Хуулийн төсөл оюуны өмч биш
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны лхагва гаригийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Хуулийн төсөл санаачлагч нь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат. Түүний өргөн барьсан хуулийн төсөл нь тамхи татах цэгийг байгуулах тухай байв. Харин тус байнгын хорооны хуралдаанаар Л.Эрдэнэчимэг гишүүн шиг бачимдсан хүн байсангүй. Бие биедээ хатуу үг шидэлцэж, эцэстээ бүлгийн дарга нь “Би эмэгтэй хүнтэй маргамааргүй байна” гэж байсан. Эмэгтэйчүүдийн албан бус бүлгийн дарга гэгдэх эрхэм гишүүн маань энэ хуулийн төсөл дэмжигдчихвий гэж ихэд анхаарсан бололтой. Санал хураалт явуулахад нэг хүний саналаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжилгүй унасан. Гэтэл үнэндээ яг санал хураалтын үеэр тэрээр А.Бакей гишүүн дээр очиж гарыг нь барин ярьж зогссон бөгөөд энэ нь санал хураалтад оролцоход саад болсон тухай ч маргаан дэгдээд авсан.
й
Шинэчилсэн Тамхины хяналтын тухай хуулийг 2013 оны гуравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн нь цаг үеэ олсон хууль гэдэгтэй санал нийлэх хүн олон байгаа. Гэхдээ УИХ-аас баталсан энэ хууль бодит хөрсөн дээр буухдаа хэл ам дагуулсан тул засаад, өөрчлөөд, сайжруулаад л явах нь зүйд нийцнэ. Гэтэл нэгэнт баталсан гэж тас гүрийгээд, алдаатай байсан ч хамаагүй засахгүй гээд улайран дайрч, надаар овоглолсон хууль хэмээн зүтгээд байж боломгүй санагдах юм. Л.Эрдэнэчимэг гишүүн ганцаараа энэ хуулийг баталчихсан ч юм биш. Олонхийн шийдвэрээр батлагдаад хэрэгжээд явж байгаа. Тэрээр Тамхины хяналтын тухай хууль “миний үр хүүхэд” шиг санагддаг гэж хэлэх нь холгүй аашлах юм. “Монос” компани нь хувийн өмч байж болно, Монгол Улсын хууль түүний өмчийнх биш.
й
Өмнө нь Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан ч хэлэлцэх хугацаа нь 2012 оны сонгуулийн дараа, Л.Эрдэнчимэгийг УИХ-д сонгогдсны дараа давхцаж таарсан хэрэг. Энэ хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан тэрээр Тамхины хяналтын тухай хуулийг өөрөө боловсруулж, батлуулсан гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж, энэ хуулийг өөрчлөх гэвэл улайран хамаалснаараа тууштай гэж харагдана гэж бодсон байж болно.
й
Та тамхи татдаггүй, татдаг хүмүүсийн аль алиных нь эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээсэн төрийн түшээ. Тамхи татдаг нь хүн биш гэж ялгаварлах эрх таньд байхгүй ээ. Тамхи татдаггүй хүмүүсийн эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалахын тулд тамхи татдаг хүмүүсийн эрх чөлөөг боох арга замаар энэ хуулийг хэрэгжүүлэх ёсгүй. Захын дайралдсан хүнээс тамхи татах тусгай өрөө гаргах нь дээр үү, гудамжиндаа баагиулаад ишээ тааралдсан газраа шидчихээд явж байх нь илүү юу гэвэл таны хүссэн хариултыг өгөхгүй нь мэдээж. Тэгэхээр үнэндээ, аль алиных эрх ашгийг бодож дундыг олсон нь зөв хувилбар шүү дээ.
й
Гадаадын олон орнууд тамхины хуульдаа "гар хүрчээ". Зарим нь тамхины гэсэн шинэ хууль гаргаад, чангатгаад байгаа. Гэхдээ тэд хуулиндаа тамхи татдаг хүмүүсийн эрх ашгийг тооцоолоод агааржуулалтыг шийдсэн тамхи татах тусгай цэгийг байгуулахыг нь зөвшөөрсөн байх юм. Хортой гэдгийг мэдсээр байж баагиулах хүсэлтэй нөхдүүд тусгай цэгтээ очоод угсруулж л байг. Хамгийн гол нь тусгай цэгийн агааржуулалт, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хяналтаа л сайн тавьчихбал болох нь тэр. Бусад өрөөнүүд рүү утаа нь нэвчээд байхааргүй, тамхи татдаггүй хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүй байх л чухал.
я
“Тамхины хяналтын тухай” хууль гаргахдаа тамхи татаж болохгүй бүх газрыг тодорхой зааж өгсөн. Тэгсэн атлаа хаана татаж болохыг нь заалгүй мартчихсан. Үүнийг алдаа болжээ, засья гэхээр хамгаалаад, эсэргүүцээд байдаг. Харин ч гэртээ татахыг хэн хорьсон юм, хүсвэл гадаа гудамжиндаа гараад татахгүй юу гэх юм. Үүнээс үүдээд гудамж талбай, зоогийн газар, уушийн газрууд, тоглоомын төвдүүдийн гадуур дүүрэн тамхины иш, шүлс. Гэртээ тамхи татаж, үр хүүхдээ хордуулдаг хүмүүс ч олширох нь. Уг нь Тамхины хяналтын тухай хууль нь тамхидалтыг багасгаж, дам тамхидалтыг хор уршгийг бууруулах, хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах баймаар юм. Таны дам тамхидалттай тэмцэнэ гэсэн арга барил тань хуучинсаг байна. Бүхнийг хуулиар далайлгаж, захиргаадалтын, албадлагын байдлаар “дайн” зарлаад амжилтад хүрэхгүй.
й
Зарим оронд тамхи татах тусгай өрөөг албаар хүйтэн, тохь муутай байдлаар байгуулдаг бөгөөд ийм өрөөнд хэдэнтээ орж тамхи баагиулахдаа болье гэсэн тамхинаас гаргах сэдэл төрхүйц байдлаар шийддэг гэнэ. Түүнчлэн өсвөр насандаа тамхинд орох өсвөр насныхан нэмэгдэж байгаа гэх судалгаанд анхаарч хүүхдүүдэд тамхидалтын хор уршиг, нөлөөг сурталчилан ойлгуулахад илүү анхаарсан бол үнэхээр баталсан хуулиндаа нийцүүлсэн алхам хийж байна гэж харах байлаа. Монгол төрд эмэгтэй хүний торгон ухаан хэрэгтэй гээд байдаг нь үнэн. Гэхдээ эрхэм гишүүний “Тамхины хяналтын тухай” хуулийг өөрийн өмч мэт хамгаалж байгааг харсан танхимын нөхөд нь хуулийн төсөл оюуны өмч биш гэдгийг Оюуны өмчийн газраас мэдэгдэж байсныг сануулах цаг болсон хэмээн зөвлөлдөж байсныг дуулгая. Асуудлыг голыг олж наантай цаанатай хандвал уг нь таньд ч, ард иргэдэд ч сайнсан.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ