Т.Галсан: Оюутолгойн алдагдал бол хэлний алдаа байсан юм шүү

img

Төрийн ордонд өчигдөр Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын гишүүд өргөн барьсан Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцсэн юм. Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол хэлний тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг дэмжсэн юм.

й

Уг хэлэлцүүлэгт Төрийн хэлний Ажлын албаны дарга Ж.Нэргүй, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийг эрдэмтэн, доктор Б.Түвшинтөгс, МУИС-ийн Монгол хэл судлалын тэнхимийн эрхлэгч М.Баярсайхан, МУБИС-ийн Монгол хэл судлалын хүрээлэнгийн захирал Ц.Өнөрбуян, Төрийн хэлний зөвлөлийн албаны зөвлөх Т.Галсан нарын хэл бичгийн ухааны “акул”-ууд уригдан ирсэн байлаа. Гэвч тэдэнд хэлэлцүүлгийн үеэр санал бодлоо илэрхийлэх боломж төдийлөн олдсонгүй гишүүд ээлжлэн ярьсаар байсан юм. Байнгын хуралдааны төгсгөлд буюу санал хураахын өмнөхөн Т.Галсан гуай амжиж гараа өргөснөөр байнгын хорооны даргаас үг хэлэх зөвшөөрөл олж авав.

й

Ардын уран зохиолч Т.Галсан гуай хэлэхдээ “Би 80 гаруй насыг туулахдаа тун цөөхөн удаа баярласан. Өнөөдөр маш их баярлаж байна. Учир нь миний сонгосон, миний ард түмний сонгосон УИХ-ын гишүүд өнөөдөр төсвийн цоорхойг хэрхэн нөхөх вэ гэж хэрэлдэж суухын оронд эх хэлээ яаж аврах вэ гэдгийг хэлэлцэж байгаа нь сайхан цаг үе ирж байгааг харуулж байна. Гадаа гудамжинд гараад монгол хүн төөрдөг болчихлоо. Өвөө, ач хоёр хоорондоо ойлголцохгүй, дунд нь аав, ээж хоёр нь орчуулга хийдэг болжээ. Гадаадад амь зуулгын эрхээр амьдарч байгаа хүмүүс монгол цустай болохоос харь хэлтэй болж, монгол нэртэй хүний тоо цөөрч байна. Үүнийг та бүхэн олж харсанд баяртай байна.

й

Бид үгийн үнэ цэнийг мэдэхгүйн гайгаар дэлхийн дээрэмчидтэй харилцах түвшинд хүрээгүй. Оюутолгойн алдагдал бол хэлний алдаа байсан юм шүү. Энэ бүгдийг залруулах, алдаанаасаа суралцах, аврах ухаан Их хуралд маань байгаад баярлаж байна. Та бүхэн ирээдүй хойчоосоо ичих нүүртэй байгаад баяр хүргэе. Энэ бол жирийн нэг хууль биш амин чухал хууль. Монгол улс оршин тогтнох нэг чухал үндэс. Нэг хэсэг би монголчууд дохионы хэлтэй улс болох нь, багш нар нь 29-р сургуульд багшлах нь гэж сэтгэл түгшиж явсан. Гэтэл үгүй юм байна. Монгол Улс эх хэлний тухай хуультай болох нь, бид зүтгэнэ шүү хэмээн талархал, амлалтыг хослуулан өгүүлсэн юм.

й

Ёж, ёгт үгээрээ хэнийг ч өмнөө гаргахгүй хашир өвгөн “эсэргүүн” үг хэлсэн гишүүдийг ч тоншоод авахаа мартсангүй. Тухайлбал, хэлэлцүүлгийн үеэр Ё.Отгонбаяр гишүүн “Дэлхий нийтээр даяаршиж буй энэ эрин үед дангаарших бодлогыг баримтлах нь зөв үү гэдгийг бодолцох ёстой. Түүнчлэн хуульд латин үсгийн талаар тодорхой заалт оруулж ирэх шаардлагатай” гэсэн утга бүхий үг хэлсэн. Харин энэ нь түүнд таалагдаагүй гэдгээ илэрхийлэхдээ “Ё.Отгонбаяр гэгээрлийн сайд байсан болохоор жижиг гэлтгүй асуудлыг зориуд өдөөж хэлж байгаа юм. Түүнээс ээжийнхээ сүнсний өмнө нүгэл үйлдэх гээгүй гэдэгт нь би итгэж байна. Ё.Отгонбаярын ээж бид хоёр нэг ангид сурдаг байсан юм” хэмээн латин үсгийг монгол хэлэнд хэрэглэхийг хуулиар зөвшөөрөх далд санаархал цухалзуулсан эрхэм гишүүнийг улайтал нь хэлээд авсан.

й

Түүнчлэн Эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд яаралтай хэлэлцэж, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд өчнөөн байхад Монгол хэлний тухай хуулийг  ингэж яарч хэлэлцэх нь цагаа олоогүй хэрэг хэмээсэн С.Дэмбэрэл гишүүнд хандаж, “С.Дэмбэрэл гишүүн түрүүнд 100 хоногт хэлэлцэх хууль биш гэлээ. Үнэн хэрэгтээ тэр 100 хоног биш зуу, зуун жилд Монгол Улсыг аврах хууль юм шүү гэдгийг хэлүүлэх гэсэн байх” хэмээн Галсан гуай егөөдөөд авна лээ.

й

Тэрбээр гишүүдэд хандан, дахин дахин талархал илэрхийлж байсан нь зусартаа биш урамшуулан сайшаах маягаар энэ ажлаас ухарч болохгүй юм шүү хэмээн сануулсных болов уу.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ