Ихрүүдийн нэрэмжит тэмцээн өчигдөр өндөрлөлөө
Чөлөөт бөхийн спортод олон жил хүчин зүтгэж яваа ихэр бөх ОУХМ Лувсанзундуйн Ням, спортын мастер Л.Даваа нарын нэрэмжит ОУ-ын анхны тэмцээнийг МЧБХ-ноос зохион байгуулж байна. Спортын төв ордны А зааланд хоёр өдөр явагдаж өчигдөр өндөрлөсөн тэмцээнд 26 байгууллагын 170 гаруй бөхчүүд зодоглов. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн ангилалд аваргууд тодорсон бол өчигдөр эмэгтэйчүүдийн жингийн аварга бөхчүүд шалгарсан юм. Чөлөөт бөхийн спортод оруулсан гавъяа зүтгэлийг нь үнэлэн тэмцээний зохион байгуулагч, ихрүүдийн нэг доктор профессор, ОУХМ Л.Нямыг МҮОХ-ны “Алтан Очир” шагналаар шагнажээ. МЧБХ үүсэж хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа шинэ оны анхны тэмцээн болсноороо онцлогтой. Тэмцээнд ОХУ-ын Буриад болон урд хөршийн ӨвөрМонголын тамирчид өрсөлдөв. Монгол улсад биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жил, бөхийн чөлөөт барилдаан үүсч хөгжсөний 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хоёр ихэр бөхчүүдийн төлөөлөл болж анхны олон улсын тэмцээнийг зохион байгуулах, ахмад тамирчдыг өсвөр үе залуучуудад таниулах гол зорилготой. Дашрамд дуулгахад чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй тамирчид энэ сарын сүүлчээр ОХУ-ын Красноярск хотноо болох алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит ОУ-ын А зэрэглэлийн тэмцээнд зодоглох юм. А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ