"Барилгын төмөр унаж, хүн амиа алдсаныг төр мартах ёсгүй"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулиар иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах аж. Хуулийн төсөлд тусгаснаар шалгуулагчийн зардлаар аялах, жуулчлах зэрэг аливаа хэлбэрээр шан харамж авах, шалгуулагч этгээдтэй үгсэн хуйвалдах, ая тал засах, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, нотлох баримтыг нуун дарагдуулах, дутагдлыг хаацайлах, нотлох баримтаар тогтоогдоогүй байхад ашиг хонжоо олох, хувийн өш хонзон авах зорилгоор шалгуулагч этгээдийг буруутгах, дарамт шахалт үзүүлэх, бусдад давуу байдал олгох, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт гаргахыг улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох юм байна.
ы
Хяналтын давхардлыг бууруулах, аж ахуйн үйл ажиллагаанд учруулах дарамтыг багасгах, хяналтыг хяналттай хэрэгжүүлэх зорилгоор нэг жилд тухайн аж ахуйн нэгжид төрийн аливаа байгууллагаас хийх хяналтын үргэлжлэх нийт хугацааг тогтоожээ. Ингэснээр нэг аж ахуйн нэгжид төрийн аливаа байгууллагаас олон чиглэлийн хяналтыг давхардаж болон дараалан хийх, хяналтын нэг байгууллагаас тухайн аж ахуйн нэгжид олон хоногоор үргэлжилсэн, сунжирсан шалгалт хийх зэргийг хязгаарлаж, хяналтыг үр ашигтай, эрсдэлд суурилан төлөвлөх шаардлага хяналтын байгууллагад тавигдах юм байна. Нэгдсэн хяналтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг нэгдсэн хяналтын байгууллагын дарга хэрэгжүүлэх бөгөөд тухайн дарга нь улсын байцаагчийн эрхийг хэрэгжүүлэхгүй аж. Нэгдсэн хяналтын төв байгууллагын хяналтын нэгжийн бүтэц салбарын улсын ерөнхий байцаагчаар ахлуулсан хяналтын газруудад хуваагдах бөгөөд орон нутаг дахь нэгдсэн хяналтын байгууллагын хяналтын нэгжид салбарын улсын ахлах байцаагчаар ахлуулсан улсын байцаагчид ажиллах юм байна. Хяналтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг батлан хэрэгжүүлэхэд улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй ажээ. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгээс сонирхсон асуултдаа хариулт авав. Гишүүд, тэр дундаа цөөнхийн бүлгйнхэн энэ хуулийн төслийг гурав дахиа оруулж ирж байгаад эсэргүүцэж байлаа. Тиймээс ч шалгалтууд нь нэмэгдээд "19 толгойтой, 418 хөлтэй атгаалжин хар мангас бий болно. Төрийн данхгар бүтцийг бууруулна гэж бид ярьж байсан. Уг нь нэг толгойтой 22 хөлтэй байсан юм шүү" хэмээж байв.
й
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Нэг аж ахуй нэгж дээр очих хяналт шалгалтыг яагаад нэмээд байна вэ? Үүнийг татаж авчихаад одоо байгааг нь сайжруулж болохгүй юм уу? Эдийн засаг хүндэрсэн энэ үед яагаад шалгалт нэмээд байна вэ?
йй
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:
-Ямар ч эрүүл ухаантай бизнес эрхэлдэг хүний хувьд Дэмбэрэл гэдэг хүн аж ахуйн нэгж дээр шалгалт нэмж тавьсан төсөл оруулж ирэхгүй. Яагаад гэвэл одоо байгаа "мангас"-ыг л дарах гэж оруулж ирсэн юм. Аж ахуйн нэгж дээр нэмэлт шалтгалт үүсэхгүй. Энэ хуульд шинэ мангасыг томоор би болгох гэж байгаа бол би татгалзана. Хяналтыг маш сайн барих зорилгоор оруулж ирсэн юм. Энэ хуулийн хэлэлцэх эсэхийг цөөнхийн гишүүнээр толгойлуул гэж би санал хэлсэн. Яамдын эрх мэдлийг тэлж, аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэх асуудал байхгүй.
й
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Хоёр удаа буцаасан байхад дахиад л оруулаад ирэх юм. Хууль санаачлагачид иргэдэд ойлгомжтой байх хариулт өгөхгүй байна. Энэ Засгийн газар байгуулагдахдаа фракцууддаа эрх мэдлээ хуваасан. Төр их замбараагүй болсон. Мөнгийг хяналтгүй зарцуулж байна. ЭЗХ-ийн сайд, Ерөнхий сайд хяналтгүй зарцуулж байна. Сангийн яам л хуулийн дагуу зарцуулж байгаа. Хууль санаачлагачид "болохгүй байна" гээд УИХ-ын анхааруулсан зүйлийг эргэж хараач ээ. Хаалгаар гаргасан зүйлийг тооноор оруулаад ирэх юм.
й
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:
-Есүгэн охины толгой дээр төмөр унаж амь насаа алдсан барилгын хяналтыг төр мартах ёсгүй. Эрсдэлд суурилсан үнэлгээ гэдэг зүйлийг оруулж ирэх ёстой. Тиймээс барилгын компаниуд заавал 10 давхар барилга бариулах ёсгүй. Эрсдлийг нь шалгаж үзээд таван давхар байшин барих эрх олгож болно. С.Оюун сайд болсноосоо хойш Зайсанд нэг ам.метр газрыг ч хүнд өгөөгүй. Гэтэл Зайсан хумигдсаар байна. Маш их соёлын дурсгалт зүйл барилгад бүслэгдсэн байгаа.
й
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Давхацсан хяналт шалгалтыг хэдээр бууруулах талаар бодитой тооцоо хэлсэнгүй. Хяналтыг яамдад өгөхөөр 19 толгойтой болчихно. Эргэлзээгээ арилгах хэрэгтэй. Зөвшөөрлийг ямар хэлбэрээр өгч байгаа юм. Шалгалтыг ямар хугацаатай, хэний зөвшөөрлөөр өгч байгааг гаргаж ирээд өргөн барих хэрэгтэй.
й
Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт тавьсаны дараагаар чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулав. Үдээс хойшхи хуралдаан Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтаар эхлэх юм. Дараагаар нь ЭЗХ-ийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ.
й
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ