Шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулна

img

Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яамнаас  “Монгол Улсын орчин үеийн дипломат алба - 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг  2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр  зохион байгуулна. Бага хуралд ШУА-ийн ОУСХ-ийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан О.Батсайхан  “1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгал ба VIII Богд Жавзандамба хутагт”, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, ахмад дипломатч Т.Төмөрхүлэг “Богд Хаант Монгол Улсын талаар их гүрнүүдийн баримталж байсан бодлого, байр суурь”, судлаач Баабар “1928-1945 оны Монгол Улсын гадаад бодлого”, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Д.Мөнх-Очир “1945-1966 оны Монгол Улсын гадаад бодлого”, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Ж.Чойнхор “1966-1990 оны Монгол Улсын гадаад бодлого”, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Ц.Гомбосүрэн “Өөрчлөлт шинэчлэлтийн эхэн үеийн гадаад бодлогын онцлог”, Стратегийн  судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын суурь зарчим”,   Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Б.Батхишиг “Гадаад бодлогын үзэл баримтлалын зарим асуудал”, Геополитикийн хүрээлэнгийн захирал  Д.Мягмар “Геополитикийн аюулгүй байдал ба шинэ нөхцөл байдал”, МУИС-ийн Олон улсын судлалын тэнхимийн эрхлэгч Ж.Баясах “Монгол, Хятадын харилцаа 60 жилд” сэдвээр тус тус илтгэл тавина. Тус бага хуралд УИХ-ын АБГББХ-ны гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын зөвлөхүүд,  ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, Стратегийн судалгааны хүрээлэн, Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Геополитикийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэд, судлаачид, ГХЯ-ны дипломат ажилтнууд оролцоно. Мөн бага хурлын үеэр ГХЯ-наас оюутнуудын дунд зохион байгуулсан “Монгол Улсын гадаад бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд тэргүүн байр эзэлсэн оюутнуудад шагнал гардуулах ёслол болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ