H1N1 вирусээр 11 хүн өвчилжээ
Өнгөрсөн жил дэгдээд байсан томуугийн А хүрээний H1N1 вирусээр хот болон хөдөөд 11 хүн өвчлөөд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар манай улсад дахин 300 мянган тун вакцин оруулж ирсэн ч урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд иргэд идэвхи муутай оролцож байна.
Иргэдийн дөнгөж 40 хувь нь л өнөөдрийн байдлаар тарилгад хамрагджээ. Энэ өвөл H1N1 вирусийн халдвар намжиж байна уу даа гэж байтал он гараад ийнхүү 11 хүн өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Нийслэлийн хүн ам ихтэй СХ, БЗ, ХУД-т хүний томуугийн вирусийн халдвар илэрсэн бол Ховд аймагт хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Халдвар авсан хүмүүсийн насны байдлыг авч үзвэл 0-39 насны иргэд зонхилж байна гэж мэргэжилтнүүд хэллээ.
H1N1 вирусийн халдвар бүртгэгдлээ гээд айх зүйл байхгүй гэж байна. Гэхдээ тарилгад хамрагдаагүй байгаа иргэдэд зориулж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дээр дурдсан хэмжээний хүн тун вакцин оруулж ирсэн ч иргэд идэвхи муутай хамрагдаж байна гэж ХӨСҮТ-ийн эмч хэлж байна. Манай улсын иргэдийг өнгөрсөн жилийн турш сандаргаж 30 шахам хүний амийг авч одсон томуугийн А хүрээний H1N1 вирусийн эсрэг вакцинаа жирэмсэн эхчүүд, өндөр настнууд, бага насны хүүхэд, уушигны эмгэгтэй иргэд гээд хүн бүр даруйхан хийлгэх хэрэгтэйг эмч нар зөвлөж байлаа. Учир нь H1N1 вирус нь улирлын томуутай ижил төстэй шинж тэмдгээр илэрдэг гэж байна. Иймээс өвчнөө хүндрүүлэх магадлал өндөр байгааг анхааруулж байсан юм.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ