Арнольд Шварценеггер кино урлагтаа эргэн ирнэ

img

“Мистер Олимп”-ийн долоон удаагийн аварга, австри гаралтай Арнольд Шварценеггер холливудын од болж, “Терминатор”-ын дүрийг бүтээснийхээ дараа Америкийн Калифорни мужийн амбан захирагчаар долоон жил ажиллаад саяхан улстөрийн замналдаа цэг тавьсан билээ.

2003-2010 онд амбан захирагчаар ажиллах хугацаанд эхнэр, хүүхэд нь Арнольдын шинэ ажилд тун дургүй байгаагаа байнга хэлдэг байжээ. “Бид таны ажлыг үзэн яддаг гэж даваа гаригийн өглөө Лос-Анжелес дахь гэрээсээ гарах болгонд гэр бүлийнхэн минь хэлдэг байлаа. Гэр бүлийнхэн минь ингэж хэлэх бүрийд миний сэтгэл эмтрэх шиг болдог байсан. Би даваа гаригийн өглөө гэрээсээ гараад ажлын өдрүүд дууссаны дараа л эргэж ирдэгсэн” гэж Арнольд ярьжээ.

Тэрээр дахин кино урлагтаа эргэн хүчин зүтгэхэд бэлэн болсноо ч зарласан байна. Одоогоор түүнд гурван киноны санал ирээд байгаагаас шилж, нэгд нь тоглох ажээ. Гэхдээ дэлхийн хоёрдугаар дайны үед хүүхдүүдийг устгах тушаал хүлээсэн герман офицерын дүрийг бүтээх санал ирсэн нь түүний сэтгэлд ихэд хүрсэн гэнэ. “Энэ дүрийн саналыг би бүр амбан захирагч байхдаа л олзуурхаж харж байлаа. Гэхдээ одоогоор сонголтоо хийгээгүй байна” хэмээн ярьсан юм. Хүүхдүүдийг устгах тушаал авсан герман офицер тушаалаа зөрчин, гэмгүй хүүхдүүдийг хамгаалж байгаа тухай тус кинонд гардаг аж.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ