Нийслэл дэх томоохон худалдааны төвүүд баяр наадам болох сургаар баахан хямдрал, урамшуулал, бэлэгтэй худалдаа зарладаг. Гэвч тэр нь бодитой хямдрал байж чаддаггүй нь худалдан авагчдад бухимдал төрүүлдэг. Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын, Хууль хяналт зохицуулалтын газрын албаны дарга А.Ариунболдоос тодрууллаа.
-
Худалдааны төвүүд “sale” нэрийн доор хямдрал зарласан нь хэр бодитой вэ. Танай байгууллага үүнд хяналт тавьдаг байх аа?
-Баяр ёслол, шинэ жил, балжинням, дашням гээд үйлчилгээний газрууд хямдрал урамшуулал зарладаг. Сугалаа гаргах, зохион байгуулах ажил чинь өөрөө тусгай зөвшөөрлөөр явагдах ёстой байдаг. Тухайн зөвшөөрлийг Сангийн яам өгдөг. Худалдааны төвүүдэд явагддаг хямдрал, урамшуулалд манайх хяналт тавьдаг. Саяхнаас үүрэн телефоны операторуудыг шалгаж байгаа.
Их хэмжээний нэгжийн бонус ч юмуу урамшуулал зарлаж байна. "Unitel" компани орон сууц, "Skytel"-ийнхэн автомашин, харин "Mobicom" гap утас амлаад байгаа. Эдгээр нь бодитой бол сайн л байна. Хэрвээ энэ нь худлаа эсхүл нэг нэгэнтэйгээ өрсөлдөх зохион байгуулалттай асуудал бол хуульд заасан тодорхой арга хэмжээг авч, хууль бус үйлдлийг нь олон нийтэд зарлана.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг электрон барааны томоохон төвүүдэд ч шалгалт хийнэ. Хямдрал урамшуулалтай холбоотойгоор хүнсний сүлжээ дэлгүүр, бөөний төвүүдэд нэг, таван төгрөгийн асуудал гардаг. Өнгөрсөн жил бид энэ талаар шалгалт явуулсан. Шалгалтаар "Номин" хүнсний сүлжээ дэлгүүрүүд худалдан авагчдад задгай мөнгө өгдөггүй байсныг тогтоосон.
Тэд үүнийгээ задгай мөнгийг гүйлгээнээс хасагдсан мэтээр тайлбарладаг. Гэтэл Монгол банкинд задгай мөнгө албан ёсоор худалдаанд байгаа. Бид энэ байгууллагад торгуулийн арга хэмжээ авсан. Гол нь иргэд өөрсдөө задгай мөнгийг хэрэглэж сурмаар байгаа юм. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг барихад нөлөөтэй.
-Тэгвэл зөрчил гаргасан үйлчилгээний байгууллагад ямар хариуцлага тооцох вэ?
-Манай байгууллага үндсэн дөрвөн хуулийг баримталж ажилладаг. Өрсөлдөөний тухай хууль, хэрэглэгчийн тухай хууль гэх зэрэг. Энэ хоёр хуулийнхаа хүрээнд торгох, хууль бусаар бол хураах, тусгай зөвшөөрөлтэй бол хүчингүй болгох зэрэг арга хэмжээг авдаг юм. Харин мөнгөн торгуулыг шууд улсын төсөвт оруулдаг.
-
Танайханы хийсэн судалгаагаар бодитой хямдрал зарласан үйлчилгээний газар бий юу?
-Яг одоогоор тийм бодит хямдрал зарласан үйлчилгээний байгууллагыг нэрлэхэд хэцүү л дээ. Өнгөрсөн долоо хоногоос л хяналт шалгалт хийгээд явж байна. Нэг байгууллагад шалгалт хийхийн тулд маш олон тооцоо судалгаа хийгдэнэ. Шинэ жилээс өмнө үр дүнг нь гаргахад хэцүү л дээ.
Ө.Бота
СЭТГЭГДЭЛ БИЧИХ