Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өөрчлөгдөөгүй
Улсын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 510100 орчим сурагч суралцана. Шинээр нэгдүгээр ангид 60 000 хүүхэд элсэн суралцах юм байна. 2013-2014 оны хичээлийн жилд суралцсан 497 000 сурагчийн 38 хувь буюу 189000 сурагч нь шинэ дүрэмт хувцсаар хангагдсан аж. Харин энэ хичээлийн жилд 186104 сурагч шинээр захиалгаа өгчээ. Үүнээс 95007 нь нийслэлийнх бол хөдөө орон нутгийн сургуулийн 91097 сурагч шинэ дүрэмт хувцсаа захиалсан байна. Энэ нь нийт сурагчдын 73.5 хувь буюу 375104 сурагч шинэ дүрэмт хувцсаар хангагдана гэсэн үг аж. Үйлдвэрлэгчид энэ хичээлийн жилд шаардлагатай дүрэмт хувцсыг үйлдвэрлэж бэлэн болгожээ. Үнийн хувьд өөрчлөгдөөгүй бөгөөд наймдугаар сарын 31 хүртэл Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай, “Аса” циркийн гаднах талбай, Ялалтын талбай, Дүнжингарав худалдааны төв зэрэг цэгт худалдаалагдах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ