Айлчлал бүрт дотносох харилцаа

img

Монгол, Орос хоёр орон газар нутгийн хувьд мөнхийн хөрш. Харин албан ёсны харилцаа хувьсгалын үеэс эхлэлтэй. 1921 оны 11 дүгээр сард Монгол Оросын хооронд “Найрамдалт харилцаа тогтоох тухай хэлэлцээр”-ийг байгуулж, 1923 оны 12 дугаар сард БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХОУ-ын Засгийн газар хооронд худалдааны анхны хэлэлцээрийг үзэглэснээр олон зүйлийн эхлэл тавигдсан. Өдгөө Монгол, Орос хоёр улсын хооронд нийт 180 орчим гэрээ, хэлэлцээр үйлчилдэг байна.

1

Манай хоёр орны харилцаа айлчлалаас айлчлалд өргөжин тэлдгийг албан баримтуудаас харж болно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2000 оны 11 дүгээр сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ айлчлалын үеэр  “Улаанбаатарын тунхаглал”-д гарын үсэг зурсан нь хоёр орны харилцааг идэвхжүүлсэн хэмээн үздэг. Товчхондоо бол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэл, зорилтыг тодорхойлсноор цаашдын алхмууд тодорхой болсон. Үүнээс гурван жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын айлчлалын үр дүнг “сайн хөршийн уламжлалт түншлэл”-ийг бий болгосон хэмээн дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол, Орос хоёр улс зөвхөн элгэсэг нөхөрсөг “сайн хөрш”-үүд бус түншийн хэмжээнд хамтран ажиллахаар болсон гэсэн үг.

1

Ингэж айлчлалаас айлчлалд түвшин дээшилсэн харилцаа 2006 онд “стратегийн түншлэл” болж илүү өндөр түвшинд ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын айлчлалын үеэр гарын үсэг зурсан “Москвагийн тунхаглал” хоёр орныг хэн хэнээсээ харилцан хамааралтай хамтын ажиллагаатай болгосон. “Стратегийн түншлэл” зөвхөн нэр төдий зүйл бус гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн айлчлалаас харж болно. 2009 онд манай улсад айлчлал хийсэн Д.А.Медведев “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглалд” гарын үсэг зурсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ бас өндөр түвшинд шилжсэний илрэл байв.

1

Төрийн тэргүүнүүдийн дөрвөн удаагийн харилцан айлчлал сайн хөршийн харилцааг “Стратегийн түншлэл” болгон өндөр түвшинд аваачлаа. Харин маргааш манай оронд зочлох Оросын төрийн тэргүүний айлчлал харилцаа, хамтын  ажиллагааг хэрхэн өрнүүлэх нь хэн хүний сонирхлыг татна. Урд хөршийн дарга харилцан хамааралтайгаар зэрэгцэн хөгжинө гэдгийг дуулгасан. Харин хойд хөршийн удирдагч бидэнд юуг өгүүлэх бол?

1

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ