
“Сумдын газрын даамлуудыг мэргэшүүлэх нь” сэдэвт уулзалт, семинарыг Дорноговь аймгийн ГХБХБГ, аймгийнхаа Засаг Даргын Тамгын газартай хамтран
зохион байгуулжээ. Дорноговь аймгийн 14 сумын даамлууд оролцсон энэ сургалтаар даамлуудад газрын тухай багц хуулиуд болон ГХБГЗЗГ-ын даргын тушаал, газар зүйн мэдээллийн сангийн талаарх ойлголт өгөх, ArcGIS программ дээр ажиллах анхан шатны дадлага олгох, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах арга барилыг эзэмшүүлэх зорилготойгоор зохион байгуулсан байна.
Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх хуулийн хугацаа 2013 оны 5 дугаар сард дуусахтай холбогдуулан тус аймагт цаашид газар өмчлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, аймгийн хэмжээнд газар өмчлөлтэй холбоотой цогц төлөвлөгөө гаргах талаар сургалтын үеэр ярилцав. Мөн тус аймагт дагаж мөрдөх газар эзэмшил, өмчлөл, газар зохион байгуулалттай холбогдсон журмын төсөл боловсруулж түүн дээр санал аван хэлэлцүүлжээ. Мөн газар өмчлөлтэй холбоотой газрын кадастрын зураглалыг иргэдэд түргэн шуурхай хүргэх талаас нь шаардлагатай багаж хэрэгсэл, 2 долгионы суурин Gps, газрын даамлуудад хэрэгцээтэй гар Gps болон бусад тоног төхөөрөмжийг тус аймагт авах боломжийн талаар ярилцсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ