Өсвөрийн хөлбөмбөгчидөө дэмжих цаг иржээ
Шведийн Готенбург хотод энэ сарын 13-19ний өдрүүдэд зохиогдсон “Gothia Cup-2014” тэмцээнд оролцсон “Дэрэн ФС” клубын 16 настай хөвгүүд монголчууддаа баяртай мэдээ дуулгасан юм. Энэхүү тэмцээнд дэлхийн 80 гаруй улсаас ирсэн 1600 орчим өсвөрийн хөлбөмбөгчид өрсөлдөж, аваргаа тодруулдаг билээ. Манай улсаас тус тэмцээнд оролцсон “Дэрэн ФС” клуб шөвгийн найм хүртэл тоглон хэсэгтээ хоёр хожигдож, нэг хожсоноор гурваар гарч, хасагдах шатны тоглолтуудад шалгарсан. Шөвгийн дөрөвт Норвегийн багийг 3-1-ээр хожсоны дараа Шведийн багтай таарч, 2-0-ээр хожигдсоноор хүрэл медаль хүртлээ. Монголын өсвөрийн хөлбөмбөгчид ийнхүү дэлхийн төвшинд өрсөлдөж, Монгол Улсын хөлбөмбөгийн спортын түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээж чадлаа.
\\
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн хөлбөмбөгийн холбоонд албан ёсны айлчлал хийж, 2050 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах мөрөөдлийн гэрээг байгуулсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа “Аливаа үндэстэн, аливаа улс орон өөрийн мөрөөдөлтэй амьдрах хэрэгтэй. Энэ мөрөөдөл заавал эдийн засгаар, заавал улс төрөөр дамжиж гардаг ч юм биш, бас спортоор дамжиж гардаг. Катар гэж 20-30 жилийн өмнө орчлонгоос хаягдчихсан юм шиг хөгжлөөр дорой орон байсан. Гэтэл дараагийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо авч байна. Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч “Монгол” гэхээр “Аа, нөгөө 2050 онд хөлбөмбөгийн ДАШТ авах гэж байгаа Монгол уу гэж асуудаг болсон” хэмээн ярьж байсан юм.
Тэгвэл “Дэрэн ФС” клубын хүүхдүүд олон улсын өсвөрийн хөлбөмбөгчдийн хамгийн том тэмцээн болох “Gothia Cup-2014” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь бид өөрсдийн багаа ДАШТ-д дэмжих цаг тун ойрхон байгааг харууллаа. Тэднийг зөвхөн спортын амжилтын төлөө хөдөлмөрлөх бүх л боломжоор нь хангаад өгвөл монголчууд бид Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өөрийн улсын багийг дэмжин “Уухай” –лж зогсох цаг удахгүй бизээ.
a
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ