Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо байгуулахаар тусгажээ
УИХ-ын гишүүн Д.Арвин, Ц.Батбаяр, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил, Д.Очирбат, Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар нар Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өчигдөр өргөн барилаа.
УИХ хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах харилцааг зохицуулсан Агаарын тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг батлан гаргасан. Иймээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дагаж мөрдөж байгаа хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор УИХ өөрийн хяналтын механизмтай болох нь зүйтэй гэж үзэж эрхэм гишүүд ийм хуулийн төсөл санаачилжээ.
УИХ өөрийн бүтцэд, тухайлбал Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо байгуулах, тус дэд хороо нь хог хаягдлыг багасгах, утаа, тортог ялгаралтыг бууруулах асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлж, улмаар өөрийн эрхлэх асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулах, дүгнэлт гаргах, тэдгээрийг харьяалах байнгын хороогоор уламжлан УИХ-д өргөн мэдүүлэх эрх үүрэгтэй байхаар хуулийн төсөлд тусгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ