Фэйсбүүкийн залилангаас болгоомжил

img

Ойрын үед гадаадын зохион байгуулалттай гэмт бүлэглэл манай улсын иргэдээс бага бус хэмжээний бэлэн мөнгийг хуурч мэхлэх арга замаар шилжүүлүүлж авах гэмт хэрэг үйлдэгдэж байна.

:

Уг гэмт хэргийг ихэвчлэн Фэйсбүүкийг ашиглан үйлдэж байгаа юм. Тодруулбал, иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө өгөх, санамсаргүй байдлаар сугалааны эзнээр сонгогдсон байна гэх зэргээр холбоо тогтоох. Итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор утсаар хэдэн удаа холбогдох, цахим шуудангаар харилцах, сүүлийн тохиолдлуудад хуурамч батламж, тодорхойлолт болон мастер, виза зэрэг төлбөрийн картуудыг шуудангаар илгээж бодит мэт ойлголтыг төрүүлдэг болоод байгаа аж. Таны гар утас, цахим шуудан, фэйсбүүк хаягуудаар гэмт хэргийн анхны мэдээлэл очдог. Хэрэг үйлдэгчид нь ихэвчлэн бүлгийн зохион байгуулалтанд орж дэлхийн өнцөг булан бүрээс хэн нэгнийг залилахаар ангуулчилж байдаг байна.

:

Манай улсын иргэд эхнээсээ энэ хэргийн хохирогч болсоор байна. Тухайлбал, Баянгол дүүргийн харьяат А нь 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 2550 ам.доллар, Хөвсгөл аймгийн харьяат иргэн А нь 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 7850 ам.доллар, Хөвсгөл аймгийн харьяат иргэн Б нь 2014 оны 4 дүгээр сард 56 сая төгрөг, Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Д нь 2014 оны 6 дугаар сард 1600 ам.долларыг тус тус шилжүүлж сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирч үлдсэн хэргүүд Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг.

:

Цагдаагийн байгууллагын зүгээс энэ тал дээр тухай бүр шаардлагатай арга хэмжээг авч тухайн улсын холбогдох албадтай хамтран ажиллаж байгаа боловч шууд таслан зогсоох боломжгүй байгаа аж. Тиймээс иргэд, олон нийтийг үл таних гадаадын иргэдтэй интернэтээр харилцахдаа анхаарал болгоомжтой байж, хувийн болон бизнесийн мэдээллээ харилцан солилцохгүй байх. Урамшуулал, сугалаа, бэлэг, өв залгамжлах болон бусад агуулгаар таны компьютер, гар утсанд ирсэн аливаа мэдээлэлд хянамгай байж, урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ