
Европын хамгийн тайван орны нэг Бельгийн Льеж хотноо нам гүмийг эвдэн бөмбөг тэсэлж, хүмүүс рүү автомат буугаар шүршсэн Нордин Амрани гэгч этгээд хэн байв.
Оны сүүлэн дээр Брейвикийн хэргийг давтах шахам шуугиан тарьсан энэ этгээд ямартай ч террорист байгууллагуудтай холбоо сүлбээгүй нэгэн болохыг Бельгийн прокурорын газраас мэдэгдсэн.
Тиймээс Нордин Амрани гэгч Брейвикийн үзэл бодол нэгт алуурчин байв уу, ямар зорилгоор нам гүм хотыг цочроож олон хүний аминд хүрсэн бэ, яагаад гэх асуултууд хариулт нэхэж байна.
Мансууруулах бодис хадгалж, галт зэвсэг наймаалсан хэргээр Бельгийн шүүхээс гурван жилийн хорих ял авсан тэрбээр өдгөөгөөс жилийн өмнө шоронгоос ялаа эдлэн сулагджээ.
1978 онд Бельгийн нийслэл Брюссель хотноо төрсөн Нордин Амрани франц хэлээр ярьдаг марокко гаралтай нэгэн байжээ. Гэсэн ч тэрбээр араб хэлээр ярьдаггүй, мусульман биш католик шашин шүтдэг байж.
Тиймээс түүнийг шашны ямар нэгэн зорилгоор энэ хэргийг үйлдсэн гэхэд хэцүү. Цагдаа нар түүнийг гэрийг олж очиход гэрээс нь хөрш айлынх нь үйлчлэгч эмэгтэйн цогцсыг илрүүлсэн юм.
Мөн гэрт нь ихээхэн хэмжээний гар бөмбөг, буу сум хадгалагдаж байсныг олжээ. Тэр эмэгтэйг алуурчин толгойд нь буудаж хөнөөгөөд цүнхэндээ олон гар бөмбөг, гар буу, автомат буу хийж хотын төв талбайг зорин оджээ.
Сент Ламбертын төв талбайд хэрэг явдал өрнөж дууссаны дараа олон гэрчүүд Нордин Амраниг ганцаараа бус хамтрагчтайгаа байсан хэмээжээ. Гэсэн ч прокурорын газраас түүнийг ганцаараа хэрэг үйлдсэн ба ямар нэгэн хамтрагч этгээд байгаагүй хэмээн албан ёсоор зарласан.
Одоо шинжээчид, мэргэжилтнүүд түүнийг ямар учраас ийнхүү олон нийтийн эсрэг гэмт хэрэг үйлдэх болсныг тодруулахаар ажиллаж байна. Гэсэн ч нэгэнт хэргийг үйлдэгч этгээд одоо амьд бус. Тийм учраас хэргийг үнэн мөнөөр тогтооход хүндрэлтэй болжээ.
Яагаад, яагаад гэсэн маш олон асуултын хариултыг Нордин Амрани булшиндаа аваад оржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ