Хандивыг хүлээн авлаа
Япон улсаас Монголд суугаа Элчин сайд ноён Такенори Шимизү 220 мянган америк долларын үнэ бүхий 10560 курс Тамифлю эм /оселтамивир/ болон 2160 N95 амны хаалтыг манай улсын эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламж болгон хүлээлгэн өгснийг Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон хүлээн авав. ЭМЯ дээр болсон энэхүү үйл ажиллагаанд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч доктор Луо Дапенг, ЭМЯ-ны НЭМБХЗГ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэл, Эм эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэр болон албаны бусад хүмүүс, мэргэжилтнүүд оролцов. Японы Засгийн Газраас вирусын эсрэг бэлдмэл, хувийн хамгаалах хэрэгслийг нөөцлөх зорилгоор 31,9 сая ам.долларын нөөц хэрэгсэл бүхий Ази-Европын Санг байгуулсан бөгөөд түүний дотор 440000 курс Тамифлю эмийг нөөцөлсөн аж. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Такенори Шимизү арга хэмжээний үеэр үг хэлэхдээ "Өнөөдрийн арга хэмжээ нь цар тахлын хариу арга хэмжээний бэлэн байдлыг шалгах зорилготой бөгөөд Монгол улс гамшиг онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ төлөвлөхөд нь бид хувь нэмрээ оруулж байгаа гэдэгтээ итгэлтэй байна" гэв. Түүнчлэн ноён Элчин сайд, шинэ болон сэргэж буй зоонозын халдварын эрсдэлээс хүн амыг хамгаалахад Монгол улсын Эрүүл Мэндийн Яамны зүгээс манлайлан хийж буй ажлыг өндрөөр үнэллээ. Эрүүл Мэндийн Дэд Сайд Ж. Цолмон Японы Засгийн Газарт хариу талархал илэрхийлж, эдгээр эм, хувийн хамгаалах хэрэгсэл нь цар тахлын хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцлов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ