А.Басхүү “Алдрын танхим”-д өргөмжлөгдөнө

img

Манай улсын нэрт дасгалжуулагч, шүүгч Адуучийн Басхүү Дэлхийн бөхийн холбооны “Алдарын танхим”-д өргөмжлөгдөхөөр болжээ. Түүнийг “Алдарын танхим”-д өргөмжлөх шийдвэрийг Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ны энэ сарын 14-ний хурлаар шийдвэрлэж, тус албан ёсны ёслолд оролцох бүх зардлыг хариуцахаа мэдэгдсэн байна. Тэрбээр удахгүй ёслолын ажиллагаанд оролцох гэнэ.

f

Энэхүү “Алдрын танхим”-д одоогоор дэлхийн шилдэг шүүгчдээс найман хүнийг өргөмжилсөн байдаг аж. Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч, XX зууны шилдэг шүүгч А.Басхүү ес дэх нь буюу Монгол Улсаас өргөмжлөгдөж буй анхны хүн болж байгаа юм байна.

f

А.Басхүү нь 1976 онд улсын шүүгч, 1978 онд олон улсын хоёрдугаар зэргийн шүүгчийн зэргийг шууд авч 1981 онд олон улсын нэгдүгээр зэрэг, 1983 онд олон улсын шилэгдмэл шүүгч болж байжээ. 2009 онд олимпийн зэрэглэлийн шүүгч болсноос хойш 50 шахам жил энэ спортын төлөө дасгалжуулагч, шүүгчээр ажиллаж хүчин зүтгэл, сэтгэл оюун, хөдөлмөрөө зориулжээ.

f

Тэрбээр зуны олимпийн их наадамд зургаа, ДАШТ-нд 30, “Дэлхийн цом”-ын тэмцээнд дөрөв, Европын болон Ази тивийн аварга аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадамд 45 удаа шүүгчээр оролцсон монголын цорын ганц шүүгч төдийгүй, дэлхийн тоотой шилдэг шүүгчдийн нэг билээ. Мөн 1991 оноос Азийн бөхийн нэгдсэн хорооны шүүгчийн комиссын гишүүнээр, 2006-2008 онуудад Олон улсын бөхийн холбооны Шүүгчийн зөвлөлийн зааварлагч шүүгчээр ажиллаж байсан юм.

f

Бөхийн спортыг эх орондоо болон тив, дэлхийн хэмжээнд хөгжүүлэхэд оруулсан түүний идэвхи зүтгэл, хувь нэмэрийг үнэлж Олон улсын бөхийн төрлүүдийн холбооноос 1987 онд мөнгө, 1990 онд алтан медалиар шагнаж байжээ. Мөн 1988 онд Сөүлийн олимпийн наадмаас “Алтан шүгэл” шагнал, 2001 онд Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны дээд шагнал “Алтан одон”-г тус тус хүртсэн байна.

f

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ