Хандиваар боссон хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ
"Дуслыг хураавал далай" гэдэг үгийн биелэл болж өнөөдөр ЭХЭМҮТ-ийн урд талбайд олон түмний хандиваар боссон “Хүүхдийн цусны эмгэг, хавдарын эмнэлэг” нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд УИХ-ын дарга З.Энхболд, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, Ажиа гэгээн Лувсантүвдан, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Дашчойлон хийдийн хамба лам Ч.Дамбажав, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл, Япон улсын “Морин хуур Үүлэн бор клуб”-ын гишүүд, Тайваний ротару клубын гишүүд зэрэг олон улсын хандивлагчдын төлөөлөл, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд оролцов.
ы
Нээлтийн ёслолын үеэр “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв”-ийн тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдан “Хүүхэд баярлуулна гэдэг хамгийн том буян юм. Эмнэлэг барих ажил албан ёсоор 2012 оны 5 дугаар сарын 9-нд С.Ламбаа гуайг Эрүүл мэндийн сайд байх үед барилгын суурийг тавьж байсан юм. Монголын бяцхан үрсийг эрүүл энх болгохын төлөө бүхий л хүчин чадлаа зориулан буяны үйлсэд оролцсон сайн санаат хүмүүсийн өглөг хандиваас бүтсэн энэхүү эмнэлэг ашиглалтад орж байгаад туйлын их баяртай байна” гэлээ. Тэрбээр Өвөрмонголын Хөх нуурын Монгол хүн бөгөөд 1998 онд улс төрийн шалтгааны улмаас АНУ руу цагаачилж, 2006 онд Монголдоо ирэхдээ нинжин сэтгэлийг олонд түгээх үүднээс хүүхдэд зориулсан хавдрын эмнэлэг барихаар шийдсэн ажээ.
ы
Ажиа гэгээний санаачилгаар баригдсан энэхүү эмнэлэг подволтойгоо долоон давхар бөгөөд барилгын нийт өртөгийг анх 4.1 тэрбум төгрөг гэж тооцоолж байсан ч зах зээлийн үнэ ханшаас шалтгаалж 6 тэрбум гаруй төгрөгөөр боссон гэнэ. Хамгийн сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглосон энэхүү лаборатори эмнэлэг нь 4600 м квадрат талбайтай, нийт 75 ортой байх бөгөөд дотроо хавдрын, хүүхдийн эрчимт эмчилгээний, хагалгааны гэсэн гурван үндсэн тасагтай. Тодруулбал, I давхарт Засгийн газрын хөрөнгө хүүхдийн зүрхний ангиографийн оношилгоо-эмчилгээний 1.8 тэрбум төгрөгийн аппарат хэрэгсэл нийлүүлэгдэж, угсралт, суурилуулалт хийгдсэн байна. Уг аппаратаар зүрхний гаж хөгжилтэй төрсөн хүүхдийн эмгэгийн оношлогоог эрт хийх боломж бүрдэж байгаагаас гадна зүрхний хагалгааг нээлтэй хийх аж. Энэ төрлийн эмчилгээ хийх эмч мэргэжилтнээ гадны улсад бэлтгэсэн бөгөөд ЭХЭМҮТ-д жилд давхардсан тоогоор 1000 гаруй хүүхэд хавдартай гэж оношлогддог бол үүнээс зүрхний төрөлхийн өвчтэй 200-300 хүүхэд гадаад руу жил бүр мэс засалд орохоор явдаг байжээ. II давхарт нь мэс заслын тасаг байрласан бөгөөд хавдарын мэс заслаас гадна нярайн эмгэгийн эмчилгээ хийгдэнэ. III давхарт нь нярайн эрчимт эмчилгээний тасаг үйл ажиллагаа явуулах юм. Харин IV, V болон VI давхаруудад цусны эмгэг, хавдарын тасаг болох юм байна. Эдгээр тасгуудаас гадна хөнгөвчлөх эмчилгээний тасаг нээгдэх гэж байгаа аж. Хүүхдийн хөнгөвчлөх эмчилгээ гэж өмнө нь манай улсын хэмжээнд байгаагүй гэнэ. Уг тасагт эцэг, эхийн асрамжид байдаг эмчилгээгүй,хүүхдүүдийг хамруулах бөгөөд эхний ээлжинд хоёр эмч болон ээлжийн сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулж эхлэх аж. Эмнэлэг ирэх сарын дундуур үйл ажиллагаа нь жигдэрч, төв эмнэлгээсээ тасгуудаа нүүлгэж дуусан анхныхаа томоохон хагалгааг хийхээр төлөвлөсөн аж.
ы
Шинэхэн эмнэлгийн зүүн талд сургалт судалгаа, зочин эмч мэргэжилтэнд зориулсан хоёр давхар байшин баригдсан байна. Уг барилгын дээд давхарт залбирал, бясалгал хийхийг хүссэн эцэг эхчүүдэд зориулсан танхим бүхий “Номын өргөө” бий болгожээ.
ый
Америк, Англид амьдарч байгаа сайн санаат монгол хүмүүс болон гадныхан их хэмжээний хандив өгч, Монголын хүүхдүүдэд зориулсан энэхүү эмнэлэгийг сүндэрлэн босоход тус болсон гэдгийг нээлтийн үеэр онцолж байсан. Харин “Хүүхдийн эмнэлэг байхгүй, хүрэлцээ муутай байна” хэмээн шүүмжилдэг ч Монголын талаас хандив өгөх хүн ховор байсан. Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон байгууллагын ажилчид нэг өдрийн цалингаа хандивлаж байсан. Гэтэл зарим нэг хүмүүс Ажиа гэгээний нэрийг барин фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээгээр хуурамч зар тараан, хандив нэрээр мөнгө авсан тохиолдол ч гарч байсныг хуулийн байгууллагад хандсан гэдгийг ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр мэдээлсэн юм.
ы
Цусны хавдарын өвчлөл манай улсын хүн амын тоонд харьцуулахад хэвийн хэмжээнд байгаа ч сүүлийн үед энэ өвчин залуужиж байгаа аж. Өмнө нь 2-3 сартай хүүхэд цусны хавдартай оношлогддог байсан бол сүүлийн үед төрөхдөө цусны хавдартай төрөх тохиолдол ч гарах болжээ. Он гарсаар төрөхдөө цусны хавдартай төрсөн нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Тэгвэл “Олны хүч оломгүй далай” гэдгээр Монгол Улсад анх удаа цусны эмгэг, хавдар өвчтэй хүүхдэд зориулсан төрөлжсөн эмнэлэгтэй боллоо. Сайн сайхан санаачлагыг чин сэтгэлээсээ хүлээн авч, ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө ихийг хийж бүтээхийн төлөө хүн бүхэн хичээгээрэй. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
я
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ