Алтанбулагийн чөлөөт бүс ирэх ням гаригт нээгдэнэ

img

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт худалдааны чөлөөт бүс болгох тухай УИХ-ын тогтоол 2002 онд анх гарсан билээ. Түүнээс хойш Засгийн газраас тус бүс нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гаргах, зураг төслийг нь боловсруулах, техник эдийн засгийн үнэлгээг хийх зэрэг ажлуудыг шат дараалан хийсэн төдийгүй энэ онд дэд бүтцийн ажлыг нь бүрэн хийж дуусгасан аж.  Дэд бүтцийн ажилд  худалдааны чөлөөт бүсийн талбай байгуулах, авто зам, инженерийн шугам  сүлжээ тавих зэрэг ажлууд багтжээ. Ингэснээр Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд төрөөс хийх ажил дууссан тул энэ сарын 22-нд албан ёсоор нээхээр болсон байна. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн нээлтийн үеэр  4000 га талбайд үзэсгэлэн зохион байгуулж,  үзэсгэлэнд оролцох бизнес эрхлэгч ААН, иргэд  ямар нэгэн хураамж төлөхгүй бөгөөд тэдэнд зориулж 60 чингэлэг байршуулсан аж.

й

Түүнчлэн Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагааг эхлүүлэхээр иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлж эхэлсэн байна. Тодруулбал, Засгийн газрын өнгөрсөн тавдугаар сарын 10-ны өдрийн 153 дугаар тогтоолоор Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх түр журам гаргаснаас хойш цөөнгүй аж ахуйн нэгж чөлөөт бүсэд газар эзэмшин, бүтээн байгуулалтын ажилд оролцох санал ирүүлсэн аж. Иймээс чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас эхний ээлжинд барилгын материал болон авто сэлбэгийн худалдааны зориулалтаар хоёр газрыг нийт 60 аж ахуйн нэгжид хуваарилахаар болсон байна. Газар эзэмшүүлэх гол шалгуур нь бусдаас түрүүлж үйл ажиллагаагаа эхлэх, тухайн салбартаа ажиллаж байсан туршлагатай байх. Энэ шалгуурыг хангасан аж ахуйн нэгж, иргэн холбогдох материалаа бүрдүүлж, чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд хандана. Чөлөөт бүсэд худалдаа эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэн тухайн салбарт ажилладгаа нотлох баримт бичгээ бүрдүүлж, холбогдох шаардлагыг хангасны үндсэн дээр 200 ам метр талбайг үнэ төлбөргүй эзэмших боломжтой аж.

й

10 гаруй жилийн турш яригдаж байж сая албан ёсоор нээгдэх болсон Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчаар Ч.Чимэдсүрэн томилогдсон бөгөөд тус бүс нутагт худалдаа эрхлэхэд төрөөс татварын тодорхой хөнгөлөлтүүдийг эдлэхээр зохицуулалт хэдийнэ хийгдсэн гэнэ. Тухайлбал, барааг хилийн чанадаас оруулахад импортын гаалийн нэмэгдсэн өртөгийн болоод онцгой албан татвар ногдуулахгүй. Харин дотоодын барааг чөлөөт бүсэд оруулахад экспортын гаалийн татвартай бол түүнийг ногдуулж нэмэгдсэн өртөгийн албан татварыг буцаан олгохоор шийдсэн юм билээ.Түүнчлэн ОХУ-ын иргэд визгүйгээр тус бүс нутагт нэвтэрч худалдаа арилжаа хийж болох бол бусад орны иргэд Алтанбулаг  чөлөөт бүсэд шууд нэвтрэх тусгай ангилалын визээр орж, гарах ажээ. Манай орны иргэдийн хувьд гадаад паспортоо шалгуулан тус бүс нутагт чөлөөтэй нэвтрэх эрхтэй бөгөөд удаан хугацаагаар оршин сууж бизнес эрхлэх бол холбогдох газар хүсэлт гарган зөвшөөрөл авах хэрэгтэй гэнэ.

й

Ард түмэн, бизнес эрхлэгчдийн дуртай хүлээлт үүсгээд байсан Алтанбулагийн чөлөөт бүс ийнхүү албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэх нээ.  Олигтой бүтээн байгуулалтгүй хоосон талбай байгаа ч асар майхан, чингэлэг, байшин барихаар зорьж буй бизнес эрхлэгчид зоригтойгоор хөдлөж эхэлжээ. Иргэд ч тус бүс нутагт газартай бол, бизнес эрхлэхээр зориглосон сурагтай. Хэрэвээ “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаа  энэ эрчээ алдахгүй цаашилбал монголын минь сан хөмрөг аривжин тэлж, эдийн засгийн мөнхийн хөдөлгүүр болохыг үгүйсгэх аргагүй. Гол нь хэн нэгэн их мэдэгч эрх ашгаа бодоод, эсвэл болсон болоогүй хууль яриад эхэлбэл ямар ч сайхан ирээдүй үүл мэт замхарч, тамын тогоондоо бид эргээд л унана. Нөгөө талаар хууль эрх зүйн орчинг сайжруулах нь чухал. Учир нь УИХ-ын зарим гишүүд Алтанбулагийн чөлөөт бүсэд казино байгуулах талаар ч ярьж байгаа. Хэрэв эрхэм гишүүдийн санаачилга амжилттай боллоо гэхэд тус бүс нутагт дэлхийн улс орнуудын өмнө нээлттэй болж “ халуун бус” болон хувирна. Тиймээс эрсдэлгүй, иргэддээ ээлтэй орчин нөхцлийг бүрдүүлэхэд илүүтэй анхаарч чадвал чөлөөт бүсийн үр ашиг гарах биз ээ.

й

П.Наран  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ