АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн даргаар Л.Төр-Од сонгогджээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 62 дугаар зарлигаар шинэчлэн байгуулагдсан АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл анхны хурлаа энэ сарын 04-ний өдөр хийж, зөвлөлийн дотоод зохион байгуулалтын асуудал, үйл ажиллагааны зарчим болон ойрын үед хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар хэлэлцсэн байна.
:
Үйл ажиллагааны журмын дагуу ОНЗ-ийн гишүүд нь дотроосоо даргаа сонгох ба гурван дэд зөвлөлд хуваагдан үйл ажиллагаа явуулах ёстой. Тэгвэл уг зөвлөлийн даргаар Л.Төр-Од, Бодлогын дэд зөвлөлийн ахлагчаар П.Эрдэнэжаргал, Олон нийтийн харилцааны дэд зөвлөлийн ахлагчаар Д.Цэрэнжав нар тус тус сонгогджээ. Харин Хүний эрх-үйл ажиллагааны дэд зөвлөлийн ахлагчийг дараагийн хурлаар сонгохоор болсон аж.
:
Олон нийтийн зөвлөл нь бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, зорилтуудаа тодорхойлох, зөвлөлийн болон дэд зөвлөлүүдийн 2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж энэ зургаадугаар сард багтаан батлахаар тохиролцсон байна. Тус зөвлөлийн дарга Л.Төр-Од Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболдтой уулзаж тус хуралдааны талаар мэдээлэл өгчээ. Мөн Олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааг хуульд заасан дэмжлэг үзүүлэх, тодорхой асуудлаар мэдээлэл авах хүсэлтээ уламжилжээ.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ