"Цагаан суврага"-т төр хувь эзэмшихгүй
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Цагаан суврагын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай төслийг гишүүн Д.Ганбат танилцуулсан юм. Цагаан суврагын ордоос төр 34 хувийг эзэмшихээр УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байлаа. Харин Ажлын хэсэг нийт хоёр удаа хуралдаад Цагаан суврагын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн байна. Учир нь:
:
- Цагаан суврагын зэс-молбединий орд нь харьцангуй жижиг. "Эрдэнэт"-ийн зэс-молбединий ордын хүдрийн нөөцөөс долоо дахин, "Оюутолгой"-н зэс, алтны ордын хүдрийн нөөцөөс 27,8 дахин байна. Тиймээс Эрдэнэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс батлагдсан Цагаан суврагыг ашиглах ТЭЗҮ-ээр жилд дунджаар 155,4 тэрбум төгрөгийн орлоготой ажиллана. Үүнийг ДНБ-тэй харьцуулахад 4 орчим хувьтай тэнцэж байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн стратегийн ордын шалгуурт тавигдах 5-аас дээш хувийн шалгуурт хүрэхгүй байна.
- ДНБ эзлэх Монгол Улсын нийт өрийн хэмжээ хуулийн дагуу 40 хувь байх ёстой бөгөөд төрийн 34 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтын Засгийн газрын бонд гарган эзэмших боломж хязгаарлагдмал юм.
- Цагаан суврагын ордын геологи хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг 2005 онд буюу тухайн үед мөрдөгдөж байсан 1997 оны Ашигт малтмалын тухай хууль болон тухайн үеийн Засгийн газрын тогтоолыг үндэслэн бүрэн төлж барагдуулсан байна.
- Цагаан суврагын ордын ашиглалтын нийт хугацаанд улс болон орон нутгийн төсөвт нийт 3,2 их наяд төгрөгийг, үүнээс 178,7 тэрбум төгрөгийг жил бүр төвлөрүүлэх ба зэсийн үнийн өсөлтөөс хамааран төсвийн орлого нэмэгдэх бүрэн боломжтой.
- Төрөөс эрдэнэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт зааснаар төрийн зохицуулалтыг бүртгэл зөвшөөрөл, хяналтын төвшинд төгөлдөржүүлж, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаанд оролцохыг зохистой түвшинд байгуулах гэсэн заалттай нийцсэн гэж үзжээ.
:
Ажлын хэсгийн гишүүд дээрх үндэслэлээр Цагаан суврагын ордыг төр эзэмших шаардлагагүй гэж үзсэн байна. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Тлейхан:
:
-Энэ ордын 34 хувийг Монголын тал эзэмшинэ гэвэл 350 сая ам.долларын хөрөнгө гаргах болоод байгаа. Ийм их хөрөнгө гаргах нь хязгаарлагдмал юм. Нөгөө талаас төрөөс гаргасан хайгуулын хөрөнгийг одоо ашиглаж байгаа компани нь төлж барагдуулсан байна. Татварыг Монголын талд төлж байгаа гэдэг утгаар нь төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзэж байгаатай санал нэг байна. Цаашдаа ордын байдал, түүний ач холбогдол, том жижгээс хамааран хувь эзэмших үү, бүтээгдэхүүн, орлого хуваах үү гэдгийг хэлэлцэх шаардлагатай.
.
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан:
-Цагаан суврагын ордын төрийн эзэмшлийг хувь хүртэх шаардлагагүй гэж үзэж байгаа юм байна. 1997 оны Ашигт малтмалын хуулийн дагуу төрийн хийсэн хайгуулын хөрөнгийг уг компани төлжээ. Төрийн эзэмших 34 хувь дээр их хэмжээний хөрөнгө гаргана гэж болгоомжилжээ. Уг нь тогтоолын төслөөс Цагаан суврагын орд гэсэн нэрийг хасчихвал ямар вэ? гэсэн санал хэлж байлаа. Ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат "Бид хууль судалж, зөвлөгөө авсан. Үүнд Цагаан суврагын ордын нэрийг тогтоолын төслөөс хасах шаардлагагүй юм билээ" гэлээ.
.
Ингээд УИХ-ыг Дэгийн тухай хуулийн дагуу санал хураалт явууллаа. Цагаан суврагын ордыг төр эзэмших шаардлагагүй гэсэн санал хураалт явуулахад байнгын хороодын гишүүдийн дийлэнх нь дэмжив.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ