UPTOWN-ынхан УИХ-ын гишүүдтэй хамтран квотын төлөө тэмцэж байна

img

Квот бол басамжлал биш, эрх тэгш сонголтын эхлэл Их хурлын гишүүн Д.Арвин Их хурлын гишүүн С.Оюун Улс төрч М.Тунгалаг Ажигана ХХК-ийн захирал Э.Туул МУИС-ийн багш Ш.Туяа Эрдэм боловсролтой, чадварлаг эмэгтэйчүүд монгол айлын төдийгүй Монгол төрийн хос баганын нэг яах аргагүй мөн билээ. Айл гэрт аав, ээж, аль эсвэл үр хүүхдийн хэн нэг нь байхгүй бол “Өрх толгойлсон эцэг”, “Өрх толгойлсон эх”, “Өнчин хүүхэд” хэмээн нэрлэдэг. Тэгвэл өнөөдөр төр улсаа нэгэн гэр бүл хэмээн бодвол өрх толгойлсон эцэгтэй адилтгаж болохоор болчихжээ. Тэнд хүүхдийн ганцаардал, элбэрэлт эхийгээ санасан шаналал, өнгө муутайхан гундуу амьдрал өдөр бүр урсан байвч аав төдийлөн анзаарахгүй... Ердөө гуравхан эмэгтэй гишүүнтэй манай парламентад нийгмийн эмзэг асуудлууд, тэр  дундаа хүүхэд эмэгтэйчүүдтэй холбоотой зуу зуун асуудал улс төрч ноёд эрчүүдийн анхаарлыг хэзээ татах бол гэж ард түмэн харсаар... Гэтэл УИХ-ын нэгэн гишүүн мянган мянган эмэгтэй сонгогчдоос гарч ирсэнээ умартан “Эмэгтэйчүүд та нар чаддаг юм бол эрчүүдтэй үзэлцээд гараад ир л дээ. Хэн байг гэсэн юм” хэмээн архирч, шулуун шудрага зүйл хэлчихлээ гэж бодон бусдаас магтаалын үг хүлээнэ... Чихээ дарсан, амаа хамхисан, нүдээ аньсан эрчүүд улс төрд ноён суусаар... Тийм ээ, энэ бол монгол эмэгтэйчүүдийн маань өнөөдрийн хувь тавилан... Ийм бодолд ороогдсоор УИХ-ын эмэгтэй гишүүдтэй уулзаж, асуудлын үнэн бодит байдлыг мэдье хэмээн бодож Туул, Туяа нар ярилцлага өрнүүлэв. Туул: Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар ярья гэж бодoж та бүхнийг урьсан юм. Өнөөдөр Mонголын хүн амын 52 хувь нь буюу 1,500,000-аад иргэн нь эмэгтэйчүүд гэсэн статистик байна. Гэтэл эмэгтэйчүүдийг УИХ-д төлөөлж байгаа гишүүдийн тоо гуравхан. 2010 оны байдлаар дэлхийн 134 улс орныг эмэгтэйчүүдийн төлөөллөөр нь жагсаахад Монгол Улс 127 дугаар байранд орсон байдаг юм байна. Тэгэхээр дэлхийн улс орнуудын 95 хувь нь парламентдаа биднээс дээш тооны эмэгтэй гишүүдтэй гэсэн үг. Зарим орон нь бүр 50-55 хувь нь эмэгтэй гишүүдтэй байж, тэднийг ажиллуулахын тулд хүүхдүүдийнх нь сургууль цэцэрлэгийг хүртэл зохицуулж, бодлоготойгоор дэмжиж, эмэгтэй гишүүдийн зайлшгүй шаардлагатайг хүлээн зөвшөөрч байна. Гэтэл манай улсад эмэгтэйчүүдээ улс төрд бодлоготойгоор дэмжин оруулах нь битгий хэл эмэгтэйчүүдийн байдал доройтсоор, сүүлийн үед секс туризм газар авч, маш олон ээж хүүхдүүдтэйгээ гудамжинд гарсаар байна. Өнөөдөр би эмэгтэйчүүдийн төлөөлөл болох гурван эмэгтэйчүүдийн хоёртой нь буюу парламент дахь эмэгтэй гишүүдийн 66.6 хувьтай нь ярилцаж байгаадаа нэг талдаа сүрдэж, нөгөө талдаа баярлаж байна. Миний анхны асуулт бол монгол эмэгтэйчүүд улс төрд ороход яагаад хэцүү байна вэ? Энэ талаар та нар ямар бодолтой байна вэ? Туяа: Монгол Улс маань ардчилсан улс. Хоёр хөршийнхөө хажууд хамаагүй ардчилсан нийгэмтэй шүү дээ. Бүгдэд нь тэгш эрх байна уу, байна. Ингээд иргэний хуулиар нь харвал бид адилхан тэгш эрхтэй мэт л харагдана. Гэтэл яагаад улс төрд эмэгтэйчүүд биднийг төлөөлөөд гарч ирэх хүмүүс байхгүй байгаа юм бэ? Яагаад цөөхөн байна вэ? Оюун: Сая олон улсын парламентын их хуралд яваад ирлээ. Парламентын тогтолцоотой 170 улс орон тэр холбоонд байдаг юм. Хурал хийсэн том танхимын ханан дээр улс орнуудын парламент дахь эмэгтэйчүүдийнх нь оролцоогоор график гаргачихсан байна. Зарим нэг орнууд бүр 50 гаруй хувьтай, Скандиновын орнууд 40 гаруй хувьтай байна. Доошоо яваад л байлаа. 20 гаруй хувьтай Орос, Казахтан зэрэг улсууд байна. Монгол байдаггүй. Хайгаад яваад л байсан чинь бараг хамгийн доор нэг мухарт байгаа юм. Ер нь бол уламжлал, шашин зэрэг бодлогоор эмэгтэйчүүдээ дэмждэггүй хэдхэн орны дээр 3-4-хөн хувийн оролцоотой сүүл мушгиж явна. Яагаад эрчүүд эмэгтэйчүүд хоорондоо адилхан өрсөлдөөд гараад ирдэггүй юм бэ гээд хүн бүхэн л асуудаг. Ялангуяа эрчүүд их асуудаг. Ер нь аливаа зүйл анхнаасаа тэгш өрсөлдөөнтэй байх ёстой л доо. Зөвхөн Монгол ч биш, дэлхий нийт уламжлалаараа түүхэндээ систем нь өөрөө тэгш бус байсан. Ихэнх оронд эхэндээ 100-аад жилийн өмнө  эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрхгүй байснаа дараа нь сонгуульд санал өгөх, нэрээ дэвшүүлэх эрхтэй болоод сүүлийн 20 жилийн дотор маш хурдацтай буюу 1991 оноос хойш 180 орноос бараг 100 орчим оронд нь квот нэвтэрсэн байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн оролцоо, тэгш бус байдлыг олон орон судалгааны үндсэн дээр ойлгож авч, асуудал болгон дэвшүүлж, шийдэлд хүрч, эмэгтэйчүүдийг бодлогоор зайлшгүй дэмжихгүй бол нийгэм, сэтгэхүй зэрэг олон олон шалтгаанаар эмэгтэйчүүд улс төрд гарч ирж чаддаггүйг батлаад, хэрэгжүүлээд 20 гаруй жил болж байнаа гэсэн үг. Тэгээд дэлхий даяар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх хоёр гуравхан арга байдгаас хамгийн  шилдэг арга нь яалт ч үгүй квот юм байна. Бодлогоор, квотоор дэмжиж байж л эмэгтэйчүүд улс төрд орохгүй бол мөрөөрөө, буянаараа өрсөлдөцгөөе гэвэл тэгш бус өрсөлдөөн, дээрээс нь хөрөнгө мөнгөний хүчин зүйл сонгуулиас сонгуульд асар их нэмэгдэж байна. Гэтэл хөрөнгө мөнгөтэй нь голцуу эрчүүд байна. Тэгэхээр мөнгөний хүчин зүйлийг багасгах гээд хоёрдахь хүчин зүйл яригдах болж байгаа юм. Туул: Тэгш биш өрсөлдөөн гэж юуг хэлж байна вэ? Оюун: Одоо энэ салбарт эрчүүд давамгайлчихсан байгаа учраас ямар нэгэн байдлаар давуу эрхтэй болчихсон байна. Жишээ нь 76 гишүүн телевизээр гарахад 73 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй байгаа болохоор голдуу эрчүүдээс ярилцлага авахаас эхлээд тэд нар улс төрийн капиталтай болчихож байгаа юм. Олон нийтэд танигдана гэдэг бол маш том капитал. Эрчүүд давамгайлчихсан болохоор анхнаасаа л давуу эрхтэй байна. Эрчүүд анх Их хуралд гарч ирэхээсээ өмнө бас л олон нийтэд танигдаагүй байсан. Тэднээс дутахааргүй эмэгтэйчүүд олон байгаа хэдий ч бодлогоор гаргаж ирэх нь л чухал байгаа юм. Бусад улс орон ч ингэж дэмжиж байна. Тэгээд 20  хувь, 30 хувь болсоных нь дараа үүнийгээ хүчингүй болгож бас болдог юм байна. Эмэгтэйчүүд 50, 50 хувь болчих юм бол адилхан өрсөлдөж болдог юм байна лээ. Туул: Тэгэхээр мэдээж олон жил улс төрд эрчүүд зонхилж байсан болохоор эрчүүд улс төрд тоглох дүрмээ тогтоочихсон гэж хэлж болно. Улс төрч гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэг ойлголтоос гадна ямар асуудал дээр анхаарах, ямар байдлаар найраа хийх, ямар бодлого боловсруулах нь яах аргагүй эрчүүдийн дүрмээр л явна. Эмэгтэй гишүүн ороод тэдэнтэй адилхан ярьж, хашгирч, шөнө дунд хүртэл сууж найраа боловсруулж, дургүй хүрвэл зодолдчихож чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ эрчүүдийн бий болгосон тоглоомын дүрмэнд ар гэртээ хүүхэдтэй, нөхөртэй, хариуцлагатай эмэгтэй шөнө дунд хүртэл сууж, тэдэнтэй адил ярьж, оролцох мэдээж хэцүү. Тэгэхээр гуравхан эмэгтэй гишүүнд маань хэцүү байдаг байх л даа. “Эрэгтэй хүн сул байвал зэмлүүлнэ, харин эмэгтэй хүн хүчтэй болохоороо зэмлүүлнэ” гэж үг байдаг даа. Анхнаасаа эрэгтэй хүний дүрмээр тоглоод эхэлчихсэн улс төрд эмэгтэй хүний шинж чанарууд хэр их тохирдог юм бол оо? Та нар бол улс төрд нэгэнт гарчихсан эмэгтэйчүүд шүү дээ. Өөр ямар асуудлууд, бэрхшээлүүд байдаг юм бэ? Арвин: Квотыг тогтоож байж эмэгтэйчүүдийг оруулж өгөх ёстой гэдэгтэй би ч бас санал нэг байна. Өнгөрсөн парламентад овоо хэдэн эмэгтэй гишүүд байсны хүчинд 30 хувь байлгахаар сонгуулийн хуульд оруулсан байсан. Гэтэл эрэгтэйчүүд нэг өдөр л хурал хийгээд санал хураагаад хүчингүй болгочихсон. Одоо ч гэсэн бид нар квот тогтооё гэхэд л тэнгэрт хөөрч байгаа үүл шиг л бүтэхгүй юм болгох, улс төрийн дэмжлэг авахгүй болгох гээд байна. Жендерийн асуудлыг хариуцдаг газар болохоор улс төрчид та нар л өөрсдөө 30 хувь болго гээд бид гурвыг улалзуулаад байдаг. Өөр тэд нар хэн рүүгээ ч хандах билээ дээ. Та гурав юм хийсэнгүй гээд л шүүмжлээд байна. Бид 8 жил чадлаараа л хийж байна. Үүнийг би сүүлийн үед өөр өнцгөөс харж, ярьж байна. Энэ хэдэн эрчүүдийг харж сууж байхаар ард түмэнтэйгээ ажиллах, ард түмнийхээ сэтгэлзүйг өөрчлөх, Монголын төрд шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүстэй харьцах зэрэг ажлуудыг эмэгтэйчүүдийн олон нийтийн байгууллагууд хийж чадах юм бол сонгогч эмэгтэйчүүд маань ойлгоно. Эцсийн эцэст ард түмэн л сонгоно шүү дээ. Парламентын гишүүд нь ийм тэнцвэргүй байгаа нь удаан хугацаанд тогтвортой тогтолцоо байж чадахгүй гэсэн үг. Мэдээж 73 эмэгтэй дотор 3 эрэгтэй сууж чадахгүй. Тэр зааланд яваад ороход миний зан ааш өөр болдог. Хамт сууж байгаа эрчүүдээс аль болохоор илүү байх хэрэгтэй. Энд сууж байгаа бид гурвын хувьд л гэхэд нэгнээ хүндэлдэг, хэзээ ч муу зүйл дээр нэгдэж байгаагүй. Эмэгтэй хүмүүс нэгдэж чаддаггүй л гээд байдаг. Гэтэл сайн сайхан зүйл дээр бид нэгдэж л байна шүү дээ. Иргэдтэй уулзаад явж байхад тэд квот ярьдаг. “Квотыг яриад дийлэхгүй байна. Та нар эмэгтэйчүүддээ санал өг л дөө” гэхэд хүмүүс бүгдээрээ алга ташиж байгаа юм л даа. Би бодохдоо эрчүүд бол квотод саналаа нэг их өгөхгүй болов уу гэж бодож байна. Яагаад гэхээр манайд өндөр албан тушаалгүйгээр амьдрах нөхцөл байхгүй болчихсон, албан тушаал дээгүүр энэ эрчүүдийг бид дийлэхгүй байна. Сүүлийн үед манай нийгэм ийм болчихоод байна. Манай улс төрд байгаа, улс төрд гарах гэж байгаа эмэгтэйчүүд ч өөрсдөө маш зөв, хүчтэй баймаар байна. Эмэгтэйчүүд дайчин, давшингуй, өөрийн гэсэн бодолтой, зөв байж энэ халуун тогоонд тогтоно. Улс төрд гарна гэдэг тийм ч амар зүйл биш. Гэр орон, үр хүүхэд гээд амьдралаа золиослож, тууштай байж улс төрд орно. Улс төрд хүссэн хүн гараад байдаггүй, дэмжлэггүй бол  гарахад хэцүү. С.Оюун гишүүн бидний хувьд энэ амаргүй тоглоомонд оролцохын тулд гэр орон, үр хүүхэд, бүх зүйлээ орхиод л энд сууж байгаа. Бид гэр орноо гаргуунд нь гаргаад ир гэж бусдаас шаардах эрхгүй. Туул: Яах аргагүй эмэгтэй хүн үр хүүхдээ харах ёстой, яах аргагүй амьдралаа авч явах ёстой. Улс төрд орлоо гээд гэр бүлээ хаяж байгаа бол энэ нь бас л системийн доголдол гэж бодож байна. Гэтэл квот ярьж байгаа орнуудад ямар систем барьж байна гэхээр гэр бүлтэй эмэгтэй хүн улс төрд оролцох боломж нь юу байна гэдгийг судалж үзээд зохицуулахыг бодож байна. Яах аргагүй тал гишүүн нь эмэгтэй болохоор тэдний нийгэм дэх үүрэг, амьдралыг нь харгалзан үзэж зохицохоос өөр аргагүй шүү дээ. Та нар юу гэж бодож байна? Арвин: Яг одоогийн байдлаар улс төрд үнэндээ эр, эм гэдэг ялгаа байхгүй. Бид нарт тааруулсан дүрэм, бидэнд тохируулсан цагийн хуваарь байхгүй. Миний хувьд гэр орноо хаядаг. Улс төр гэдэг нэгэнт л хүнд хүчир ажил учраас яалт ч үгүй золиослох юмаа золиослоод л явдаг. Оюун: Дэлхийд үнэхээр 50, 50 хувь болоод эхэлсэн орнууд парламент дээрээ яах аргагүй цэцэрлэг гээд яриад эхэлдэг юм байна лээ. Одоо 3 байгаа юм чинь ядаж 30 хувь болгочих юмсан гэдэг л бидний зорилго. Эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх юм бол нэгдүгээрт тэгш байдал үүснэ. Ер нь бол нийгэмд эерэгээр нөлөөлнө гэж боддог. Эр, эм хүмүүст адилхан л давуу тал байгаа. Улс орны эрх ашгийн төлөө гаргаж байгаа тэр олон шийдвэрүүдэд аль алиных нь давуу талууд оролцох ёстой. Хараад байхад УИХ-ын эрэгтэй гишүүдийн 95 хувь нь уул уурхай, барилга, эрчим хүч гэх мэт зүйлс дээр яах аргагүй гярхай байгаад байдаг. Харин нийгмийн халамж, эрүүл мэнд, соёл урлаг гээд амьдралд хүрэхгүй байгаа нарийн ширийн зүйлсийг эмэгтэйчүүд илүү хараад байдаг. Магадгүй, ээж хүн учраас тэгж хардаг байх. Одоо нийгмийн халамжийн шинэчлэлийн хууль их хурал дээр гацчихаад байна. Хэрвээ эмэгтэйчүүд олон байсан бол арай л хурдан шийдэгдэх байсан байх. Монголд зөв, оновчтой макро эдийн засаг, дэд бүтэц, нийгмийн халамжийн бодлого хэрэгтэй л бол эрчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь л парламентад хэрэгтэй гэсэн үг л дээ. Туул: Эмэгтэй хүнгүй айл ямар байдгийг бас нэг бодох хэрэгтэй л дээ. Ороход хоолгүй, нэг нэгэнтэйгээ хэг ёг хийсэн, өрхийн төсөв нь тооцоогүй, эрүүл мэнд, боловсрол зэрэг нарийн асуудлуудаа гаргуунд нь хаясан тийм л улс байдаг биз дээ. Харилцаа муутай, ерөнхийдөө эмэгтэй хүн байхгүй байгаа нь мэдэгддэг шүү дээ. Манай парламентыг харахад бас л дээрхтэй адилхан, нэгнийгээ янз бүрээр дуудсан, дан эрчүүд байдаг нь мэдэгддэг шүү. Тунгалаг: 1990-ээд оны эхээр хүмүүсийн амьдрал үнэхээр ядуу, хэцүү байсан.  Одоо бол их өөрчлөгдсөн. 2015 он гэхэд асар их мөнгөтэй болно гээд прогнозууд ч гараад, дээр дооргүй яриад л байна. Тэгээд үзэхээр улс төр гэдэг өөрөө нэг айл байгаа юм. Гэтэл ганцхан нөхөр нь бүх зүйлийг хийгээд зохицуулаад байвал хэцүү шүү дээ. Монголчууд бид л улс төрдөө эрчүүдийн алтан гинж үүсгэчихсэн байна. Бид нарыг квот яриад эхлэхээр хэдэн амбицтай эмэгтэйчүүд дарга болох гэж гүйгээд байна гээд шүүмжилж дургүйцдэг. Гэтэл хараад байхад сонин зүйл зөндөө ажиглагдаж байна. Авлигатай тэмцэх газрын даргыг 55 настай хүн хийнэ гэсэн заалт оруулж байгаа юм. Тэр заалт бол эмэгтэй хүнийг илт ялгаварласан заалт. 55 нас хүрэхээрээ тэтгэвэртээ гарна гээд Үндсэн хуулиндаа заачихсан атлаа ийм заалт гаргаж болохгүй шүү дээ. Эмэгтэй хүнгүй байгууллага хүртэл байгуулж үзэж байна. Шалтгаанууд нь юу байна гэхээр дандаа эрэгтэйчүүдэд үйлчилдэг шалтгаан байгаад байна. Өнөөгийн байдлаар УИХ-ын гишүүд маш их хөрөнгө мөнгө зарцуулаад байна. Энэ нь өнөөдөр УИХ-д орж ирэх залуучуудад, эмэгтэйчүүдэд хэтэрхий өндөр босго болдог. Тэгээд хууль ярих гэхээр “30 хоног дотор сурталчилгаагаа хийнэ, дуучдыг дуулуулахгүй” гээд л процесс яриад байна. Энэ бол хүйсийг улаан цайм дарангуйлж байгаа хэрэг. Иргэдэд сонголт орж ирэхгүй байна. Аргагүйн эрхэнд нөгөө хэдхэн хүнээ л сонгоно. Чамайг эмэгтэйчүүд чинь дэмждэггүй биз дээ гээд л эхэлдэг. Амьдрал дээр хүмүүст эрчүүд их таалагддаг. Сайхан зангиа зүүгээд зургаа авахуулчихсан, илүү мөнгөтэй, илүү гоё, илүү их сурталчилгаа хийчихсэн байдаг учраас эмэгтэйчүүд маань бидэнд биш эсрэг хүйсэндээ татагдаад байх шиг байна. Эмэгтэй сонгогчид эмэгтэй хүнээ дэмжээсэй. Эцсийн эцэст би УИХ-ын 73 гишүүнтэй квот ярих нь үнэхээр утга учиргүй зүйл юм л гэж бодож байна. Баахан тойрог бодоод, тоо бодоод л суугаад байдаг. Тогоон дотроо үлдэх гэж ядаж байгаа хүмүүсээс квот гуйгаад бид ядуу дорой, олон жил дарга болох гэж гүйсэн гэх нэрийг л сонсоно. Тийм учраас нэг арга байна. Америкийн хоёр үндсэн нам болох Бүгд найрамдах нам, Ардчилсан намын эмэгтэйчүүд энэ аргыг маш амжилттай хэрэгжүүлсэн байгаа юм. Энэ бол нэмэлт гишүүдийн арга. Саяхан Ж.Сүхбаатар гишүүн зэрэг хэдэн гишүүн 76 биш 99 гишүүнтэй болох тухай яриад байсан. Байж яагаад болохгүй гэж. Олон жил улс төрд оролцсон, судалдаг хүний хувьд улс орон нэгэнт хөгжиж дэвшлээ. 73-уулаа баймаар байгааг нь хүлээн зөвшөөрөөд нэмэлт гишүүдийн аргаар бүх тойргуудад эмэгтэйчүүдийнхээ асуудлуудыг шийдчихмээр байна. Эмэгтэйчүүд бөөндөө орж ирэхээрээ их амь нэгтэй болчихдог. Энэ аргыг би Ардчилсан нам дээр хэрэгжүүлээд маш амжилттай байршуулж чадсан. Тэгтэл намайг ад үзэж эхэлсэн. Гэхдээ энэ квот Ардчилсан намыг маш их урагшлуулсан шүү. Тэгэхээр нэмэлт гишүүний аргаар явбал илүү үр дүнтэй байж магадгүй гэж миний зүгээс бодож байна.  Төсвийн хууль гэдэг бол сонгуулийн жилд гайхамшигтай гоё “торт” байдаг байхгүй юу. Маш их ашиг сонирхлын зөрчил, маш их мөнгө бодогддог. Тэгээд хугацаа нь маш богино байгаа юм. Тэгэхээр төсвийн хууль руугаа орж ирээд сонгуулийн хууль яах юм бол доо. Ямартаа ч энэ нэмэлт гишүүдийн арга маш үр дүнтэй. Энэ удаад биш юмаа гэхэд дараа удаад яригдах л байх л даа. Оюун: Зөв бурууг мэдэхгүй юм. Өнгөрсөн сонгуульд өрсөлдсөн нийт нэр дэвшигчдийн 15 хувь нь эмэгтэйчүүд байсан. Гэтэл гарсан нь гурав. Суудал хадгалах буюу эмэгтэйчүүд өрсөлдөх эсэх дээр намууд хоорондоо тохирч, зөвхөн эмэгтэйчүүд нэр дэвших тойрог гаргаж болдог юм байна. Тэгэхээр тэндээс эмэгтэй л хүн гарах болно. Энэтхэгийн квот гэхэд л ийм байдаг. Орон нутагтаа нэвтрүүлээд, одоо их хуралдаа дэвшүүлэх гээд нэг танхим нь дэмжээд нөгөөх нь хэлэлцээд явж байна. Манай улс ч гэсэн яах аргагүй дэлхийн олон  орны дэвшлийг дагаж, квот нэвтрүүлэхээс өөр аргагүй. Үүнийг квотоор, эсвэл намын дотоод дүрэм журам, улс төрийн хүсэл зоригийн аль нэгээр шийднэ. Яагаад гэвэл өнгөрсөн дөрвөн жилд квотоо баталчихаад хэрэгжүүлж чадаагүй. Харин энэ дөрвөн жилд Жендерийн хуулийг баталсан боловч Сонгуулийн хуульд квот оруулж чадаагүй. Ахиад дөрвөн жил алдвал улс орон л хохирно. Энэ бол хэдэн эмэгтэйчүүд дарга болох гээд байгаа асуудал ерөөсөө биш. Эмэгтэйчүүдээ төлөөлөөд бид нар байгаа болохоор ярихгүй байхын арга байхгүй, өөр хэн ярих билээ. Улс орон зөв зохистой хөгжих үү, манай ирээдүйн иргэд тэгш эрхтэй зөв нийгэмд амьдрах уу гэдэг зарчмын маш том асуудал байгаа юм. Нийгэм үүнийг ойлгож эхэлж байна. Туяа: Түрүүн Туул хэллээ шүү дээ. Эмэгтэй хүний үүрэг их байна. Гэтэл яагаад дан ганц эрэгтэй хүний тавьсан дүрмээр амьдраад байгаа юм бэ гэсэн. Миний бодлоор нийгэмд эмэгтэйчүүд дандаа дайвар хүйстэн гэж явдаг. Гэхдээ нөгөө талаас нийгэм маань ямар системээр хөгжөөд байгаа юм бол? Уучлаарай, харахад манайд үнэхээр ардчилал алга. Либерал капитализм л байна. Энд чинь ардчилал байхгүй байна. Би хуучин социалист нийгмийн квотыг харж байсан л даа. Герман улс хамгийн өндөр квоттой байсан байгаа юм. Сүүлдээ эмэгтэйчүүдийнх нь оролцоо ихсээд ирэх үед  квот нь буцаад эсрэг болоод ирсэн байна. Гэхдээ энэ үед нийгмийн халамж хүчтэй, тэр дундаа боловсролын систем нь хүчтэй байсан. Өнөөдөр манайхны хамгийн их хөсөрдүүлсэн салбар бол боловсролын салбар. Өнөөдөр манай эмэгтэйчүүд үүнийгээ мэдэж байна уу, квот хэрэгтэй эсэхийг ойлгож байна уу гэдэг асуудал байна. Боловсролтой эмэгтэй хүн маш хүчтэй байдаг гэж би боддог. Өнөөдөр эмэгтэй хүн улс төрд ороход хэцүү гэхээсээ өмнө улс төрд орж болно гэдэг зүйлийг л охидод хамгийн түрүүнд хэлж байх ёстой. Болохгүй гээд л шилэн дээвэр тавиад байх хэрэггүй. Дараачийн үеийнхээ зүрхийг үхүүлмээргүй байна. Арвин: Би одоо байгаа хүнд нөхцлийг түрүүн ярьсан. Тэр их мөнгө цацаж байгаа тэр олон эрчүүдийн дундаас гарч ирнэ гэдэг өөрөө зовлон. Гараад ирчихсэн байхад чи сонгогдоогүй байна гээд батлахгүй байх жишээтэй. Гэтэл ард түмэн л эмэгтэйчүүддээ санал өгөх юм бол түүнээс айгаад байх юм байхгүй. Би одоо квотийг нь баталж өгдөггүй юмаа гэхэд үүнийг л ард түмнээсээ гуйж байгаа. Ямар ч эмэгтэй хүн нэр дэвшсэн та бүхэн дугуйлаад өгөөрэй гээд. Өнөөдөр улс төрчид рүү хандахдаа гол нь биш, нийгмийнхээ сэтгэлзүйг чөлөөтэй байлгах, ард түмнийхээ сэтгэлзүйг өөрчлөх нь л хамгийн чухал явдал юм. Хэвлэл мэдээллийнхэн, эмэгтэйчүүдийн байгууллагынхан энэ тал дээр сайн ажиллах хэрэгтэй л дээ. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ хүлээн зөвшөөрдөг болсон байна шүү дээ. Оюун: Туяагийн хэлсэнтэй санал нэг байна. Эмэгтэйчүүдээ зоригжуулах хэрэгтэй байна. Нийгэмд шийдвэрлэгдээгүй, хуримтлагдсан асуудал олон байна. Энэ олон асуудлыг шийдвэрлэхийн тулд эмэгтэйчүүд зориглоод улс төрд орох хэрэгтэй. Зөвхөн УИХ гэлтгүй анхан шатны хурал, төрийн албанд эмэгтэйчүүд орох хэрэгтэй. Нөгөө талаар та нар ч гэсэн өөрсдийн санал бодлоо бусадтай хуваалц. Та нар ингээд UPTOWN-ы уншигчидтай үзэл бодлоо хуваалцаад сууж байгаа чинь сайн байна. Эрчүүд их амбицтай хүмүүс шүү дээ. Харин эмэгтэйчүүд гэр бүлээ хамгаалаад л байж байна. Одоо үүнээсээ илүү идэвхитэй байгаасай. Тунгалаг: Сонголтоо өгөх тал дээр ч гэсэн идэвхитэй байгаасай. MAН 14 эмэгтэй гишүүн дэвшүүлнэ гэж Арвин гишүүн дээр ярьж байсан. Энэ бол дэвшүүлэхээс өөр ямар ч аргагүй алхам. Яагаад гэвэл энэ бол угаасаа торгуулийн батальон болно /инээв/. Ингэхгүй бол Ардын Намыг ямар ч ардчилалгүй гэж ард түмэн харна. Эмэгтэйчүүдийн байгууллагыг бодоод, 3 гишүүнээ бодоод 14 суудал өгнө. Гэхдээ энэ чинь квот биш байхгүй юу. 38+1-ээ яаж авах тухайгаа эрчүүд бодчихсон л сууж байгаа. Энэ бол өөрсдийгөө амьдруулахын тулд жаахан дүр үзүүлж байгаа аргагүй байдал. Тэгэхээр тэд нарыг ч бас чөлөөлж өгөх хэрэгтэй. Тэд нарт хэцүү байна. Яагаад гэвэл намын дарга ялмаар байна, бас арван хэдэн эмэгтэйг дэвшүүлмээр байдаг. Миний хэлж байгаагаар хэдэн нэмэлт гишүүдийг гаргавал жинхэнэ квот гарна. Үүнийг цаадуул чинь мэдэхгүй шаналаад байна. Ер нь тэгш байдлыг бий болгох нь аль аль талдаа л зовлон. Дэвшиж байгаа эмэгтэйдээ ч зовлон. Шулуухан хэлэхэд хоёр нам эвсэж байгаа үед бүр ч осолтой. Хоёр намын эвсэл дээр хүмүүсийн хоорондын дотно харилцаа маш олон зүйл дээр ижилсдэг. Ингэж хүний нөхөөсөнд явуулах юм бол эмэгтэйчүүдээ бодлогоор дэмжиж байгаа асуудал ерөөсөө биш. Оюун: Гишүүн байсан эмэгтэйчүүдийн уулзалт болоод “Та дахин нэр дэвших үү?”  гэдэг судалгаа явуулсан байна. Одоо их хуралд байгаа эмэгтэйчүүд нь дэвшихгүй байсан ч дэвшинэ гэж хариулсан бол өмнө нь гишүүн байсан эмэгтэйчүүдээс ганцхан Б.Дэлгэрмаа л дэвшинэ гэсэн байгаа юм. Өөр ганц ч хүн дэвшинэ гэж хариулаагүй. Миний бодлоор энэ үнэхээр хэцүү. Эмэгтэйчүүд эрчүүд шиг мөнгө хийе, бизнесээ хамгаалъя гэж бодож улс төрд ордоггүй. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж нэр дэвшээд УИХ-д ялагдчихаад амьдарч байгаа хүмүүст одоогийн энэ амьдрал нь илүү амар байгаа шүү дээ. Мэдээж шийдвэр гаргах зүйлд оролцох сонирхолтой ч гэсэн энэ улс төрийн амьдрал хэцүү санагддаг байх. Тунгалаг: Одоо үед мөнгө гэдэг маш айхтар хүчин зүйл болсон байна шүү дээ. Оюун: 2000 оны сонгуульд 10 сая төгрөг босгоод сонгуульд оролцож, ялж болдог байсан бол одоо энэ өртөг сонгуулиас сонгуульд маш өндөр болж байна. Тухайн үед тэр босго нь бага байхад бид заавал олон тэрбумыг босгохгүйгээр оролцоод, өөрийн гэсэн улс төрийн капиталаа бий болгоод, олон түмэнд танигдаад, ажиллаад болж байгаа юм. Тэгтэл улс төрд шинээр орж ирж байгаа залуучууд, эмэгтэйчүүдийн хувьд одоо мөнгөний маш өндөр босго тавигдаж байна. Тэгэхээр квотоос гадна мөнгөний хүчин зүйлүүдийг буулгаж өгч байж эрүүл болно. Жишээ нь, Ардчилсан намаас нэр дэвшихэд 8 сая төгрөг гэхэд тэрийг эмэгтэйчүүдэд бага, аль эсвэл босгогүй болгодог ч юм уу. Тэгэхгүй бол зөвхөн мөнгөтэй эрчүүд улс төрд орж улс орны өмнөөс шийдвэр гаргаж болно, бусад нь болохгүй гэж хуулийн заалт оруулж байгаатай адилхан. Д.Арвин гишүүн үүн дээр нэлээн хүчтэй дуугарч байсан санагдаж байна. Ингээд байвал хэн дэвшиж, хэн сонгогдох вэ дээ. Тунгалаг: УИХ-аас батлагдаж гарсан хуулийн өөрчлөлтүүдэд анализ хийгээд үзэхээр эдийн засгийн хуулиуд гэх мэтэд нэгхэн заалт орж ирээд л хуульд өөрчлөлт ороод байдаг. Асар олон заалт оруулж батлуулсан нь ч байдаг. Тэгэхээр улс төрд байгаа тэр хэдхэн эрчүүд хөрөнгө мөнгө, улс төрийн капиталаараа маш олон аргаар нийгмээсээ бүр тасарчихаж байгаа юм. Эргүүлээд жендерийн шил гэдэг юмыг зүүгээд харах юм бол нөгөө тасарсан эрчүүдийг чинь хойноос нь гүйцэж барьж авах гэдэг эмэгтэйчүүд, залуучуудад бүр л хэцүү болно. Яг үнэндээ амьдрал дээр  тэгш байдал бүр л алдагдаад байна. Туяа: Миний хувьд нийгмийн халамж сайн байгаа тохиолдолд эмэгтэй хүн заавал эрт нөхөрт гарч, гэрийн сахиул хийх шаардлагагүй. Өнөөдөр нийгмийн халамж маш муу байна. Ядаж л цалин мөнгөний асуудалд санаа зовохгүйгээр ажлаа хийдэг болчихмоор байна шүү дээ. Бидэнд ахуйн асуудал маш чухал болчихоод байна. Оюун: 76 тойргийн 30-аас доошгүйд нь эмэгтэйчүүд нэр дэвшинэ гэх юм бол мэдээж сонгогдох магадлал нь нэмэгдэнэ. Арвин: Нийгэм өөр болж, дэвшилттэй үе гарч ирж байна гэж ойлгож байгаа. Нэг  үеийн дараагаар бүр өөр болно гэж бодож байна. Зохистой юмыг зөвөөр авч явахгүй бол түүх эргэнэ шүү дээ. Одоо бүхий л салбарт эмэгтэйчүүд давамгайлан ажиллаж байгаа учраас гарцаагүй эмэгтэйчүүд гарч ирнэ. Өнөөдөр ард түмнээ эмэгтэйчүүддээ саналаа өгөөч ээ гэж л хэлмээр байна. Яваандаа эргээд эрчүүдээ оруулж ирье гэдэг цаг ирнэ гэж итгэдэг. Монгол улсын хөгжилд иргэд өөрсдөө чухал үүрэгтэй. Жиптэй залууг үнэлэх үү, монгол эмэгтэйчүүдийнхээ оюун ухааныг үнэлэх үү гэдэг нь чухал байна. Би манай намын нэг эмэгтэйг сонгоод өгөөрэй гээгүй шүү.  Юм өөрчлөгдөнө гэж итгэсэндээ л хэлж байгаа юм. Туул: Манай эмэгтэйчүүд үр хүүхдээ төрүүлж, асрахын зэрэгцээ бүхий л салбарт, нийгэм эдийн засгийн бүтээн байгуулалтад талаас илүү хувийн хувь нэмэр оруулж, идэвхитэй ажиллаж байна. Гэтэл тэд улсын төсөвт төлсөн мөнгөө хэрхэн зарцуулахаа шийдэж чадахгүй явна гэдэг маш сонирхолтой өнцөг л дөө. З.Алтай гишүүний ярилцлага, бас Л.Гүндалай гишүүний “50 байтугай 5 эмэгтэй ч улс төрч болоход хэцүү” гэсэн ярилцлага байсан. Ийм хариуцлагагүй юм яриад сууж л байдаг. Ард түмэн, эмэгтэйчүүд маань тэрийг нь дургүйцэн хүлээж авсан ч бас яахаа мэдэхгүй хараад сууж байх жишээтэй. Гадны орнуудад ийм юм хэлсэний төлөө их том хариуцлага хүлээлгэнэ. Тэгэхээр ард түмэн, түүний төлөөлөл болох эмэгтэйчүүдийн ихэнх саналаар сонгогдчихоод тэднийг үл хүндэлж, шулуун шударга сайхан монгол эр хүн болох гэж санаандаа орсон бүхнийг яриад байж болохгүй л дээ. Өнөөдөр технологийн эрин үе ирлээ гээд байхад би гараар захиагаа бичиж, шуудангаар 14 хоног хүргүүлж, асуудал шийдүүлнэ гэж байхгүй биз дээ. Тэрэнтэй адил эмэгтэйчүүд дэмжлэгтэй байж л гарч ирэхгүй бол идеологи, улс төр, нийгмийн тогтолцооны энэ олон саадаас болж өөрсдөө гарч ирэх хэцүү. Үүнийг маш олон орон яриад, батлаад, хэрэгжүүлээд, амжилтанд хүрээд байхад нөгөө л эмэгтэйчүүд өөрсдөө гарч ирэхэд яадаг юм гэх мухар амбицаараа яваад байгаа эдгээр гишүүдэд УИХ-аас даалгавар өгч, гадны орнуудын парламентаас туршлага судалмаар юм. Арвин: Хэтэрхий бүдүүлэг байна шүү дээ. Оюун: Олон сонгогч эмэгтэйчүүд захиа бичих хэрэгтэй л дээ. Тунгалаг: Тэгж хэлж л байг л дээ. Тэгж хэлэх тусмаа л эд нарын өөрсдийнх нь нэр хүнд унаж байгаа шүү дээ. Би тэр ярилцлагуудыг уншаагүй л дээ. Гэхдээ одоо сонсоход л маш их зэвүүцэл төрж байна. Яагаад эмэгтэй хүнийг ингэж байгаа юм гээд эр хүн ч хүртэл дургүйцэхээр байна шүү дээ. Ээжээс гараагүй хүн байх биш. Туул: Квотыг заавал хуульчилж, сонгуулийн хуулинд тусгахгүйгээр өөр төрлөөр хийж болдог юм байна лээ. Нам нь өөрөө дүрмээрээ квот тогтоочихдог юм байна лээ. Арвин: Өнөөдөр бид салбар салбарын хамгийн чадвартай хүмүүсийг гаргаж ирэх нь бас чухал л даа. Манайх энэ талаа орхигдуулчихсан байна. 76 гишүүн нь бүх салбарын төлөөлөл байж Монгол улс хөгжинө. Энэ УИХ-д сайн малчин, сайн агрономич, сайн хөдөө аж ахуйн ажилтан, сайн эмч байна. Бүх мэргэжлийн сайн мэргэшсэн хүмүүсийг дэвшүүлж, оюун ухаанаа ажиллуулж байж л улс орны хөгжлийг тодорхойлж, хууль боловсруулна шүү дээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийг дэвшүүлье гэхэд хүртэл нам дагасан намын харъяалал бүхий эмэгтэйчүүд л байгаад байна. Гэтэл эмэгтэйчүүдийн ихэнх нь нам бус төрийн ажилтан болчихсон байна. Нам дагаагүй олон эмэгтэй байна. Улс төрд салбарын тэргүүний ажилтнууд л гарах хэрэгтэй. Нам дагасан хүмүүс гараад байвал хөгжихгүй. Манай энэ хууль бас их сонин, хөгжлөө тодорхойлж байгаа систем нь бүх зүйлээ базчихсан. Салбартаа тэргүүлж байгаа эмэгтэйчүүд маань намд орвол ажилгүй болчих гээд байна шүү дээ. Тогтолцоо нь буруу яваад байна. Чадварлаг эмэгтэйчүүдийг жил бүрийн 3 дугаар сарын 8-нд шалгаруулахад маш сайн ажилтай, чадалтай эмэгтэйчүүд гарч ирдэг. Тэр эмэгтэйчүүд улс төрд орж чадахгүй байна. Энэ тогтолцоог өөрчилмөөр санагддаг. Оюун гишүүнд тэгж санагддаг уу? Оюун: Тийм ээ, намууд бас энэ шалгуураа их зөв тавих хэрэгтэй болов уу. Одоогийн шалгуур бол мөнгө. Мөнгөний шалгуур тавиад байх юм бол хуулиндаа заагаагүй ч гэсэн хөрөнгө мөнгөтэй хүмүүс л дэвшинэ. Өнгөц харахад ардчилсан мэт харагдах боловч мөнгөтэй нэг нь өрсөлдөөд эхэлбэл ардчилал биш болчихоод байгаа юм. Арвин: Нийгэмд байгаа мөнгөтэй хүмүүс нь бүгд улс төрд орох сонирхолтой болчихсон байна, мөнгөө төлж чадахгүй мөртөө улс төрд маш их идэвхитэй. Ерөөсөө л улс төр мөнгөтэй хүмүүсийн хараат болчихоод байна. Оюун: Эрх барьж байгаа хоёр том намаас л үүнийг эхлэх хэрэгтэй. Eр нь лидерээс эхэлдэг гэдэг юм байна лээ. Энэтхэг ч бас тийм байсан. Тэгэхээр хоёр том намын хүсэл зоригийн л асуудал. Лидерүүд нь нийгмийг дээш нь татах ёстой. Аливаа асуудлыг шийдэхэд нэгдүгээрт олон нийтийн хандлага, хоёрдугаарт улс төрийн хүсэл зориг хэрэгтэй байдаг. Энэ хоёр байсан тохиолдолд аливаа зүйл урагшаа явдаг юм байна. Гэхдээ аль аль нь байж л урагшилна. Улс төрийн хүсэл зорилго байхгүй бол олон нийт хандлагаараа шахалт үзүүлж эхэлнэ. Шинэ үеийнхэн эрс өөр болж байна шүү дээ. Бараг улс төрчид өөрсдөө хоцрогдчихоод байна. Шинэ үеийн олон эмэгтэйчүүд, залуучууд улс төрд ороод ирвэл нийгэмд маш сайхан эрүүл агаар орж ирэх гээд байна. Тунгалаг: Улс төрийн лидерүүдийн хүсэл зоригийг хармаар байна. Хамгийн гутармаар зүйл нь хүсэл зоригийг илэрхийлдэг лидер Монголд дутагдаад байна. Туяа: Та бүхэнд цаг, сэтгэл гаргаж, энэ ярилцлаганд оролцсонд баярлаж байна. Энэ ярилцлагыг олон охин хүүхэдтэй эмэгтэйчүүд, ээж нарт хүрээсэй гэсэндээ UPTOWN сэтгүүл нэлээд хэдэн цахим сайтууд дээр тавих болно. Ta бүхэн үүнд дургүйцэх зүйл байна уу? Оюун: Биднийг урьж нийгэмд, эмэгтэйчүүдэд хэрэгтэй ярилцлага зохион байгуулсанд баярлалаа. Татгалзах зүйл байхгүй ээ. Тунгалаг: Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Арвин: Баярлалаа. Туул: Нийт хүн амын талаас илүү хувь болох эмэгтэйчүүдийн асуудал орхигдвол Монгол Улсын аюулгүй байдлын асуудал ч хөндөгдөнө гэдгийг ард түмэн маань ойлгоосой. Баярлалаа. “UPTOWN” сэтгүүлийн Т@Т булан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

I think you hit a blulesye there fellas!
2011-12-31
энэ эрчүүд л бичдэг байх даа эмэгтэйчүүдийг дандаа доош нь хийсэн манай энэ эрчүүд ёстой банзалууд болжээ эмэгтэй нь болохгуй бол хоорондоо гомодоод нөгөө дох -ыг чинь дандаа эрчүүд аваад байгаан биш үү сая 100 дахь тодорход бас энэ эрчүүд л байна лээ дээ ийм байж эмэгтэйчүүдыг битгий тэгж янхан банзалаар дуудаж бай л даа кккк инээд хүрчлээ
2011-12-23
yantgar hatan tor barihgui, yamaan tolgoig yamband tavihgui geed bid naraas uhaanati humuus iim teneguuded zoriulaad helsen bna ldaa. Zugeer ger oronoo zov, ur huuhdee l zov humujuultsgee.
2011-12-21
Mongold bolowsroltoi emegtei olon shuu. Gehdee Arwin Gandi Ouynhorol arai l bishee Ter yarij baigaa umssun zuusen. Biee goy awch yawaachee saalichin huuhnees l doojoogui haragdah um. Harwingaa arilgaj zaluujaachee muuhai yamar ch uurchlultgui ta naraas uidaj bn. Daraagiin ue garah geheer bul har chuluu bolood zogschih umaa
2011-12-21
Zaluuchuud n goy yarij baina aa
2011-12-21
tanihgvi humuus bn ene arvin gej mun uu
2011-12-20
kvot togtoog l dee tertei tergui monglchuud emegtei huniig huleej avah setgel zuin beltgel hangagdaagui bgaa shuu dee tegeed ch emegteichuud emegteichuudee l unagaadag yum shuu dee tertei tergui unah yum chine yahav ursuld ursuld
2011-12-20
kvot togtoog l dee tertei tergui monglchuud emegtei huniig huleej avah setgel zuin beltgel hangagdaagui bgaa shuu dee tegeed ch emegteichuud emegteichuudee l unagaadag yum shuu dee
2011-12-20
Heden yaijigar avgai yanhan nar boov l yaria biz
2011-12-20
Mungutei hun l duugardag bolson bna daa.Tuul met shig. Mungugui hunees iim yariltslaga avahgui dee Shuud-nhan
2011-12-20
UPTOWN ãýæ þó ãýæ áàéãàà íü ¿ë îéëãîãäîõ ãàäààä íýðòýé, òýíýã ñýòã¿¿ëýíöýð "òýìöýýä" þó îëæ äîëîîõûí? ¨ñòîé ÿìàà òóéëààä ÿíãèà ýâäýõã¿é
2011-12-20
Saikhan zuil yarijee emegtei hunii huvid demjij b
2011-12-20
зайлцгаа
2011-12-20
goy yariktslaga boljee, zov biana
2011-12-20
Balai mangar um yarisan Arvin avgai boliosoi .
2011-12-20
kvot togtoog l dee tertei tergui monglchuud emegtei huniig huleej avah setgel zuin beltgel hangagdaagui bgaa shuu dee tegeed ch emegteichuud emegteichuudee l unagaadag yum shuu dee tertei tergui unah yum chine yahav ursuld ursuld
kvot togtoog l dee tertei tergui monglchuud emegtei huniig huleej avah setgel zuin beltgel hangagdaagui bgaa shuu dee tegeed ch emegteichuud emegteichuudee l unagaadag yum shuu dee
UPTOWN ãýæ þó ãýæ áàéãàà íü ¿ë îéëãîãäîõ ãàäààä íýðòýé, òýíýã ñýòã¿¿ëýíöýð "òýìöýýä" þó îëæ äîëîîõûí? ¨ñòîé ÿìàà òóéëààä ÿíãèà ýâäýõã¿é