Гандболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээлээ
Эрэгтэйчүүдийн гандболын дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн энэ сарын 13-ны өдөр Шведэд нээлтээ хийжээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг тэмцээнд энэ жил 24 баг, дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа аж. Гандболын ДАШТ-ийг 18 жилийн дараа анх удаагаа Шведэд хүлээн авч байгаа нь Скандинавын хамгийн өндөр хөгжилтэй, алдартай орны түүхэнд хамгийн олон жилийн дараа энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа үйл явдал боллоо. Тэмцээнийг зохион байгуулагчид 10 хотын 10 өөр цэнгэлдэхэд гандболын өрсөлдөөнийг явуулахаар шийджээ.
А хэсэгт Франц, Испани, Герман, Египет, Тунис, Бахрайн гэсэн зургаан улс багтан өрсөлдөж байгаагаас эхний гурван тоглолтын дараах байдлаар Франц, Испанийн багууд хэсгээ хожигдолгүй тэргүүлж байгаа аж.
Харин В хэсэгт Бразил, Япон, Австри, Исланд, Унгар, Норвеги гэсэн улсууд өрсөлдөж байгаа бол Исланд гурван хожилтой буюу зургаан оноотой хэсгээ тэргүүлж байна.
С хэсэгт Дани, Хорват, Серби, Алжир, Румын, Австрали улсуудын хооронд өрсөлдөөн өрнөж байна. Энэ улсуудыг Дани болон Хорватын багууд ганц ч хожигдолгүйгээр тэргүүлсэн хэвээр байгаа юм. Тэгвэл Гётенбург хотноо болж байгаа D хэсэгт зохион байгуулагч эзэн орны баг болон Польшийн багууд тэргүүлж байгаа бөгөөд Өмнөд Солонгос, Аргентин, Словак, Чилийн шигшээ багууд удаалсаар байна.
Улмаар хэсэг тус бүрээс гурван баг дараагийн шатанд шалгаран нийтдээ 12 багийг дахин хоёр хэсэгт хуваан өрсөлдүүлэх юм. Ингэснээр хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн нэр тодорно.Гандболын ДАШТ-д хамгийн олон удаа Швед улс өрсөлдөж тоосоо өргөж байсан түүхтэй. Тэдний амжилтын тухайд түүхэндээ 20 удаа дэлхийн аваргад оролцохдоо дөрвөн алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар бүх улсуудыг тэргүүлдэг бол Румин, ОХУ, Германы багууд бүх цаг үеийн амжилтаараа дараагийн байрт жагсдаг байна. Тэгвэл Швед 1999 оноос хойш түрүүлээгүй. Тэдний амжилт тасраад байлаа. Харин энэ удаад өөрийн нутаг дээрээ тэмцээнийг зохион байгуулж байгаа нь тэдэнд илүү боломж байна гэсэн үг юм. Дашрамд дуулгахад сүүлийн 10 жилд Хорват, Герман, Испани, Франц, Польш гэсэн улсууд гандболын ДАШТ-д шагналт байруудад тогтмол шалгарч байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ