Есөн тамирчин олимпийн эрхээ өвөртлөөд байна

img

Одоогийн байдлаар буудлага спортын төрөлд олимпийн мөнгөн медальт МУГТ О.Гүндэгмаа АНУ-д болсон дэлхийн цомын тэмцээнээс эрхээ өвөртлөөд байгаа. Буудлагынхны хувьд энэ онд Германы Мюнхен, Австрали, БНСУ, Америк зэргэ орнуудад болсон дэлхийн цомын дөрвөн тэмцээнд оролцсон. Эдгээр өрсөлдөөн нь бүгд олимпийн эрх олгох байсан юм. Харин 2012 оны 1-р сард Катарын Дохад буудлага спортын ААШТ болно. Энэ тэмцээн буудлагын тамирчдын олимпийн эрх авах сүүлчийн тэмцээн бас гол найдвар болоод байгаа. МБСХ урт буучиддаа нэлээд найдвар, итгэл тавьж байгаа юм байна. Монголын тамирчдаас хамгийн анхны эрхийг ОУХМ Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нар олимпийн эрхээ авсан юм. Боксын тамирчдын олимпийн эрх авах тэмцээн цөөхөн, чансаа өндөртэй шалгуур ихтэй байгаа бол өнгөрсөн 10-р сард Азербайжаны Бакуд болсон боксын ДАШТ-ээс 49 кг-д олимпийн мөнгөн медальт, МУГТ П.Сэрдамба, 64 кг-д МУГТ У.Мөнх-Эрдэнэ хоёр л эрхээ аваад байгаа. Харин ирэх оны 4-р сард Казахстаны Алматыд ширэн бээлийтнүүд олимпийн эрх авах сүүлийн тэмцээнд тулалдана. Гэхдээ энэ тэмцээний тулаан бүр өндөр үүрэг хариуцлага, тэсвэр тэвчээр шаардана. Үүнээс зарим жинд зөвхөн алт авсан, бусад жинд алт, мөнгөн медаль хүртсэн боксчин эрхээ авах юм. Чөлөөт бөхийн тамирчид өнгөрсөн 9-р сард Туркийн Стамбулын дэвжээнд өрсөлдөж эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд ОУХМ О.Насанбурмаа, эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 120 кг-д ОУХМ Ж.Чулуунбат нар олимпийн эрхээ авсан. Харин чөлөөтийнхөнд бусад тамирчдыг бодвол маш их боломж байгаа. Учир нь тэднийг он гараад олимпийн эрх авах 2012 оны 3-р сард Казахстаны Астана, 4-р сарын сүүлчээр Хятад, 5-р сарын эхээр Финляндад болох тэмцээнүүд хүлээж байгаа бол эмэгтэйчүүдийн олимпийн 48, 55, 63, 72 гэсэн 4 жингийн гуравт нь тамирчид нэмж эрх авахаар зорьж байна. МЧБХ-ны найдвар тавьж байгаа нь 48 кг-д саяны ДАШТ-ий 51 кг-д мөнгөн авсан Д.Отгонцэцэг, 72 кг-д МУГТ О.Бурмаа, ОУХМ Г.Наранчимэг нар юм байна. Тэгвэл байт сурын спорт манай улсад хөгжөөд 40 гаруй жилийг ардаа үдсэн бол ОУХМ Ж.Гантөгс Б.Урантунгалаг нар эрхээ авсан. Тэд шинэ оны хавар багийн эрх авах тэмцээнд цэц мэргэнээ сорино. Монголын жудочдын тухайд Бээжингийн олимпоос хойш 2012 оны олимпийн эрхийн оно цуглуулах тэмцээнд ээлж дарааллан оролцсоор байгаа. Тэдний хувьд дэлхийн жудочдоос амжилт, чансааны оноогоороо дээгүүрт жагсаж яваа. Харин 2012 оны 6-р сарын 01-ны өдөр IJF буюу ОУЖБХ-ноос дэлхийн жудочдын чансаагаар нь жагсааж эрэгтэйчүүд эхний 22, эмэгтэй бөхчүүд эхний 16-д жагсаж чадсан нь олимпийн эрхээ авах юм.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Марафоны хоёр тамирчныг яагаад дурьдаагүй юм бэ. Тэр хоёрыг хамгийн түрүүнд дурьдах хэрэгтэй биздээ.
2011-12-16