Миний үзээгүй Хадаатай наадам
Тэр жил би цэрэгт мордов. 1992 оны зургадугаар сард л даа. Карантин дээр, “сул ард” явсан хүн “эх орны хүү” болох гэж “хатаагдаж” байх үеэр буюу наймдугаар сарын эхээр манай сумын наадам болох гэж байгаа дуулдав. Эргэцэх, зэрэгцэх... элдэв командын завсар дундуур наадам, наадмын тухай бодол тархинд үржээд болдоггүй.
Улсын начин Д.Багахүү ах явах тухай сонсдов. Цагтаа чөлөөтөөр олимп, дэлхийн аварга алдарт Дэвид Шульцыг олон улсын тэмцээнээр ялж дэлхийн чихийг дэлдийлгэж явсан мань эр ч аймагтаа бол хааш хаашаагаа элбэг, илүү хүн. Баараггүй түрүүлж таараа.
Түүний цаана аймгийн хурц арслан Цэндоогийн Түвшинтөр, аймгийн заан “Жөө” Бямбаа, сумын заан “Бабек” Чулуунбаатар, Оюундарийн Мөнгөн, Батсуурийн Төмөр-Очир, Дамирандоржийн Ганхуяг гээд “аваргууд” зөндөө бий. За тэгээд хөрш зэргэлдээ Номгон, Цэций, Ханбогдын ногт ганзагалсан идэр жавхлант эрс наадмын өглөө нэрээ бүртгүүлээд зогсч байхыг байг гэх газаргүй л хуна.
Уяач ч олон очно. Уламжлалаараа Цээнзэн баваагийн хурдан цоохрууд, аа бас Жуурайдорж гуайн хэдэн хонгор, Цогт, Цэрэнпил, Цэдэн-Иш... эднүүсийн л морьд наадмын өнгийг тодорхойлно доо хэмээн улс өөр хоорондоо хэлцэж, элдэв яриагаа хуушуур, чихэр жимс, айраг сархадтайгаа холин зажилж, залгилж байгаа даа гэж бодохоос нойр хулжина.
Тэгтэл бас нэгэн амттай яриа гарав. Өмнөговь даяар л шуугиад явчихав, намрын азарган борооны түрүүч шиг. Бөх тайлбарлагч “ярьдаг” Гамбаа ах /А.Ганбаатар начин/, халхын домогт Хадаа /Д.Хадбаатар аварга/, улсын наадамд түрүүлэн түрүүлэн алдаж, олны хайрыг татсан “Том” Сүхбат... өөр хэн хэн ч гэнэв дээ баахан бөхчүүд ирсэн л гэнэ. Тэд Баян-Овоо сумын наадамд очихоор явж байгаа л гэнэ. Ай мөн нүсэр том наадам болох нь дээ л гэлцэнэ.
Энэ чимээ дуулианаар барилддаг болгон л, тэднийг балиашигддаг болгон л Баян-Овоо руу хөвөрлөө гэж дуулдана. Бие цэргийн хуаранд ч сэтгэл минь аль хэдийнээ тэдэнтэй хамт нутгийн гүнж их замд гарсан байв...
Наадам сайхан, сайхан гэхэд дэндүү сайхан болж. Олны салхинаас сонслоо. Хадаа аварга хэн гуайн гэв дээ хүрэн морийг унаад морь барианы газар руу айвуу тайвуухан алхуулж явсан гэнэ..................
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ