Бан Ги Мүний Шадар туслахтай уулзлаа

img

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн орлогч бөгөөд Ази, Номхон далайн бүсийн захирал ноён Хаолянь Шу энэ өдрүүдэд манай оронд ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” төсөл, түүний хүрээнд боловсруулан УИХ-д өргөн барихад бэлэн болоод буй Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл, Монгол Улсад нутагшуулахаар ажиллаж байгаа макро эдийн засгийн Т21 загвар болон улс орнуудын хөгжлөө төлөвлөдөг туршлагын талаар санал солилцлоо.

ө

Макро эдийн засгийн Т21 загварыг өдгөө хөгжлийн бодлогоо дунд, урт хугацаагаар төлөвлөн, амжилттай хэрэгжүүлж буй АНУ, Итали, Латви, БНХАУ зэрэг 40 гаруй оронд ашигладаг байна. Загвар нь нийт 60 дэд салбар, 2500 орчим хувьсагч, тэгшитгэлийн тусламжтайгаар систем динамикт суурилсан, эдийн засаг, нийгэм, байгаль орчны үзүүлэлтүүдийг цогц байдлаар шийдвэрлэн, салбар хоорондын уялдаа, нөлөөг харуулдаг аж. Эл загварыг анх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн техникийн дэмжлэгтэйгээр АНУ-ын Мянганы институтээс боловсруулж байжээ. Хөгжлөө урт, дунд хугацаагаар төлөвлөдөг улс орон “Т21”-г ашиглах нь ойлгомжтой. Тэгвэл Монгол Улс хөгжлийн бодлогоо урт хугацаанд 20-30 жил, дунд хугацаанд 5-10 жилээр төлөвлөх тогтолцоогоо бүрдүүлэхээр Эдийн засгийн хөгжлийн яамнаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна. Хуулийн төслийг боловсруулахдаа аймаг, нийслэл, сум, дүүрэг, яамд, төрийн захиргааны байгууллагуудын асуудал хариуцсан нийт 540 орчим мэргэжилтэн, их, дээд сургуулийн 166 төлөөлөл болон эрдэмтэн судлаач, улстөрч, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн дунд бүсчилсэн семинарь, хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдгээрээс гарсан саналыг тусган эцсийн байдлаар боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд байгаа аж.

ө

Улмаар манай орон Засгийн газар, төрийн эрх баригч хүчнээс шалтгаалсан дөрвөн жилийн настай бодлого бус улс орны хөгжлийн 5-30 жилийн шатлал бүхий төлөвлөлттэй болж, түүнийгээ үнэн бодит, хараат бус аргаар /Т21/ шинжлэн үнэлэх боломжтой болж буй юм. Өнөөдрийн уулзалтаар ноён Хаолянь Шу хуулийн төслийг боловсруулах, хөгжлийн бодлогоо тодорхойлох тогтолцоог бүрдүүлэхэд шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яам идэвх зүтгэлтэй ажиллаж байгааг дурдаад аливаа улс хөгжлийн бодлого, төлөвлөлтөө тодорхойлоход Эдийн засгийн хөгжлийн яам нь чухал чиг үүрэгтэй оролцдогийг тодотголоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ