Ч.Нямдаваа: 12 хүнд холбогдох 46.522.040 төгрөгийн хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 48 дүгээр зарлиг, Мэргэжлийн хяналтын Улсын Ерөнхий байцаагчийн албан даалгаварын дагуу хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, Ойн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах шалгалтыг аймаг бүрийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулжээ. Энэ тухай МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваагаас тодрууллаа.

.

-Та хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх зорилгоор аймгуудад хийсэн шалгалтын талаар мэдээлэл өгөөч?

-Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, ойн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийт есөн аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар орон нутагтаа шалгалт хийгээд байна. Хууль бусаар мод бэлтгэх нь урьдын жилүүдтэй харьцуулахад багасаж байгаа. Гэвч зөрчлүүд гарсаар байна. Тухайлбал, хяналт шалгалтын явцад Хөвсгөл аймагт хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн, худалдсан 34 зөрчлийг илрүүлж, 38 иргэнд 1.983.000 төгрөгийн захиргааны хариуцлага тооцсон. Мөн 137.4 метр куб мод, хоёр замтай хөрөө, нэг тацант хөрөөг улсын орлого болгож, зургаан хэрэгийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байна. Шалгалтын явцад хууль бусаар бэлтгэгдсэн 680 куб.метр орчим мод модон материалыг хурааж, улсын орлого болгосон. Энэ мэтчилэн шалгалтын үеэр илэрсэн зөрчлүүдийг шийдвэрлэж байгаа.

.

-Хууль бус маод бэлтгэгчдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах тохиолдол аль хэр гарч байна вэ?

-Ойн тухай хуулийн хамгийн гол заалт бол наадах чинь. Хуулиндаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний модыг хууль бусаар бэлтгэсэн тохиолдолд Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж, шийдвэрлэж байгаа.  Шалгалтын явцад Архангай аймагт ойн тухай хууль зөрчсөн 12 иргэнд холбогдох 46.522.040 төгрөгийн хохирол учруулсан 16 хэргийг эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар харьяа цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Мөн ийм тохиолдол Төв, Хэнтий зэрэг аймгуудад гарсан.

:

-Ойн хамгаалалтын хувьд ямар түвшинд байна?

-Орон нутгийн байгаль орчны болон  мэргэжлийн хяналтын байцаагч нар хууль хяналтын байгууллагатай хамтран пост гарган ажиллаж байгаа. Мөн иргэд, аж ахуй нэгж байгууллагууд ойг гэрээгээр хамгаалдаг болсон. Экологи эдийн засгийн үнэлгээ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь хууль бус мод бэлтгэл багасахад нөлөөлсөн. Түүнчлэн шалгалтаар зарим аймгуудын модны зах зарим постод хяналтын камер байрлуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ сараас Өвөрхангай аймгийн мод, модон материалын орох, гарах хаалга, Онгийн голын пост, Түгийн овооны замуудыг 24 цагийн турш камераар хянахаар болсон.

:

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ