Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг нөхөх заавар гарчээ

img

1. Уул уурхайн бүтээгдэхүүн олборлогч аж ахуйн нэгжүүд нь нягтлан бодох бүртгэлээ үнэн зөв хөтлөн,  “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан”-г энэхүү маягтаар хуульд заасан хугацаанд татварын албанд тайлагнах үүрэгтэй. Татварын тайлан гаргахдаа ТЕГ-ын даргын 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 379 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын тайлан гаргах, татварын албанд тайлан хүлээн авах журам”-ыг баримтална. 2.Татвар төлөгч нь энэ тайлангийн маягтаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1-д заасан “Дотоодод борлуулсан, ашигласан, ачуулсан нүүрс, түгээмэл тархацтай ашигт малтмал”-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж, тайлант хугацааны ногдуулалт, төлөлтийн тайланг  өссөн дүнгээр гаргана. 2-оос дээш төрлийн уул уурхайн бүтээгдэхүүн олборлож борлуулдаг аж ахуйн нэгжийн хувьд бүтээгдэхүүний нэр төрөл тус бүрээр тайланг гаргана. Тухайн аж ахуйн нэгж нь хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн тус бүрээр олборлож, борлуулдаг бол хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн тус бүрээр тайлагнана. 3. Тайлангийн маягт нь “А”, “Б” гэсэн 2 үндсэн хэсэгтэй бөгөөд “А” хэсэгт тухайн татвар төлөгчийн талаарх нийтлэг мэдээлэл, “Б” хэсэгт тухайн татвар төлөгчийн төлбөрийн ногдуулалт, төлөлтийн тооцооллыг тусгана. 4. Тайлангийн “Б” хэсэг буюу “Тооцооллын хэсэг” нь “Ашигт малтмалын бүтээгдэхүүний эхний үлдэгдлийн хэмжээ (1), “Тайлант хугацаанд олборлож худалдсан, ачуулсан, ашигласан ашигт малтмалын хэмжээ” (2), “Тайлант хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалтын тооцоо” (3), “Ашигт малтмалын бүтээгдэхүүний эцсийн үлдэгдлийн хэмжээ” (4), “Төлбөр төлөлтийн тооцоолол” (5) гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. -Хэмжих нэгж: Хэмжих нэгжийг нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын хувьд “тонн”-оор илэрхийлнэ. 5. Ашигт малтмалын бүтээгдэхүүний эхний үлдэгдлийн хэмжээ. Өмнөх улирлын тайлангийн ногдуулалтын тооцоо хийгдээгүй ашигт малтмалын бүтээгдэхүүний эхний үлдэгдлийн хэмжээг  нэр төрөл тус бүрээр хэмжих нэгж, биет хэмжээгээр тайлагнаж, тухайн улирлын төлбөрийн ногдуулалтын тооцоонд оруулан тооцно. 6. Тайлант хугацаанд олборлосон ашигт малтмалын хэмжээ. Тайлангийн хугацаанд олборлосон нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлосон аймаг, сум, ордын нэр, ашигт малтмалын нэр төрөл, ашиглалтын лицензийн дугаар, хэмжих нэгж, тоо хэмжээг тусгана. Олборлолтын хэмжээг тайлант хугацаанд харгалзах сар бүрээр гаргана 7. Тайлант хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалтын тооцоо.  Нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлосон, худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжих нэгж, тоо хэмжээ, зах зээлийн дундаж үнийн түвшинд үндэслэн тухайн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна. Зах зээлийн дундаж үнийг “төгрөгөөр”, бусад мөнгөн дүнг “мянган төгрөгөөр” илэрхийлнэ. Төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тодорхойлоход  тухайн нэр төрлийн бүтээгдэхүүний тайлант хугацаанд хамаарах сар бүрийн олборлолтын хэмжээг тэдгээрийн сарын дундаж үнээр үржүүлэн тооцно. Сар бүрийн борлуулалтын үнийг Засгийн газрын 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 48 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ын 2.3 дахь заалтыг баримтлан Үндэсний статистикийн хорооноос сар бүр зарласан албан ёсны мэдээгээр тооцно. Сар бүрийн нөөцийн төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээний дүнд ашигт малтмалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр төлбөр ногдуулж, сар бүрийн ногдуулсан нөөцийн төлбөрийн дүнг нэгтгэн /Маягтын 3 дахь хэсэг болох ”Ногдуулалтын тооцоо” хүснэгтийн “З” баганын харгалзах саруудын дүнг улирлын дүн мөрөнд, улирлын дүнгийн дараахь мөрөнд оны эхнээс өссөн дүнгээр/ тусгаж, тайлант улиралд төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тооцоолно. Татвар төлөгчийн ногдуулсан төлбөрийн тооцоог татварын алба хянана. 8. Ашигт малтмалын бүтээгдэхүүний эцсийн үлдэгдлийн хэмжээ. Тухайн тайлант хугацаанд нөөцийн төлбөр төлөгдөөгүй нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний үлдэгдлийг “нэр төрөл”, “хэмжих нэгж”, “биет хэмжээ”-ээр илэрхийлж тусгана. 9. “Төлбөр төлөлтийн тооцоолол” хэсэгт тайлангийн эхний үлдэгдэл, тухайн тайлант хугацаанд ногдсон төлбөр, төлсөн төлбөр, буцаан олгосон болон хоорондын тооцоо гэх мэт ДТ-лэгдсэн  дүнг тус тус тооцож, тайлангийн эцсийн илүү, дутуу үлдэгдлийн тооцоог хийж, баталгаажуулна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Засгийн газрын 2006 оны 272 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам”-д заасны дагуу төсөвт төлнө. 10. Энэхүү тайлангийн маягтаар 2011 оны 1 дүгээр улирлаас эхлэн тайлагнана.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ