Биоаюулгүйн экспертүүд зөвлөлдлөө
Биотехнологийн хөгжлийг шинэ шатанд гаргах эрдэмтэн судлаачид, хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж буй нийт төлөөллийн санал, санаачилгыг хүлээн авч, цаашдын ажилдаа тусгах зорилгоор анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Даян дэлхийн байгаль хамгаалах сан, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, БОАЖЯ-наас хамтран хэрэгжүүлж буй “Биоаюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэх” төслөөс тус уулзалтыг санаачилсан юм. Зөвлөлдөх уулзалтад биотехнологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй болон байгалийн шинжлэлийн бусад салбарын 40 гаруй эрдэмтэн судлаач оролцлоо. Биоаюулгүйн зуучлагчийг ашиглах, Биоаюулгүйн зуучлагчаас шаардлагатай мэдээлэл олж авах, хувиргасан амьд организм, түүнээс гаралтай бүтээгдэхүүнийг илрүүлэх талаар эрдэмтэн, мэргэжилтнүүд илтгэл тавьж, биоаюулгүй байдлын өнөөгийн тулгамдсан асуудлууд, биоаюулгүйн экспертүүдийн гүйцэтгэх үүрэг болон Биоаюулгүй Байдлын Үндэсний хөтөлбөр боловсруулахад голлон анхаарах асуудлуудаар оролцогчид санал бодлоо солилцов. Зөвлөлдөх уулзалт нь биоаюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах судалгаа, хяналтын байгууллагуудын одоогийн чадавхи, цаашид хийх шаардлагатай ажлын талаар санал бодлоо солилцсон, биоаюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг хөндсөн, цаг үеэ олсон уулзалт болж өндөрлөлөө .
СЭТГЭГДЭЛ БИЧИХ