Уиган Челсиг нэг оноотой буцаалаа

img

Өнгөрсөн амралтын өдрүүдээр английн Премьер лигийн 16-р тойргийн тоглолтууд болж өнгөрлөө. Ингээд болж өнгөрсөн тоглолтуудын талаар мэдээг цувралаар хүргэе. Челси клуб 15-р тойргийн баатар нь байсан билээ. Тэд лигийг тасралтгүй хожлоор тэргүүлсээр байсан Манчестер Ситиг буулган авснаар лигийн хүснэгтэд хоёрт бичигдэж буй Манчестер Юнайтедад боломж олгосон юм. Улаан чөтгөрүүд ч энэхүү боломжийг алдалгүй тэргүүлэгчдэд ойртож тэдний хоород 2 онооны зөрүү л үлдсэн. Тэргүүллийн төлөөх өрсөлдөөнийг ийнхүү сонирхолтой болгож өгсөн Челси клуб энэ тойрогт Уигантай таарч тоглосон юм. Челсигийн фэнүүдийн хувь энэ тоглолтын үр дүн төдийлөн сэтгэлд нийцээгүй нь мэдээж хэрэг. Уиганы цэнгэлдэхэд Челси зочилж улмаар 59 дэх минутад Даниэл Старриджийн гоёмсог гоолоор зочид тэргүүлж эхэлсэн. Гэвч тоглолтын үндсэн цаг дуусахаас ердөө хоёрхон минутын өмнө бага зэргийн тайвшралд автсан Челсигийн хаалганд Жорди Гомес гоол оруулж тоглолтыг эргүүлж орхисон юм. Ингээд тоглолт тэнцээгээр өндөрлөж Челси DW цэнгэлдэхээс 1 оноотой буцлаа. Харин Уиганы хувьд энэ тойргийн даалгавраа биелүүлсэн гэж үзэж болно. Одоо Челси 32 оноотой дөрөвт бичигдэж байгаа бол Уиган 13 оноотой лигийн хүснэгтийн сүүлийг мушгисаар байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ