| |
| "TLG13" ТББ Монголд анх удаа сагсан бөмбөгийн үе үеийн дасгалжуулагч, багийн эзэд, дасгалжуулагчдын шинэ жилийг энэ сарын 11-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус шинэ жилийн үеэр сүүлийн 16 жилийн түүхэн дэхь шилдэг гарааны таван тоглогч, хамгийн өндөр амжилт үзүүлсэн 3 баг, одоо цагийн монголын сагсан бөмбөгийн шилдэг гарааны таван тоглогчдыг тодруулж өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнасан.
Монголын сагсан бөмбөгийн шилдэг дасгалжуулагчаар Д.Маргад-Эрдэнэ, М.Гантөмөр, Д.Уртнасан, Б.Дамба, Ц.Цэвэрбал нар шалгарлаа. Харин Монголын сагсан бөмбөгийн 16 жилийн түүхэн дэх шилдэг үнэ цэнэтэй тоглогчоор П.Батзаяа (Алтайн бүргэд багийн тоглогч, ОУХМ), Ж.Майбаяр (Лигийн гурван удаагийн аварга, 1+11, Генералууд, Хараагийн Харцага багийн тоглогч, ОУХМ), М.Отгонбаяр (Лигийн долоо удаагийн аварга, Бизнесийн чөтгөр, 1+11, Монгол даатгалын Лидер, Азарга зэрэг багийн тоглогч, ОУХМ), Т.Түвшинбаяр (Лигийн зургаа удаагийн аварга, Азийн чоно, Бизнесийн чөтгөрүүд, Хараагийн Харцага, Азарга зэрэг багийн тоглогч, ОУХМ), Ц.Жарамжамц (МУГТ, ОУХМ, Лигийн дөрвөн удаагийн аварга, 1+11, Монгол даатгалын Лидер, Баянзүрх Булзс багийн тоглогч) нар тус тус тодорлоо.
Мөн Монголын сагсан бөмбөгийн 16 жилийн түүхэн дэх хамгийн өндөр амжилт үзүүлсэн шилдэг гурван багийг тодруулсан. Үүнд: н.Баасандорж эзэнтэй, Д.Уртнасан дасгалжуулагчтай Харцага баг (2004,2006, 2007, 2011 оны лигийн аварга), 1+11 баг (Лигийн гурван удаагийн аварга, 1992,1999 оны спартикадын аварга), М.Гантөмөр дасгалжуулагчтай Монгол даатгал компанийн "Лидер баг" (Лигийн гурван удаагийн аварга, 2005 оны Насанд хүрэгчдийн улсын аварга) гэсэн гурван шалгарсан. Түүнчлэн одоо цагийн Монголын сагсан бөмбөгийн хамгийн шилдэг, үнэ цэнэтэй гарааны таван тоглогчийг монголын шилдэг гэсэн дасгалжуулагчдаар санал асуулга явуулан тодруулсан. Одоо цагийн шилдгүүдээр Г.Ихбаяр, О.Ууганбаяр, Т.Отгонмөнх, Ц.Мэргэн, н.Одбаяр нар шалгарлаа. Анх удаа зохион байгуулагдсан тус шинэ жил маш амжилттай болсон бөгөөд жил бүр тогтмол хийх ажээ. |
|
|
СЭТГЭГДЭЛ БИЧИХ