
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар МҮЭХ, салбарын зарим холбооноос төрийн болон төсөвт байгууллагын ажиллагсдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд Засгийн газраас баримтлах чиглэлийг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээрийн 3.1 дэх заалтын дагуу нийгмийн түншлэлийн 3 тал буюу Засгийн газар, МҮЭХ, МАОЭНХ-ны төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр МҮЭХ-ноос тавьсан шаардлагыг хэлэлцэхээр боллоо.
Мөн МҮЭХ-ноос тавьсан шаардлагыг хэлэлцэх явцад УИХ-аас баталсан 2012 оны улсын төсөвт тусгагдсан цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хувь хэмжээ, хугацааг чиглэл болгохыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Гандид зөвлөмж болголоо. Гурван талт хэлэлцээрийн 3.1-д “Санхүү, эдийн засгийн хямралын нөхцөлд төсвийг оновчтой хуваарилах, төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэл, нэмэгдэл, үр дүнгийн урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох замаар цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг нийгмийн зөвшлийн гурван тал хамтран боловсруулж УИХ-д санал тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг юм байна.
Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 2012 онд нэмэгдүүлэх талаарх нийгмийн түншлэлийн талуудын байр суурь, зөвшилцлийг Засгийн газар 2012 оны улсын төсвийн төсөлд тусгасан. Харин УИХ-аар төсвийг батлахдаа цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хувь, хэмжээг 3 талын зөвшилцөлд заасан хэмжээнд хэвээр үлдээж, нэмэгдүүлэх хугацааг 4,10 дугаар сар болгон хойшлуулсан.
Энэ асуудалтай холбогдуулан МҮЭ-ийн байгууллагаас “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2012 оны 1 дүгээр сарын 1-нээс, мөн оны сар шинийн баярын өмнө харилцан зөвшилцсөн хувь хэмжээгээр тус тус нэмэгдүүлэх асуудлыг 2012 оны төсөвт тусгаж шийдвэрлэх” асуудлыг Засгийн газарт шаардлага болгон тавьж, ажил хаялт зохион байгуулаад байгаа юм.
Цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлогын төслийг дэмжлээ
Энэхүү төслийн талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлэл хийж, гишүүдээс гаргасан саналыг төсөлд тусган Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний үндэсний хороогоор хэлэлцүүлж батлуулах арга хэмжээ авахыг Ниймгийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад даалгалаа.
Бодлогын баримт бичиг нь таван хэсэгтэй байх бөгөөд нэгдүгээр хэсэгт бодлогын нийтлэг үндэслэлийг тусгажээ. Хоёр дахь хэсэгт зарчмуудыг нь тодорхойлов. Тухайлбал, цалин хөлсний түвшинг бодитой тогтоох, цалин хөлсийг бүтээмж болон амьжиргааны өртгийн өөрчлөлтэй уялдуулан аажим, тасралтгүй нэмэгдүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн цалин хөлсний түвшинг ойролцоо байлгах, цалин хөлсний зохицуулалтад нийгмийн зөвшилцийн механизм, хамтын гэрээ, хэлэлцээрийг түлхүү ашиглах, цалингийн зардлын хуваарилалтын, тэгш бус байдлыг багасгах, хэрэглэж буй онол арга зүй, туршлага сургамжаас суралцах гэсэн үндсэн 6 зарчмыг тусгажээ.
Бодлогын баримт бичгийн төслийг нийгмийн түншлэгч талууд болох Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой зөвшилцөж, олон улсын болон үндэсний шинжээч мэргэжилтний дэмжлэг, туслалцааг авч, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дэргэдэх цалин хөлсний асуудлаар зөвлөлдөх гурван талт салбар хороогоор хэлэлцүүлж гарсан саналыг тусгажээ.
Энэхүү бодлого нь үндэсний, салбар болон орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд цалин хөлсний тогтолцоо, зохицуулалтын механизмыг боловсронгуй болгох, ажил олгогч болон ажиллагчдын мэдлэг, чадавхийг сайжруулах замаар төрийн болон хувийн хэвшлийнхний амьжиргааг дээшлүүлэх зорилготой юм байна.
Энэ бодлогыг хэрэгжүүлснээр төрийн болон хувийн секторт цалин хөлсний зохицуулалт боловсронгуй болж, хууль эрх зүйн орчин сайжирна, үндэсний болон салбарын түвшинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох чадавхи бэхжиж, энэ хэмжээг тогтоосон хэлэлцээрийн тоо нэмэгдэнэ. Цалин хөлсний талаар мэдээлэл судалгаа сайжирч, үндэсний хэмжээнд, салбарын болон орон нутгийн түвшинд, ажиллагчдын тодорхой бүлэгт чиглэсэн цалин хөлсний талаарх бодлого боловсруулж хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ зэрэг үр дүн гарна гэж үзэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ