“Норовбанзад” сан нь шинжлэх ухаан, утга зохиол, урлаг соёлыг бүх талаар дэмжиж, хөгжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага билээ.Сан нь монголын их урлагийн өв санг хамгаалах, хадгалах түүний дотор монгол ардын уртын дууг хөгжүүлэх, судлах, сурвалжлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, залуу үед өвлүүлэх бүхий л үйл ажиллагааг дэмжсээр ирсэн.Тус Сангаас Монголын Соёл Урлагийн шилдгийн шилдэг бүтээлд олгох Соёл урлагийн дээд хүндэтгэл “НОРОВБАНЗАД ШАГНАЛ”-ыг бий болгосноо албан ёсоор зарлах, шагналтнаа тодруулж гардуулах ёслолын арга хэмжээг энэ оны 12 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Азийн Фукуокагийн соёлын шагналт, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын мэндэлсний 80 насны ой тохиож байгаатай холбогдуулан хийх юм. Дэлхий дахинаа нэр нь цуурайтсан уртын дууны домогт хатан хаан Норовбанзадын дахин эс олдох эгэлгүй авъяасыг мөнхжүүлэх, Монголынхоо урлаг, соёлын хөгжлийг дэлхийн шилдгүүдийн зиндаанд хүргэхээр “НОРОВБАНЗАД ШАГНАЛ”-ыг бий болгосон. Энэхүү нэр хүндтэй шагналыг Шилдэг Уран Бүтээл, Шилдэг Уран Бүтээлч, Шилдэг Урлагийн Оюуны Бүтээл гэсэн төрлөөр хоёр жил тутам олгох гэнэ. Энэ удаа "Аида" дуурь шилдэг оюуны бүтээлээр шалгарч, судлаач Д.Оюунцэцэг, шилдэг уран бүтээлчээр Монгол Улсын Ардын жүжигчин ҮДБЭЧуулгын гоцлол хөгжимчин, морин хуурч Ч.Батсайхан шалгарч "Норовбанзад" сангийн Соёл Урлагийн дээд шагналаар шагнагдаж, тус бүр таван сая төгрөгөөр шагнууллаа.
Гэрэл зургуудыг Н.Ариунаа
Уртын дууны домогт хатан хаан Намжилын Норовбанзадын товч намтар
Н.Норовбанзад нь 1931 оны 12 сарын 10 өдөр Дундговь аймгийн Их газрын чулуу, Сүүдэртийн Улаан Овоо хэмээх газар төржээ.Бага насаа Дэлгэрцогт сумын бага сургуульд сурч,хонь хурга хариулж,улмаар 15 насандаа Дэрэн сумын улаан буланд сайн дурын уран сайханч болж байжээ.18 насандаа Мандалговь хотын клүбын жүжигчнээр уригдан ажиллах болсноор түүний их урлагт зориулсан 50 жилийн бмьдралын зам тийнхүү даруухнаар эхэлсэн билээ.
1957 онд Москва хотноо болсон Дэлхийн Залуучууд Оюутны 6 их наадмаас “Сэрүүн сайхан хангай” дуугаараа ардын урлагийн алтан медалийг анх удаа эх орондоо авчирсан нь түүний тив дэлхийд нэрээ дуурсгах эхлэл нь болсон.Түүнээс хойш 1961 онд гавьяат, 1969 онд ардын жүжигчин болж, 1984 онд Төрийн шагнал, 1993 онд Япон Фукуокогийн Азийн соёлын шагнал, 1997 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртэв.
Монголын уртын дууны их оргил болсон “Өвгөн шувуу хоёр” “Дуртмал” Цэвцгэр хурдан шарга”-аас эхлээд дунд гарын “Алтан богдын шил” “Урьхан хонгор салхи” бэсрэг дуу “Зээргэнэтийн шил” “Хүрэн толгойн сүүдэр” гээд нэг дуучин байтугай нэгэн үеийнхний дуулдаг ихэнх дууг өөрийн ид шидэт хоолойгоор өргөн түмний сонорт хүргэжээ. Мөн “Сэрүүн сайхан хангай” “Уяханзамбуутивийн наран” дуу нь дахин нэгэн зуунд төрөөгүй, хосгүй үнэт урлагийн бүтээл болсныг манайд төдийгүй дэлхйи дахинаа гайхан биширдэг. Эдгээр дуугаараа Н.Норовбанзад давтагдашгүй дээд амжилт тогтоосон.
Тэрээр их урлагт амьдралынхаа 50 жилйиг зориулж, дахин давтагдашгүй, ер бусын авъяас билиг, гайхамшигт дуу хоолой, урлагийг бүтээх суу ухаанаараа дэлхийн урлагийн агуу их зүтгэлтэн болсон юм.
Монголын үндэсний оюуны чадварыг дэлхийн сонорт хүргэхэд бие, сэтгэл, оюун юугаа зориулсан цөөн их хүмүүсийн нэг билээ.
Дэлхийн урлагийн хөгжлийн соёлд содон ганцаараа үлдсэн суут бүтээл болох уртын дуундаа мөнхөрч, амьд ахуйдаа домог болсон их дуучин бол Япон улсын Фүкүокагийн Азийн соёлын шагналт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзад билээ. Түүний хосгүй их авъяас, тэнгэрлэг дуу хоолой дэлхий дахинаа одоо ч дуурссаар байна.
Н.Норовбанзадын тухай монгол, япон уран бүтээлчдийн бүтээсэн баримтат кино, уран сайхны нэвтрүүлгүүд олноороо төрөн гарсан юм.Тэдгээрээс “Уртын дууны хатан хаан” “Үлэмжийн чанар” “Уртын дууны хотол” “Зээргэнтийн шил” гэх мэт монгол уран бүтээлчдийн “Who is who” “Amazing Voice” /2011он/ гэх мэт японы NHK телевизийн баримтат кинонууд бүтээгдсэн. Тэрээр жинхэнэ од байсан юмаа.
|
СЭТГЭГДЭЛ БИЧИХ