Хөтөлийн Цемент Шохой үйлдвэр дампуурсан
Саяхан ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Хөтөлийн Цемент Шохой үйлдвэр 2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, эцэстээ дампуурсаныг нийтэд мэдээлсэн.Тус үйлдвэр нэг төгрөгийн орлого олохын тулд 1.7 төгрөгийн зарлагатай ажилладаг, нэг тонн цемент үйлдвэрлэх бүрдээ алдагдал хүлээж байсныг сая л хүлээн зөвшөөрөв. Шалтгаан нь хувийн хэвшлээс дээрэмдэж авсан үйлдвэртээ улстөрийн томилгоо хийж, мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулж ирсэний гор. Угаас төрд очсон бүхэн ашигтай ажиллаж ирсэн түүх байхгүй. Сануулбал техникийн шинэчлэл огт хийгдээгүй балгас болсон үйлдвэрийг 2015 онд хувьчилж 260 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн хөл дээр нь босгож, нэг сая тоннд цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болгосон байдаг. Гэтэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ашигтай ажиллаж ирсэн үйлдвэрийг 2022 онд хуйвалдаанаар төрийн нэр барин булаахдаа цементийн үйлдвэрүүдийн монополыг задална гэх лоозон барьсан нь өдгөө үнэнд гүйцэгдэж, алдагдлыг нь татвар төлөгчид төлөх болж, эцэстээ Монгол Улс хохирч байна. Хувийн хэвшилд шилжсэн 7 жилийн хугацаанд ашигтай ажиллуулсан хөтөлийн цемент шохой үйлдвэр төрд очмогц алдагдалтай ажилласан нь ердөө бүлэглэлийн шахаа, мөнгөний гахай болгон ашиглаж ирсэний л балаг. Хөтөлийн Цемент шохой үйлдвэрийг хэсэг бүлэг хүмүүс саалийн үнээ болгон ашиглахын тулд мэргэжлийн бус, цүнх баригчдаа удирдлагаар нь ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилдог байсныг ажилчид гэрчилдэг. Аймгийн төсвийн 60 гаруй хувийг бүрдүүлж байсан Хөтөлийн Цемент Шохой компани одоо хөл дээрээ босно гэдэг тун хэцүү болжээ. Барилгын салбарын нийт өртөгийн тал шахуу хувийг бүрдүүлдэг цементийн үйлдвэрийг дэд бүтэц эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед зогсоох нь эдийн засгийн хувьд хохиролтой.
Хувийн хэвшилд шилжүүлэх нь эдийн засгийн хувьд яагаад зөв шийдэл вэ?
Хөтөлийн цемент шохой үйлдвэр бол Монголын барилгын салбарын тулгуур дэд бүтэц, үндэсний үйлдвэрлэлийн гол цөм нь. Үйлдвэрийн үйл ажиллагаа ашигтай байх уу? эсхүл алдагдалтай байх уу гэдэг нь технологи, үнэ, зах зээл биш харин эзэмшигч нь хэн байхаас шалтгаалдагийн бодит жишээ Хөтөлийн цемент шохой үйлдвэр билээ. Үүнийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ч гэрчилсэн нь саяхан. Тиймээс энэ үйлдвэрийг улстөрийн нөлөөнөөс салгаж, үрэлгэн байдлыг нь багасгах, ашигтай ажиллуулахын тулд хувийн хэвшилд шилжүүлэх шаардлага бодитой болжээ. Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг төрд шилжүүлж 22.3 мянган тонн цемент үйлдвэрлэх төдийд ажиллуулж дампууруулчихаад одоо хувийн хэвшилд санал болгож буй.
Их хэмжээний алдагдалтай, капитал засвар хийгдээгүй үйлдвэрийг авах хувийн хэвшил олдвол алга ташихаар болоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ