
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Хуралдаанд УИХ-ын 41 гишүүн эхлээд оролцож байв.
Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулж, уг хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Н.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцуулсан юм.
Танилцуулгатай холбогдуулан асуулт, хариулт явагдах үеэр УИХ-ын гишүүн А.Тлейхан хэлэхдээ, үндэсний цөөнх болсон казах түмний дотроос УИХ-д нэр дэвшүүлэн сонгох талаар Сонгуулийн хуулийн төсөлд оруулахдаа намын бүлгүүд харилцан ойлголцож, ажлын хэсгийн түвшинд мөн ярилцан, боломжийн байдлаар оруулж ирсэнд талархаж байна гэсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Ганбямба энэ үеэр “...үнэ бүхий зүйл...” гэдгийн талаар тодруулж асуугаад, нэр дэвшигч нь тайлан тавихдаа тодорхой хүрээнд л хийх хэрэгтэй байх, тэрнээс бус хийсэн бүгдийгээ тоочих боломжгүй гэж хэлж байв. Мөн тэрээр, сонгуулийн тухай хуулийн энэ төсөлд гишүүд ч сайн ойлгоогүй байх талтай бүрхэг зүйлүүдийг аль болох тодорхой болгох, тэгэхгүй бол ард иргэд ч ойлгоход бэрх хууль гарах вий гэж хэлсэн.
Харин үүнд Н.Энхболд гишүүн хариулахдаа, УИХ-ын гишүүдэд тэр хэлээд байгаа шиг олон янзын статус байхгүй, цаашид нэр дэвшигч болж, сонгогдоод явсан ч тусгай эрх мэдэл эдлэх гэх зэрэг тийм боломж алга байгаа гэдгийг хэллээ. Н.Ганбямба гишүүн, гишүүдийн гурван янзын статусаас эхлээд ойлгомжгүй маш бүрхэг зүйл олон байгааг одооноос хэлэх л хэрэгтэй гэж байв.
Ингээд өөр асуулт байгаагүй тул Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд санал хураалгаж эхэлсэн юм.
Төслийн талаарх нэгээс тав дахь саналууд гишүүдийн дэмжлэгийг хүлээсэн бөгөөд тойрог байгуулах асуудал болох төслийн 12.1 нь “УИХ 26 тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоог харгалзан санал авах өдрөөс зургаагаас доошгүй сарын өмнө байгуулж, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно” хэмээгдэн гишүүдийн дэмжлэгийг хүлээв. Түүнчлэн аймаг, нийслэлийн, дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болох санал ч дэмжлэг хүлээлээ. Тойрог байгуулах хүн амын тооны улсын дундажийг аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтоохоор болов.
Чуулганы нэгдсэн хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооноос зарчмын зөрүүтэй 39 саналыг оруулсан бөгөөд гишүүд эхнээс нь хэлэлцэн дэмжиж явсаар төслийн 27 дугаар зүйлийн нам, эвслээс нэр дэвшүүлэх гэдэг дээр ирэхэд, 27.2-т буй “нам, эвслээс энэ хуулийн 27.1-д заасны дагуу нэр дэвшиж байгаа хүний 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна” гэсэн санал мөн дэмжигдэж, эмэгтэй нэр дэвшигчдийн квот дээр ахиц гарлаа.

Түүнчлэн 27.5.3-д заахдаа энэ хуулийн 27.5.1-д заасны дагуу нэр дэвшүүлэхдээ эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх үйл ажиллагаа явуулахыг хориглохыг гишүүд дэмжсэн. Мөн нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг гаргахдаа эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг тойргийн дарааллаар, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 24.1, 27.4-т заасан хуралдаанаар нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо, хувиар нь эрэмбэлэн дараалалд оруулахыг гишүүд дэмжсэн юм.
Төслийн 37 дугаар зүйлд “хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 37.24-т заасан нийтлэл, нэвтрүүлгийг захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр нийтэлж, нэвтрүүлэх бөгөөд нийтлэл, нэвтрүүлгийн материал дээр захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичсэн байх, энэ нь тухайн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна” гэснийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Хэрэв нийтлэл, нэвтрүүлэг нь үнэн зөв бодит байдлыг зөрчсөн бол нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор боллоо. Түүнчлэн нэр дэвшигчийг мөн үүний адил торгохоор тогтов. Харин хэвлэл мэдээллийн байгууллагын хийсэн нийтлэл, нэвтрүүлэг нь үнэн зөв, бодит байдлыг зөрчсөн бол тухайн хэвлэл мэдээллийн байгууллага нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах юм байна.
Д.Арвин гишүүн хуралдааны үеэр нэгэн асуулт тавьж, санал хэлсэн юм. Тэрээр, шашны болон уламжлалт зан үйлтэй холбоотой зарим зүйл дээр хэлэх санал байна гээд, арван жил хийгээд ирсэн ёс заншил байна. Тухайлбал, уул ус тахих гэхчлэн. Гэтэл цагаан сарын үеэр энэ байдлыг хууль зөрчсөн гэж үзэх юм уу, нэг хууль гаргахдаа нөгөөг нь хаахаа болих хэрэгтэй, арай хатуудсан юм биш үү гэлээ. Харин үүнд ажлын хэсгийн ахлагч хариулахдаа, тиймэрхүү арга хэмжээ, үйл явдлыг санхүүжүүлэх, ивээн тэтгэх явдлыг хязгаарлах зорилгоор л оруулсан заалт гэж байв. УИХ-ын дарга хэлэхдээ, энэ бол одоо орж ирсэн заалт биш, өмнө нь хураагдсан санал гэдгийг тодруулсан юм.
УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн нийтлэл нэвтрүүлэг, сонин хэвлэлийн тухайд ойлгомжтой байна, гэхдээ “бусад хэвлэмэл хэлбэр” гэдэгт чухам юу юу ороод байгааг тодруулна уу? гэхэд, УИХ-ын дарга түүнд энэ нь мөн урьд нь санал хураачихсан зүйл гэдгийг дуулгасан.
Төслийн 47.7-д “сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсаа саналын хайрцагт хийнэ” гэсний ард машин эсхүл санал авах төхөөрөмж гэж бичиж, найруулахаар болсон бөгөөд энэ нь Ч.Сайханбилэг гишүүний хэлсэн үг байв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, нийслэл хотын хувьд 28 хувийн санал аваагүй бол яах вэ, хот суурин газарт улс төрийн идэвхжил асар их болсон нөхцөлд Улаанбаатар зэрэг хотожсон газарт нэр дэвшигчийн санал хүрээгүй бол яах вэ, дахин сонгууль явуулах юм уу гэж асууж байв.
Үүнд Ж.Сүхбаатар гишүүн, нэг мандат дээр хамгийн олон санал авсан хүнээс хоёрыг нь өрсөлдүүлээд, тэдний хамгийн олон санал авсан нь ялах юм гэж хариулсан. Мөн энэхүү хоёрдугаар шатны санал хураалтыг хөгжилтэй олон газар хэрэглэдэг гэдгийг дурдаж байлаа.
Ийнхүү нэгдсэн чуулганд оролцсон гишүүд Сонгуулийн хуулийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар эцсийн хэлэлцүүлгийг хийж, 39 саналыг хэлэлцэж, саналаа хураалгаж дууссан бөгөөд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “батлая” гэсэн санал хураалтыг явуулахад 36 гишүүн буюу 85,7 хувь нь Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжсэн юм. Харин 6 гишүүн буюу 14,3 хувь нь татгалзсан.
Эцэст нь, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Сонгуулийн тухай хууль бол шинэчилсэн, нэмэлт өөрчлөлт орсон ихээхэн том хууль байлаа гэдгийг тэмдэглэн хэлж, гурван жилийн хугацаанд зарим бэрхшээлийг ч давж чадсан, ер нь өмнөхөөс нэлээд их өөрчлөлт орсон хууль юм гэдгийг онцолж байв. Тэрээр энэ хуулийг гаргахад биечлэн оролцсон бүх хүнд талархал илэрхийлсэн.
Дараа нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ хууль нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлэгдэж байсан. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Д.Очирбат гишүүн хийсэн бөгөөд гишүүд 66,7 хувийн саналаар батлав. Өмнө нь өргөн барьсан байгаад хэлэлцэн явсаар одоо эцэслэн шийдэж байгаа тул, дагалдан өргөн баригдсан хуулийн хамт хүчин төгөлдөр болсон гэсэн үг биш. Тиймд Төсвийн тогтвортой байдлын хууль батлагдсан өдрөөс мөрдөх биш энэ хуулийг одоо батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр болж, редакцийн засвар хийх юм байна.
Үүний дараа Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Энэ нь гишүүн З.Энхболд нараас болон гишүүн С.Эрдэнэ нараас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл юм байна. Хууль зүйн байнгын хорооны энэ талаарх танилцуулгыг гишүүн Х.Тэмүүжин хийлээ.
Ц.Даваасүрэн гишүүн энэ үеэр, сонгуулийн хуульд бэлэг тараах гэхчлэн сонгогчдыг өөртөө татах асуудлыг хорихоор орсон. Тэгэхээр та бүхний оруулж ирж буй энэ хуулийн төслөөр бол төрийн эсрэг гэмт хэрэг гэдэгт тэр бэлэг сэлт тараахаас авахуулаад сонгуулийн хуулийг санаатайгаар зөрчсөн зарим буруу үйлдлийг оруулж болох уу хэмээн асууж байв.
С.Эрдэнэ гишүүн хэлэхдээ, энэ хуулийн гол санаа бол төрийн эрхийг хууль бусаар авахын эсрэг гэсэн нэмэлт оруулж ирж байгаа явдал юм гээд, зохион байгуулалттайгаар, санаатайгаар сонгуулийн үр дүнг будлиантуулвал... гэдгийг жишээ гарган тайлбарласан. З.Энхболд гишүүн ч тодорхой тайлбарыг хэлсэн юм.
З.Энхболд, санал худалдаж авах зорилгоор бэлэн мөнгө тараах арга хэмжээ зохиох зэрэг нь сонгуулийн тухай хуулийн заалтад тодорхой 130 дотроо байгаа . Улс орны хэмжээнд бүлэглээд хэдэн зуун мянган хүнийг хамрах юм бол өөр гэлээ.
Ингээд санал хураалт явуулж, нэгдсэн хуралдаанд оролцсон 35 гишүүн хуулийн төслийг дэмжлээ.
Дараа нь, Цахим гарын үсгийн тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон "Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооноос оруулсан зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хураасны дараа хуулийн төслүүдийг гишүүд санал нэгтэй баталлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ