуулийн төслийг зайлшгүй өргөн барьж, хэлэлцэх ёстой гэж АН-ын бүлэг үзсэн гэлээ.

й

Төр эмнэлэг, сувилал, зочид буудлын үйлчилгээ үзүүлдгээ болих хэрэгтэй

ф

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол төрийн өмч. Энэ асуудлыг нэг тийш шийдэх цаг болсон. Алдагдалтай ажиллаж буй төрийн өмчийн компаниудыг дуудлага худалдаагаар хувьчилна. Нэн тэргүүнд төр эмнэлэг, сувилал, зочид буудлын үйлчилгээ үзүүлдгээ больж, эдгээр үйлчилгээний байгууллагуудыг хувьчлах асуудлыг, түүнчлэн цаашдаа, дунд хугацаандаа ямар, ямар төрийн өмчийн үйлдвэрүүдийг хувьчлах вэ гэдэг жагсаалтаа нэн яаралтай оруулж ирэхийг Засгийн газарт үүрэг болгосон.  Энэ маягаар төрөөс хараат байдлыг маш хурдан либеральчилж, хувьчлах чиглэл рүү нь явуулах цаг болсон гэдэг дээр бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн гэдгийг Д.Эрдэнэбат дарга мэдэгдлээ.

й

Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шилэн дансны тухай хуулийг Засгийн газраас дахин өргөн барьж байгаа. Энэ хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж АН-ын бүлэг үзэж байгаа. Өмнө өргөн бариад унасан Шилэн дансны тухай хуулиар буруу тайлбар хийсэнд харамсч байна. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан АН-ын бүлгийн зүгээс татгалзсан, түдгэлзсэн зүйл байхгүй. Гагцхүү дагалдах хуулиуд нь дутагдалтай байсан учраас үүнийгээ гүйцээх шаардлагатай хэмээн буцаасан гэдгийг бүлгийн дарга тайлбарлалаа.

й

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бол бүх зүйлээ тунгалаг болгох гарааны хууль

ы

АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцлээ. Энэ нь аж ахуйн нэгж өнөөдрөөс эхлээд санхүү болон хөрөнгөө ил тод мэдээлээд, цаашид бүх зүйлээ тунгалаг болгох гарааны хууль гэж ойлгож байгаа. Бид нуугдмал хөрөнгөө ил болгох ёстой. Иргэн бүр, ААН бүр санхүүгийн тайлангаа ил тод гаргадаг жишиг рүү очих цаг болсон. Түүнчлэн Өршөөлийн тухай хуулийг өргөн барих хэрэгтэй. “Шударга-Ёс” эвслээс энэ хуулийн төслийг өргөн барьсан. Гэхдээ логикын хувьд Засгийн газар Өршөөлийн тухай хуулийг өргөн барих нь зүйтэй гэж АН-ын бүлгийн гишүүд үзсэн тул энэ хоёр хуулийн төслийг хамтад нь хэлэлцээд явахад буруугүй гэдгийг бүлгийн дарга хэллээ.

й

Түүнээс гадна Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юун дээр тулгуурлаж байгаа талаар Сангийн сайдын мэдээллийг сонсч, гишүүд саналаа илэрхийллээ. Зарчмын зөрүүтэй саналууд гарсан. Бид нэлээд нээлттэй хэлэлцүүлж, бизнес эрхлэгчид болон иргэдэд ээлтэй хэлбэрийг сонгох ёстой гэдэг  байр суурьтай байгаа.

й

Тендерийг өвөл зарлаж байх нь зохистой

х

Бүлгийн хуралдааны эцэст Бараа, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ хуулийн төсөл дээр Ажлын хэсэг болон намуудын бүлгүүд дээр санал зөрөлдөөнтэй асуудлууд нэлээд гарч байгаа гэдгийг Д.Эрдэнэбат дарга хэллээ. Тэрээр одоо үйлчилж буй Тендерийн тухай хуульд хэд хэдэн анхаарал татах асуудал байгааг онцоллоо. Юуны өмнө хүнд суртал ихтэй, бага үнийн гэдэг шалгуур дээр үндэслэж, хамгийн чанаргүй ажил, үйлчилгээг авдаг тогтолцоо болж хувирсан. Ажил, үйлчилгээг маш богино хугацаанд үзүүлэх ёстой. Түүнчлэн Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаа энэ хуулинд нийцэж байна уу, үгүй юу, Засгийн газар болон орон нутгийн эрх хэмжээ ямар байх ёстой вэ гэхчлэн зөв зохицуулалтуудыг хийж өгөх ёстой. Үүнээс гадна таван хувийн гүйцэтгэлийн баталгаа нь хэр зэрэг бодьтой тоо вэ гэдгийг эргэж харах хэрэгтэй гэсэн саналыг бизнес эрхлэгчдээс гаргасан. Хэрэв гүйцэтгэлийн баталгааг ажил, үйлчилгээ дуустал банкинд байршуулж байгаа бол банк хүү төлөх үү, үгүй юу гэдэг асуудлыг ч ярих ёстой.

й

Түүнээс гадна төр, ААН-ийн хооронд үүсч буй гэрээний харилцаанд төр ямар хариуцлага хүлээх ёстой вэ, энд тэгш зарчим байх ёстой юу, үгүй юу гэдгийг бид бас эргэн харах ёстой. Энэ бол АН-ын бүлгийн байр суурь. Тендерийн тухай хууль батлагдсанаар аливаа хүнд суртлыг багасгаж, чанар, стандартын шаардлагыг хангах ёстой. Төсөв хийдэг байгууллага, геологи, хайгуул хийдэг байгууллага, барилгын гүйцэтгэгч хамтраад нэг баг болж, тендерт оролцох нь зөв юм бишүү гэдэг асуудал бас яригдаж байгаа.

йц

Мөн урьдчилгаа гээд 50 эсвэл 100 сая төгрөг өгөөд, ажил сэглэдэг байдлыг зогсоохын тулд урьдчилгааны асуудлыг эргэж харах ёстой юм биш үү гэдэг асуудал бас гишүүд хөндсөн. Түүнчлэн тендер зарлах хугацааг өвөл болгоё, хэрэв өвөл болговол төсвийн жилийг өөрчлөх асуудал бас урган гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай хуульд дахин өөрчлөлт оруулах шаардлагатай болно гэсэн үг. Хэдийгээр энэ бүхэн олон жилийн туршид хуримтлагдсан манай төрийн уялдаа холбоогүй ажлын уршиг боловч үүнийг засах нь бид бүхний үүрэг гэж АН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэлээ хэмээн бүлгийн дарга Д.Эрдэнбат мэдэгдсэн юм.

й

С.Одонтуяа: Ажлын хэсэг бизнес эрхлэгчидтэй санал солилцсон

й

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулах үеэр тус намын дэд дарга С.Одонтуяа Нэмэгдсэн өртгийн албан татварын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ "Нэмэгдсэн өртгийн албан татварын талаар бүлгийн хурал дээр гишүүд маань санал солилцлоо. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн бизнес эрхлэгчидтэй уулзсан. Энэ үеэр тэдэнд НӨАТ-ын шинэчилсэн найруулгын талаар танилцуулсан. Мөн нэршлийн хувьд НӨАТ байх уу эсвэл худалдааны татвар гэх үү гэдэг дээр бизнес эрхлэгчдийн саналыг сонссон. НӨАТ-ын босго дүнг 50 сая төгрөгөөс дээш байхаар Засгийн газраас оруулж ирсэн. Энэ талаар бизнесийнхэнтэй санал солилцоход тэд “50 сая төгрөг гэдэг босго бизнес эрхлэгчдийг дэмжих биш харин ч сөрөг үр дагавар авчирна. Бүх бизнес эрхлэгчид, иргэд НӨАТ-ыг жигд төлдөг, босгогүй байх нь зүйтэй юм гэдгийг хэлж байсан. Ажлын хэсэг эдгээр саналыг нэгтгэн, хуулийн төсөлд тусгаад, дүгнэлтээ байнгын хороонд танилцуулна. НӨАТ-ын хамгийн гол ач холбогдол гэвэл буцаан олголтоороо далд эдийн засгийг ил болгодог, энэ аргыг дэлхийн олон оронд ашигладаг" гэлээ.

й

Энэхүү мэдээллийн дараа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  

1

-Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг томилох асуудалд намын бүлгийн  байр суурь хэвээрээ байгаа юу?

-Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайдын суудалд хэнийг дэвшүүлэх гэдэг дээр Ардчилсан намын байр суурь хэвээрээ байгаа. Энэ 7 хоногт асуудал хэлэлцэгдээд явна.

1

-Зургаан аймгийг хатуу хучилттай автозамаар холбох ажлаас хоёр аймгийн төсөв мөнгийг танасан гэх мэдээлэл байна. Эсвэл бүгдийг нь ингэж танаж байгаа юм уу?

-Аймгуудыг автозамаар холбож дуусах Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэвээрээ хэрэгжиж байгаа. Концессын тендерийн үйл ажиллагаа долоодугаар сарын 1-нд дуусна. Замын ажил хийгдээд явна.

1

-Сонгуулийн хуулийг энэ долоо хоногоос идэвхижүүлнэ гэлээ. Идэвхижүүлэх тал дээр ямар, ямар асуудал дээр тогтож ярих вэ?

-Сонгуулийн хуулинд бидний баримталж байгаа бодлого яг хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, бид холимог системээ цаашид хадгалж явах нь зүйтэй гэсэн байр суурин дээр байгаа. Пропорцианаль нь 50 хувь, можаратор нь 50 хувь байх ёстой гэсэн зарчмын байр сууриа Ардчилсан нам илэрхийлсэн. Энэ байр суурин дээрээ өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа.

1

-Улс төрийн намын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогт ахлан ажиллаж байгаа. Ажлын явц ямар байгаа вэ?

-Намын тухай хуулинд ганц зүйл дээр тохиролцохгүй байх шиг байна. Тэр нь намын өмчийн асуудал нэлээд маргаан дагуулж байгаа юм байна. Гишүүнчлэлтэй байх, байхгүй тухай асуудал мөн маргаан дагуулж байгаа. Тийм учраас маргаантай байгаа асуудлыг УИХ-д татаж оруулах нь ямар байх бол гэсэн эргэлзээ байна. Үүнийг нэг тийш нь болгож чадвал энэ асуудал УИХ-д яригдана.

1

-Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг Засгийн газар боловсруулсан байгаа юу. Цензурийг нь хэрхэн тавих вэ?

-Эдийн засгийн ил, тод байдлын тухай хууль гэж нэрлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгж өнөөдрөөс эхлээд өөрийнхөө байгаа санхүү болон хөрөнгөө ил тод мэдээллээд цаашид бүх зүйлээ тунгалаг болгох ёстой гэсэн хууль юм. Хүнийг гэмт хэрэг талаасаа илүү эдийн засгийн зөв либералчлал иргэн хүн өөрийнхөө өмч хөрөнгийг нээлттэй мэдээлж цаашаа авч явах боломжийг нээх гарааны хууль гэж ойлгож байгаа. Ямарваа нэгэн эрүүгийн хуультай холбоотой асуудлаар ямар, ямар заалт орж ирэх нь өргөн баригдсаны дараа Хууль зүйн яам тодорхой тайлбарыг хийх байх.

1

П.Наран

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ