
Чехийн анхны ерөнхийлөгч асан Вацлав Хавел 75 насандаа таалал төгсжээ.
Тэртээх хориод жилийн өмнө Чехословакт гарсан хамба хилэн хувьсгалыг гардан удирдаж улмаар Чех улсыг шинэчлэн байгуулсан гавьяа түүнийх юм.
ЗХУ-ын талыг баримтлагч Чехийн коммунист намын дарангуйллыг түлхэн унагаж, ардчилал шинэчлэлийн уур амьсгал нийгэмд салхилж эхэлсэн тэр үед жүжгийн зохиолч, яруу найрагч, тэрслүү үзэлтэн гэгдэн намаас хавчигдан гадуурхагдсан Вацлав Хавелыг сөрөг хүчнээс санал болгон улмаар Чехословакийн сүүлчийн, Чех улсын анхны ерөнхийлөгчөөр сонгож байлаа.
Тэрбээр 1936 онд мэндэлсэн бөгөөд түүний сонгосон уран бүтээлчийн зам мөр нь нийгмийн буруу тогтолцооны эсрэг үгээ хэлж тэмцэгчийн замаар замнахад нь нөлөөлсөн гэдэг.
1970 оноос л тэрбээр хүний эрхийн төлөө нийгэмд үгээ хэлж зохиол бүтээлээрээ танигдаж эхэлсэн аж. Төрөөс түүнийг нийгмийн эсрэг тэрслүү этгээд хэмээн нэрлэж байлаа.

Гэсэн ч тэрбээр шантарсангүй, өөртэйгөө адилхан олон хүмүүсийн эрхийн төлөө тэмцэж “Шударга бусаар мөрдөгдөж буй хүмүүсийг хамгаалах хороо”-г үүсгэн байгуулсан.
Үүнийх нь төлөө түүнийг эх орныхоо эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээж 4.5 жил шоронд хорисон юм.
1980-аад оны сүүлээр “Шударга иргэдийн форум”-ыг тэрбээр үүсгэн байгуулж хувьсгал эхлэхэд улмаар сөрөг хүчний тэргүүн болсон байлаа.
Коммунист дэглэм нуран унахад түүнийг Чехословакийн ерөнхийлөгчөөр сонгосон боловч улс орон Чех, Словак хэмээн хоёр хуваагдан тусгаар тогтносон билээ. Энэ үед Вацлав Хавел Словакийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч улмаар шинээр байгуулагдсан Чех улсын анхны ерөнхийлөгчөөр 1993 онд сонгогдсон юм.

Түүнийг Чех улсыг байгуулж, ардчилсан нийгэмт тогтолцоог бий болгоход асар их хувь нэмэр оруулсан хүн хэмээн тус улсын ард түмэн төдийгүй олон улс даяараа хүндэлдэг.
Тэрбээр хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч байсан бөгөөд эрх чөлөө, ардчиллын төлөө их үйлс бүтээгчдэд олгодог олон улсын томоохон шагнал одон медалиудыг хүртэж байлаа.
Олон улсын тавцанд ихээхэн нэр хүндтэй нэгэн байсан тул түүнийг таалал төгссөний дараа АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш болон ерөнхийлөгч Барак Обама, Европын холбооны ерөнхийлөгч Хосе Барросо, Их Британийн гадаад хэргийн сайд Уиллиам Хэйг, Францын ерөнхийлөгч Николя Саркози, Гадаад хэргийн сайд Ален Жуппе нар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдэгдэл хийж эмгэнэл илэрхийлсэн тухай CNN агентлаг мэдээлж байна. Вацлав Хавел хамгийн сүүлд Нобелийн шагнал нүдээ олж эзэндээ очлоо хэмээн сайшааж Лю Сиабаод захидал бичиж дэлхий анхааралд өртөж байснаас хойш нам тайван амьдарсаар 75 насандаа таалал төгссөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ