Чөлөөтийн залуучууд Хорватыг зорино

img

Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд Хорват улсын Загреб хотын “Dow Sportova” спортын ордонд гурван төрлөөр болно.

х

Манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Мандалсүрэн, 55 кг-д П.Эрдэнэбилэг, 60 кг-д Г.Бэгзжав, 66 кг-ын жингийн ангилалд Б.Цогтгэрэл, 74 кг-д Б.Батсүх, 120 кг-д Э.Мөнхбаатар нар хүч үзэх юм байна. Харин эмэгтэйчүүдээс 44 кг-д Л.Баттогтох, 48 кг-ын жинд  Ц.Намуунцэцэг, 51 кг-д Б.Мөнхтуяа, 55 кг-д А.Батцэцэг, 63 кг-д Б.Нямгэрэл, 67 кг-д О.Оюунгэрэл, 72 кг-д П.Номин-Эрдэнэ нар барилдана.

а

Түүнчлэн сонгомол барилдааны 55 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин П.Эрдэнэбилэг, 66 кг-д “Харганат Цамхаг” клубын тамирчин Н.Амарсайхан нар хурд, хүч сорих юм. Манай улсын эрэгтэй багийн дасгалжуулагчаар Ц.Хосбаяр, эмэгтэй багийн дасгалжуулагчаар Ц.Баярсайхан нар болон “Хангарьд” клубын дасгалжуулагч Ч.Раднаабазар, чөлөөт бөхийн дасгалжуулагч П.Чулуунбаатар, Сэлэнгэ аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын дасгалжуулагч Д.Энхбат нар ажиллах бол Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Л.Болормаа шүүгчээр оролцож байгаа аж.

а

Манай эрэгтэй бөхчүүд Залуучуудын ДАШТ-ээс дөрвөн алт, зургаан мөнгө, 14 хүрэл, эмэгтэй бөхчүүд хоёр алт, хоёр мөнгө, есөн хүрэл нийт 37 медаль хүртээд байгаа билээ. Өнгөрсөн жил Болгар улсын София хотод болсон залуучуудын ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд С.Цэрэнчимэд алт, 51 кг-ын жингийн ангилалд Э.Даваачимэг, 55 кг-д П.Орхон нар хүрэл медалитйн тавцанд зогсож байсан. Харин эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд Б.Номин мөнгөн медаль хүртэж байсан.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ