Хүсээ гэж үү бид
Бид нүүдэлчин монголчууд. Цагийн цагт ямагт нүүдэллэсээр ирсэн. Ромыг чичрүүлж, лалын ертөнцийн бусармаг багийг хуу татаж нэг соёл иргэншлийг нөгөөгөөр сольсон шигээ хүн төрөлхтний түүхийг бүтээлцэж явсан. Өнгөрсөн цаг дээр гэж үү. Үгүй өнөөдөр ч нүүдэллэж байна. Хотынхон нь гадаадад гарч, хөдөөнийхөн нь хотдоо ирж, нийтийн хороололд нэг, хоёр өрөөтэй нь гурав дөрвөн өрөөтэй болох гэж, том жиптэй болох гэж, ашиг орлогоо нэмэх, газартай нь газраа зарах, газаргүй нь олох гэж, малгүй нь малтай болох, малтай нь улам олон болгох, хурдан, жороо хүлэгтэй болох, даавуу өмссөн нь торго, хоргой, нэхий, булга болгох, амттай, чанартай хоол хэрэглэх гэх мэт түмэн хүслээ биелүүлэх их нүүдлээр амьсгалж байна. Ялгаатай нь хүний нийгмийг өөрчлөх гэсэн өвгөдийн нүүдэл биш нэг завин дээр суугаад өвгөдийн хамгийн их цээрлэдэг хотжин иргэншихийн төлөөх нүүдэл. Цаг үе нь тийм болж. Бүгд нэг завин дээр суугаад сэлүүрдэх биш нэг нэг хүрз бариад онгоцныхоо ёроолыг хүрздэнэ. Болж бүтэж байгаа зүйл нэг ч байхгүй мэт аяглана. Төрийн томчуулаас энгийн иргэнээ хүртэл амьдралын ямар ч идэвх байхгүй. Нэг хэсэг нь талх тариа, үмх махаа бэлдэх гэж шар наран бор хоногийн турш идэвхийлнэ. Нөгөө дийлэнх хэсэг нь бүтээсэн баялгаас нь хумслахыг шаардана. Олонхидоо таалагдах гэсэн ардын төлөөлөл өөгшүүлэн дэмжинэ. Энэ улс яаж яах гэж хөгжих гээд байгаа нь сүүлийн 20 жилийн турш огт харагдсангүй. Ахиад л хувьсгалын тухай ярьж эхэллээ. Төрийн сүлд минь өршөө гэж наминчилдаг хүчтэй ард түмэн төрөөсөө татгалзахыг шаардаж эхлэв. Хүчээ бид өөрсдөдөө шингээе, та бүү гай бол гэж байна. Хумсаа нуусан муур шиг төр нь тэг тэг л гэж байна. Үр дүн нь юу болж хувирав. Өнгөрсөн жилийн турш харлаа. Ашиггүйг нь мэдсээр байж хөрөнгө оруулалт хийж, өөрсдийнхөө мэдлийн аж ахуйн нэгж бүхэнд зээл өглөө. Асуудал ярихаар хэрүүл болгоод өнгөрүүлнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр юу ч ярьсан ард нь хэн нэгэн нь байгаа гэж хардана. Бүүр зохион байгуулалттайгаар ярьсан, хэлсэн, бичсэн болж таарна.
7
ПиАрын нийгэм болчихоод байгаа юм биш үү. Ардын нуруун дээрх ачаа хүндрээд байхад баахан тоо баримт дэлгээд зүгээр байгаа гэх шүү юм ярина. Улирал болгон статистикийнхэн мэдээлэл хийнэ. Баахан дүн мэдээ сонсгоод сэтгүүлчдийн асуултанд хариулах болохоор ум хумгүй зугтчихна. Зах зээл дээрх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш хадчихаад байхад худлаа тоо баримт өгнө. Ямар ажил хийж татвар төлөгч та бидний мөнгөөр цалинждагийг бүү мэд.
6
Уг нь төрд нийтийн эрх ашгийг хамгаалах гэсэн үүрэг л бий. Үндсэн хуульд ч тов тодорхой бий. Түүнийг санхүүжүүлэх нь иргэн та бид бүгдийн үүрэг. Түүнийгээ ч шударгаар эхийн ургаас дөнгөж нялхсаас авсны тагаа дэрлэн нойрсох өтөл насныхан хэнбугай нь ч татвараар төлдөг. Дээр нь татварын орлогыг бизнес эрхлэгчид нуруундаа үүрнэ. Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөх оруулахаар Засгийн газар хуулийн төсөл орууллаа. Халаасан дахь мөнгөнөөс нь хорогдох болохоор УИХ буцаагаад шидчихэж байна. Ерөнхий сайд аргадаад дийлдэггүй ээ. Уг нь татварын өршөөлийн хууль гаргаад далд эдийн засгийн мөсөн уулын багахан хэсгийг ил болгосон бол улсын халаас гайгүй зузаарч баялаг бүтээгчид баярлах байлаа. Харамсалтай нь УИХ хүссэнгүй.
6
Амьжиргааны баталгаажих доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хүн амын хэрэглээний сагсан дахь бүтээгдхүүний хэмжээ, дотоодын нийт бүтээгдхүүний нэг хүнд ногдох хувь хэмжээ гэх мэт амьдралын түвшинг илэрхийлэх тоон үзүүлэлт олон бий. Өнгөрөгч оны байдлаар дотоодын нийт бүтээгдхүүний нэг хүнд ногдох хувь 2.2 мянга орчим ам.доллар болсон нь ерээд оныхоос даруй гурав гаруй дахин өндөр үзүүлэлт. Хувь хувьцаатай, орон сууцтай, малтай, газартай, хувийн үйлдвэр, сургууль, эмнэлэг, компанитай болж өөрийн өмчтэй байх сэтгэхүйтэй болсон. Төсвийнхөн нэртэй сувилагч, багш эмч, төрийн байгууллагынхан ойролцоогоор 20 ам.доллартой тэнцэх хэмжээний цалингийн орлоготой байсан бол, 200-тай, томчууд нь 600 ам.доллартой тэнцэх хэмжээний цалин аваад дажгүй шүү. Гэхдээ бидний жишээ авах дуртай Өмнөд Солонгост 24.5, Японд 38.1, Германд 35.5, Англид 35, АНУ-д 44.2, Люхсинбургийн вант улсад 68.8, Хятад 7.8 орчим мянган ам.доллар нэг хүнд ногдуулан тооцсон ба энэ үзүүлэлтээрээ манайх 217 улсаас 140 орчимд давхиж яваа.
6
Баялаг бүтээгчдийн татвар төрийн ивгээлийн төлөө зарцуулагдана. Төр түүнийг зарцуулна. Бүр дээрэмчин маягтай зарцуулна гээч. Төр сайн жолоодогч биш, төр бол бүр ч биш гэдгийг гадны эдийн засгийн хөгжлийн сонгодог жишээнүүдэд бий. Харин манайд тэс өөрөөр хэрэгжинэ. Хувийн хэвшлийнхэн баялгийн 80 гаруй хувийг бүтээж байгаа хэрнээ байнгын заазуурын дор толгой нь тавиастай. Ядуу, зүдүү Монгол гэсэн арчаагүй “доошоо орсон” нэршил, имижтэй бичиг харин алга болсонгүй. Улам ч тод харагдаж байна. Машин дээр дарцаглаж байдаг улаан тугийг замын явцдаа цэнхэрээр будсан ч хэтэрхий муу багсдаснаас болоод араас нь улаан өнгө цухуйж эхлээд байх шиг. Хүсээ гэж бид тэр нийгмийг басхүү хүсээ гэж үү бид эдийн засгийн хямралыг... Хүсээгүй байхад цутгаад байдаг засаглалын хямралын идээт ундааг хэдий болтол бид зооглох учиртай гэж.
6
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ