Даян аварга Г.Өсөхбаяр: Өвөөгийнхөө цолонд хүрэх миний хүсэл энэ жил биеллээ
/2009 оны наадмын дараа.../ Тэртээ 1992 оны 1-р сараас заалны барилдаанд чац өндөртэй, цаанаа нэг бөхийн хэв галбиртай залуу зодоглож эхэлсэн нь “Буур” Н.Жамъян аваргын зээ хүү, өдгөөгийн даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр байсан гэдэг. 19 настайдаа анх монгол бөхийн дэвжээнд гарч ирэн бөх сонирхогчдын анхаарлыг “гойд” татах болсноос нь хойш эдүгээ 20-иод жил урсан оджээ. Төрийнхөө их баяр наадамд 4 дэхь удаагаа түрүүлээд буй Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Алдар спорт хороо, Бридж группийн бөх, даян аварга Г.Өсөхбаярыг энэ дугаарынхаа хүндтэй зочноор урьж ярилцсан юм.
-Даян аварга цол хүртсэн танд уншигчдынхаа өмнөөс дахин баяр хүргэе. Наадмын талаар сэтгэгдлээ хуваалцаач? -Баярлалаа. Би наадмаас хойш сонин хэвлэлд ярилцлага өгөөгүй байсан. МҮБХ-ны “Бөх” сониндоо анхны ярилцлагаа өгч байна. Наадам маань ерөнхийдөө нартай, хуртай, бөхчүүд маань бэлтгэл сургууль сайтай, ёс журмынхаа дагуу сайхан боллоо.
-Таны хувьд бэлтгэл хэр ханасан байв? -Ноднин жилийн наадмын дараагаас л өвөөгийнхөө цолонд хүрчих юмсан гэсэн бодол надад байсан. Ялангуяа энэ жил өвөөгийн минь 110 жилийн ой тохиож байгаа онцлог жил байлаа. Дотроо маш их бодож, хүсч байсан. Мэдээж хүслээ биелүүлэхийн тулд зүгээр суухгүй шүү дээ. Өнгөрсөн намар 9-10 сараас эхлээд л бэлтгэл сургуулиа дээд түвшинд базааж, бэлдэж эхэлсэн. Нэлээд шаргуу бэлдсэнийх үр дүн нь ч сайн гарсан гэж бодож байна.
-Наадмын даваануудаа эргэн дурсвал? -Барилдаанууд бол мэдээж хүнд байсан. Ялангуяа төрийн наадам магнайлж барилдана гэдэг асар их өндөр хариуцлага байдаг. Ам авах бүртээ бодож тунгаах гээд даваа болгон хүнд хэцүү. Тэр болгоныг зохицуулаад л барилдсан даа.
-Та ам авах үедээ олон хүнтэй зөвлөлдөж байгаа харагдсан? -Мөнхбат багштайгаа зөвлөсөн, Сумъяабазар аварга, Хишигдорж заан, Гочоосүрэн заан, манай дүү Батбаяр харцага гээд ер нь тал талаасаа л ярилцсан даа. Ам авна гэдэг маш хариуцлагатай. Нэг хоёр хүн үлдсэн байлаа гэхэд хэн нь дээр вэ гээд маш сайн шүүж тунгаах шаардлага гардаг. Яг өөрөө толгой мэдээд ам авахад алдаа оноо гардаг л даа. Тал талаасаа зөвлөж ярилцаад, шүүж тунгаасан болохоор энэ жилийн ам авалтууд аятайхан боллоо гэж бодож байгаа.
-Олон жил барилдсан болохоор өмнөх алдаа, оноо болгоноосоо туршлага сууж, тэр хэрээрээ хашир, хийгүй барилдсан болов уу? -Тэгэлгүй яахав. Би чинь үндсэндээ 16-17 жил төрийнхөө их баяр наадамд барилдлаа. Туршлага суухгүй гээд яахав. Хүн жил ирэх тусам амьдралын туршлага суудаг шиг наадмаас наадмын хооронд барилдааны арга барил, зөв ам авах гээд бүх л зүйлд туршлага сууж, суралцана шүү дээ.
-Наймын даваанд Мөнхбаатар арслан та хоёрын барилдаан багагүй шуугиан тарьсан? -Тэр бол нэг их шуугиад сүйд болоод байхаар зүйл биш л дээ. Монголын үндэсний бөхийн дүрэмд байж байгаа зүйл. Хоёр бөх зүүн талаараа шуудагдалцаад барьц задарсан тохиолдолд дараагийн буюу баруун талын шуудганд шилжинэ гэж заасан байдаг. Миний хувьд дүрмээ л барьж барилдсан. Мөнхбаатар өдий зэргийн том цолтой хүн дүрмээ мэдэхгүй байна гэж байхгүй байлгүй дээ. Мөнхбаатар шуудагны барьц авсаны дараа 2-3 мэхний оролдлого хийсэн. Гэхдээ хүн унагачихаар сүйдтэй мэх байгаагүй л дээ. Тэгээд л барьцаа алдсан. Эндээс барилдаан зогсох ёстой. Уг нь хоёр засуул шуудагны барьц задрах үед хүрч ирж бариад дараагийн барьцанд шилжүүлэх ёстой юм дүрмээрээ. Ганбаатар арслан дүрэм баримталж 2 бөхийн барилдааныг зогсоож байсан. Энэ нь үзэгчдийн хувьд ойлгомжгүй санагдсан байж магадгүй. Тухайн үед барилдааныг дур мэдэн зогсоолоо гэх буруу зөрүү ойлголт, уур амьсгал гарч байсан. Ер нь цэнгэлдэхэд сууж байгаа бөхийн тайлбарлагч нар бөхийнхөө дүрмийг маш сайн мэддэг хүмүүс баймаар юм шиг санагдсан. Тэр үед тайлбарлагч МҮБ-ийн дүрмийн тэр заалтыг зарлаад, хэлээд өгчихсөн бол үзэгчид ойлгоно шүү дээ. Тэгэхгүйгээр нэг тийм битүү хардлага сэрдлэг төрүүлээд л… Ямар ч байсан би хувьдаа монгол бөхийнхөө дүрмийн дагуу л барилдсан.
-Наадмын дараа Г.Ганхуяг харцага сонинд өгсөн ярилцлагадаа “Хөвсгөлийнхнийг дандаа ингэж гадуурхдаг” гэсэн маягтай зүйл ярьсан байсан?... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ