А.Энхтуул: “Би тэр охиноос хүчтэй юм байна даа” гэж бодсон
Бид энэ удаа дэлхийн шатрын холбооны Их мастер цолны болзолыг хангаад удаагүй байгаа шатрын Олон улсын мастер А.Энхтуултай ярилцлаа. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд эмээтэйгээ өссөн тэрбээр “Би жаахан байхдаа их урт гэзэгтэй байсан юм. Эмээ миний гэзгийг аймаар чанга сүлждэг байсан. Харин намайг томрох тусам эмээгийн минь сүлжилт сулардаг байсныг сүүлд мэдэж билээ” гэж ярихдаа хоолой бага зэрэг зангирах нь түүнийг өрөвчхөн гэдгийг илтгэнэ. Харин “би өөрийн гаргасан амжилт болгондоо сэтгэл хангалуун байдаг. Эмэгтэй хүн хэний ч дор орохооргүй хүчтэй, хэнтэй ч зэрэгцээд алхах чадвартай байх хэрэгтэй” гэх дайчин яриа нь түүнийг өөртөө итгэлтэй, хэрсүү нэгэн болохыг харуулна. Ингээд түүнтэй ярилцсан хүргэж байна.
-Өөрийн чинь шатрын спортод эргэлт буцалтгүй орсон цаг үеэс ярилцлагаа эхэлье. Анхны багш тань бусад хүүхэдтэй харьцуулахад жаахан орой талдаа шатартай нөхөрлөсөн гэж байсан.
-Би есөн настайгаасаа Багануур дүүргийн “Төр Монгол” клубт Ц.Батболд багшийнхаа удирдлага дор хичээллэж эхэлсэн. Багаасаа л шатарт дуртай хүүхэд байсан. “Хэцүү анги” киноны Гэрэлээгийн дүрд тоглодог мисс Б.Бадамцэцэг бид хоёр багийн найзууд. Хамтдаа шатрын дугуйланд явдаг байлаа. Заримдаа би Бадамцэцэгийнхээ цаг дээр нөхөөд дугуйландаа явчихдаг байсан.
ө
-Урлагийн авьяастай хүүхэд байсан гэсэн шүү дээ. Яагаад дуучин, бүжигчин бус шатарчин болохоор шийдэв?
-Би бага байхдаа дуулдаг, бүжиглэдэг бас төгөлдөр хуур тоглоно, шүлэг, драм уншина ер нь юм юм л хийх гэж оролддог хүүхэд байсан. Тэгээд шатрын клубт ороод, шатар тоглож байгаа хүүхдүүд, шатар гоё санагдаад шатрыг сонгосон. Есөн настай байхдаа ээждээ “За, энэ урлагаар явах юм бол ерөөсөө л аальгүй болоод дуусна. Одооноос эхлээд би шатар тоглоод явлаа” гэж хэлж байсан. Анх сурч байхдаа морины нүүдлийг хийж чадахгүй байсан. Тухайн үед Орос, Хятадын модон өрөг дээр шатар тоглодог. Багш маань хөлөг дээр баахан харын хүү тавиад нэг ширхэг цагааны морь тавьчихаад “хүүнүүдээ ээлж алдахгүй ид” гэдэг. Намайг чадахгүй болохоор загнана, зодно /инээв/. Би маш шартай болохоор шар буцлаад л морийг нь “аймаар” чанга дэвсэлж нүүхээр нөгөө хүүнүүд нураад уначихна. Буцаагаад нөгөөдүүлээ өрөөд, ахиад л нүүнэ. Ингэж загнуулсаар бас шар хөдөлж зүтгэсээр байгаад л сурсан даа. Хүний дор орох дургүй зан минь их нөлөөлсөн.
а
-Манайхан шатрыг “уулгүй газрын цусгүй тулаан” гэдэг. Өөрөө хэдий залуу хүн ч гэсэн энэ спортоор хичээллээд 10 гаруй жил болсон байна.
-Шатар бол шинжлэх ухаан, урлаг, спорт. Яагаад шинжлэх ухаан гэвэл судлах зүйл маш их байдаг. Мөн математикийн шинжлэх ухаантай хослодог шүү дээ. Харин урлаг гэдгийн учир нь яг л амьдрал шиг. Даам бол нэг хожигдсон тэр чигээрээ хожигддог, хожсон бол мөн адил. Харин шатар бол тийм биш яг амьдрал шиг өгөө, аваатай, дээшээ доошоо, хэлбэлзэлтэй, тогтврогүй байдаг. Хүний амьдрал ч гэсэн тийм шүү дээ. Шатар нүүгээд хожигдох гээд явж байхад, айл буруу нүүгээд алдаа гаргах тохиолдол бий. Эсвэл тоглолтын явцад ямар нэгэн заль, мэх олоод хийхэд хожигдлын байрлалыг хождог, хожиж явж байгаад хожигдох үе байдаг. Түүнчлэн хоорондоо эвийн гэрээ байгуулаад тэнцдэг. Найзуудаар ярих юм бол нөхөрлөл мэт, амьдрал шиг учир урлаг гэж ойлгодог. Спорт гэдэг нь мэдээж ойлгомжтой. Өрсөлдөгчийн эсрэг тоглоно, өрсөлдөнө, хожно, хожигдоно гээд л.
а
-Өрөг эхэлсэн тохиолдолд өөр зүйл боддоггүй байх.
-Тиймээ. Шатраас өөр юу ч бодогддоггүй. Яг тоглоод эхэлсэн үедээ бодит байдлаас тасардаг. Хэн нэгэн рүү хараад цоо ширтэж байсан ч түүнийг огт анзааралгүйгээр шатраа л бодож байдаг. Харин хүмүүс сүүлд нь “чи яагаад над руу хараад байсан юм бэ” гэдэг юм. Тэгэхээр нь би “юу, хэзээ, би харсан гэж үү” гээд л сайн мэдэхгүй хүмүүст бол яг “мэдрэл муутай” хүн шиг /инээв/. Тэнд хэн байсан, би хэн рүү харсан гэдгээ анзааралгүй, өөр юм бодож байсан юм чинь аргагүй шүү дээ. Өрөг эхэллээ л бол төвлөрөх ёстой. Нэг тэмцээнд амжилт гаргахын тулд биш нэг өргийг хожихын тулд бэлтгэл хийж байгаа. Тиймээс тоглож байгаа өрөг болгон өрсөлдөгч нь сайн, муу аль нь ч бай маш хариуцлагатай байх ёстой.
а
-Хожих болон хожигдох мөчид ямар мэдрэмж төрдөг вэ?
-Би их шартай учраас хожигдохоороо их уйлдаг байсан. Шар хөдлөөд дараа нь заавал хожно гээд л. Харин БНХАУ-ын тамирчин, эмэгтэйчүүдийн дэлхийн аварга найз минь байдаг. Түүнийхээ урилгаар 2010 оны долоодугаар сард тус улсын шатрын холбооны бэлтгэлд нь хамрагдахдаа сэтгэлзүйн маш их зөвлөгөө авсан. Ингэснээр би маш тайван байдаг болсон ба хожигдсон ч юу ч болоогүй мэт явдаг болсон. Харин хожсон тохиолдолд юу ч болоогүй юм шиг л байдаг. Бүр хүчтэй маш сайн шатарчинг хожвол дотроо баярладаг. Сэтгэл хөдлөлөө гадагш нь нэг их илэрхийлдэггүй.
ө
-Зарим тамирчин хувийн сэтгэлзүйчтэй байдаг. Харин өөрт чинь бий юу?
-Тамирчин хүн сэтгэлзүйчтэй байх ёстой. Миний хувьд яг сэтгэлзүйч бол байхгүй. Гэхдээ миний дасгалжуулагч миний сэтгэлзүйг маш сайн барьдаг. Дасгалжуулагч маань ОХУ-ын иргэн, Герман улсын шатарчин Игорь Глейг гээд хүн бий. ОХУ-ын Биеийн тамирын их сургуулийн Спортын их сургуулийн Шатрын тэнхимийн декан, шатрын дасгалжуулагчаар ажилладаг. Өмнө нь дэлхийн супер мастеруудын нэг Николай Чадаевтай хамт бэлтгэл хийж байсан. Монголдоо бол Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, миний анхны багш Ц.Батболд нар маань байна.
ө
“Дэмжээд өгвөл маш өндөр амжилт гаргах боломжтой”а

-Сэтгэлд чинь хамгийн тод үлдсэн хожил, хожигдлынхоо тухай яриач?
-2008 онд 13 настайдаа Дэлхийн шатрын олимпиадад явж байсан. Тэр үед хүмүүс “энэ Энхтуул ч гэсэн дөнгөж явж байгаа юм чинь зугаалаад л ирнэ” мэтийн юм ярьж байсан. Миний хувьд анхны том тэмцээн байсан учир би өөрийнхөө бүх нөөц бололцоог дайчилж, амжилттай оролцсон. Энэ тэмцээнд Олон улсын мастерын анхны нормуудаа биелүүлж байсан. 117 баг оролцсоноос манайх V дугаар ширээн дээр Унгарын их мастер эмэгтэйтэй таарч байсан. Энэ бол маш том амжилт. Гэхдээ би тэр эмэгтэйтэй хараар таараад хожигдож байсан. Тухайн үед гэнэн бас бас тэр эмэгтэйг их мундаг гэж бодоод жаахан айчихсан байсан. Энэ өргийг одоо хүртэл санадаг. Харин хожиж байсан гэвэл зөндөө болохоор дандаа санаанд байдаг нэг тэнцсэн үеийнхээ тухай ярья гэж бодлоо. 2011 оны Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразил улсын Калдас Новас хотод болсон. Хамгийн сүүлчийн өрөгт би Унгар улсын тамирчин олон улсын мастер эмэгтэйтэй таарч тоглосон. Одоо их мастер болсон, сайн тамирчин. Тоглолтын үед 3-4 хүү дутуу хожих боломж байхгүй болсон байсан. Тэгээд хамаг хүч бололцоогоо дайчлаад тэнцэх л хэрэгтэй гэж бодож тоглоод тэнцсэн. Гэхдээ би тэнцээд хүрэл медаль авна гэдгээ мэдээгүй. Тэнцчихээд Монгол руу багш нартайгаа утсаар ярихад “Хүчтэй хүнийг аз түшдэг” гэж хэлэхэд нь “би тэр охиноос хүчтэй юм байна даа” гэж бодоод, урам зориг орж байсан минь огт санаанаас гардаггүй юм. Уг тэмцээнд манайхаас 20-иод хүүхэд оролцсон боловч миний сүүлийн өргийн тоглолт манай улсын амжилтанд хүрэх ганц найдвар болоод байсан.
й
-Монгол хүний оюуны өндөр чадвартай холбоотой байх. Манай шатарчид дэлхийд өндөр амжилт үзүүлж байна. Гэхдээ дэмжлэг дутмаг юм шиг санагддаг. Энэ тал дээр өөрийн чинь бодол.
-Манай шатарчид үүнээс ч өндөр амжилт үзүүлэх маш их боломжтой. Одоогийн байдлаар манайд оргил амжилтанд хүрсэн хүн байхгүй байна л даа. Төр засгаас албан ёсоор дэмжээд эхлэх юм бол амжил гаргах өндөр боломжтой. Оюуны чадвар, дасан зохицох чадвар нь манай шатарчдад байна. Ер нь манай улсад маш олон том, бага насны гэлтгүй сайн тоглодог шатарчид байгаа. Хөрөнгө мөнгөний асуудлаас болоод Ази, дэлхийд өрсөлдөх боломж маш бага байдаг. Тиймээс л цөөхөн хэдэн их мастер төрж, цөөн хэдэн тамирчин дэлхийд өрсөлдөж байна.
й
-Ингээд дэмжээд өгчихвөл гэж боддог байх.
-Маш өндөр хэмжээний, мэргэжлийн дасгалжуулагч хэрэгтэй байна. Тэднийг авахад маш их мөнгө шаардагдана. Мэргэжлийн багшаа байг гэхэд ядаж шатарчдын тэмцээнд явах зардал, байрлах байрных нь зардлыг гаргаж өгөх хэрэгтэй.
й
-Эх орноороо овоглон тив дэлхийн тэмцээнд оролцдог. Бас алсад амьдардаг хүнээс Эх орон гэж юу хэмээн асууя.
- Эх орон бол хүн болж төрсний утга учир. Гэхдээ амжилт гаргасан тамирчнаа үнэлдэггүй, улс, спортын холбоо бас байдаг. Ийм байхад хүн хамт олон, эх орондоо гомддог байх гэж боддог. Хүн хаана ч байлаа гэсэн амьдрал нь эх оронтойгоо салшгүй холбоотой байдаг. Олон улсын тэмцээнд намайг Алтан-Өлзийгийн Энхтуул биш Монголын Энхтуул гэж дууддаг. Энэ онд Ирак Улсад болсон тэмцээн дээр ганцаараа Монгол байсан. Тэр үед миний дасгалжуулагч надтай хамт явж сэтгэлийн дэм өгч байсан ч нэг л сонин. Эхний мөчүүдэд өөрөөсөө чансаа доогуур хүмүүст ганц, хоёр хожигдсон. Тэнд ганцхан монгол байсан нь хажуу тийшээ харахад ширээн дээр минь байх эх орны минь төрийн далбаа. Би төрийн далбаагаа хараад эрч хүч авч тоглосон.
й
-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?
-Энгийн үед өдөрт 4-6 цагийн бэлтгэл хийдэг. Харин эрчимтэй бэлтгэлд орсон тохиолдолд цаг хамаарахгүй. Өнгөрсөн тэмцээний үеэр Вьетнамд эрчимтэй бэлтгэл хийхдээ бараг есөн цагийн бэлтгэл хийсэн. Москвад бол өглөө найм, есөн цагт эхлээд оройн 21.00 цагт дуусах тохиолдол маш олон байдаг.
а
“Бусдад сонгогдож амьдрах дургүй”а

-А.Энхтуулыг гаднаас нь харахад даруухан, ухаалаг харагддаг. Харин сэтгэл рүү багахан өнгийвөл?
-Би өрөвчхөн. Өрөвдөлтэй зүйлийг хараад амархан уйлчихдаг. Багаасаа л тийм хүүхэд байсан. Намайг жаахан байхад ээж маань “...Борхон тойрмын зах дээр борхон хөөрхөн ботго...” /аялав/. Ботго гэдэг дууг дуулж өгдөг байсан. Ээжийг дуулахаар уйлдаг атлаа дахин дахин дуулуулаад л уйлаад байдаг байж билээ. Дуунд гарч буй ботгыг л өрөвддөг байсан юм шиг байгаа юм. Гэхдээ өрөвдөх юмаа өрөвдөнө. Зан аашийн хувьд гэвэл хурц, шударга зантай, худал хуурмагийг тэвчдэггүй. Бас ярихаасаа түрүүлж боддог.
а
-Ээжийн эрх охин уу?
-Би эрх биш шүү дээ /инээв/. Есөн настайгаасаа багшийнхаа гэрт амьдарч, шатраа тоглож эхэлсэн. Ер нь хэрсүү талдаа. Гэхдээ гэр орондоо эрхлэх үе байлгүй л яахав.
а
-Ямар зарчим баримталдаг вэ?
-Хүн болгонтой эвтэй байхыг боддог. Ер нь хүний нутагт хүн болгонтой эвтэй байх хэрэгтэй. Найзалж, нөхөрлөх хүнтэйгээ найзална. Найз нөхдөө өөрөө сонгодог. Бусдад сонгогдож амьдрах дургүй. Зөв бодолтой, зөв хүүхдүүдтэй л найзлах дуртай. Сайн найзуудтайгаа бол “галзуу” ш дээ. Таньж, мэдэхгүй хүмүүстэйгээ бол дуугүй л явж байдаг.
а
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг маш бага гардаг. Ролик унах дуртай. Бас караокед дуулах дуртай. “I-pad” дээрээ маш олон ном татаж аваад уншдаг байсан. Ном унших маш дуртай. Сүүлийн үед зав гарахгүй л байна. “Эмэгтэй хүний амьдрал 30 наснаас эхэлдэг” гэдэг номыг уншиж эхэлсэн.
х
-Найз залуутай юу?
-Байхгүй. Цаг нь болоогүй байгаа.
р
-Миний хамгийн том мөрөөдөл бол шатрын сургуультай болох гэж ярьж байсан. Их мастерын болзол хангаснаар зорилгоо өөрчиллөө гэсэн?
-Шатрын сургуультай болох бол миний бүр багийн мөрөөдөл. Яг мэргэжлийн түвшний сургууль байгуулах хүсэл маш их байна. Хэдийгээр би 20 настай ч гэсэн шатрын спортоор хичээллэж байгаа дүү нартаа мэдсэн, сурсан зүйлээ хуваалцах хүсэлтэй. Мөн цаг нь болохоор өөрийнхөө шавь нарыг бэлдэнэ гэж боддог. Миний зорилго эмэгтэй их мастер болох байсан. Түүндээ хүрлээ. Монгол улсын эмэгтэй шатарчдын тэргүүлэх шатарчин болох ёстой. Цаашлаад дэлхийн шилдэг эмэгтэй 10 шатарчны нэг болох ёстой. Одоогоор би дэлхийд Залуучуудын ангилал буюу 20 хүртэлх насныханд 18-т, насанд хүрэгчдэд 318-т жагсаж байгаа. Энэ бол асар хол байгаа ч шилдэг 10 эмэгтэй шатарчдын тоонд ороход маш ойрхон байгаа гэж бодож байна. Хамгийн том зорилго гэвэл Дэлхийн шатрын холбооны эрэгтэй их мастер болсон Монголын анхны эмэгтэй шатарчин болох. Эрэгтэй их мастер болохыг тулд гурван норм биелүүлсэн, рейтинг 2500 хүрсэн байх ёстой. Одоо миний рейтинг 2300 байгаа дахиад 200 онооны чансаа биелүүлэхэд асар их хугацаа шаардагдана. Эмэгтэй их мастерын болзол хангахын тулд би 11 жил хөдөлмөрлөсөн.
х
-Ярилцлагын төгсгөлд?
-Намайг үргэлж тусалж дэмждэг Сэлэнгэ аймгийн удирдлагууд, нутгийн зон олон “Монголчехметалл” компанийн хамт олон болон намайг үргэлж тусалж, дэмждэг маш олон хувь хүн байгууллага бий. Тэдэндээ талархал илэрхийлье. Би аливаа нэгэн амжилтанд хүрээд бусдад талархдаг. Амжилт гаргахад миний хийж чаддаг зүйл бол өөрийгөө дайчилсан хөдөлмөр. Харин бусад нь намайг дэмжсэн хүмүүсийн ач тус байдаг.
х
Ярилцсанд баярлалаа.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ