Мэргэжлийн хяналт хэнд үйлчилдэг вэ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ашигладаг үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаараа манай хүнсний үйлдвэрүүд тэр дундаа бялуу, сүү, гурил, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд хүний биед хортой нэмэлт ашиглаж байгааг тогтоож. Амт үнэр, өнгө оруулдаг тэр нэмэлт бүтээгдэхүүнүүдээс орос, америкчууд аль хэдийнэ татгалзсан гэнэ. Дээр нь энэ нэмэлтүүд нь хорт хавдар үүсгэх эх үндэс болж, ургийг гажгийг ч бий болгох магадлалтай гэж мэргэжлийн хяналтынхан мэдээлэв.
:
Хамгийн чухал нь мэргэжлийн хяналтынхан монголчуудыг хордуулж байгаа үйлдвэрүүдийн нэрийг зарлахаас татгалзаж, нууцлав. Монгол Улсын стандартад огт тусгагдаагүйн дээр бусад орнууд хэрэглээнээсээ хасч, хүний биед хортой гэдгийг нь тогтоосон бүтээгдэхүүнийг ашиглаж буй байгууллагыг мэргэжлийн хяналт яагаад хаацайлав? Бизнесийн ашиг орлого, нэр хүндэд халдахыг хүсээгүй эсвэл тийм эрх байхгүй гэсэн тайлбарыг өгч магадгүй. Гэвч мөнгө, нэр хүндээс өмнө эрүүл мэнд тавигддагийг хэн бүхэн мэднэ. “Амт үнэр оруулах зориулалттай энэ бодисууд нь хүний элэгний үйл ажиллагаанд нөлөөлж, ургийн гаж хөгжил, хавдар бий болох, амьсгалын замын эрхтэнийг цочроож багтраа өвчин үүсгэх магадлалтай” гэдгийг бодвол бидэнд анхааруулсан байх. Гэвч аль үйлдвэрийн ямар бүтээгдэхүүнээс болгоомжлох ёстойг хэлсэнгүй. Зөвхөн хор үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдэд шаардлага хүргүүлсэн гэнэ лээ. Үйлдвэрлэгчид шаардлагыг хүлээж аваад, биелэлтийг хангана гэдэг нь ч эргэлзээтэй. Үгээр хэлж, бичгээр хүргүүлээд тусыг олохгүй л болов уу. Харин хэний ямар бүтээгдэхүүнээс татгалзах ёстойгоо мэдэхгүй бид хордсоор байх нь. Өөрсдөө сүү, хиам, бялуунаас татгалз гэж үү. Мэдээлэл авсан, мэдлэгтэй нэг нь татгалзаж болно. Гэвч мэргэжлийн хяналтын мэдээллийг сонссоноос сонсоогүй нь илүү олон бий.
:
Мэргэжлийн хяналтын байгууллага эрхэм зорилгоо “Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийг сахиулан, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчинг дэмжиж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” хэмээн тодорхойлжээ. Бодвол энэ удаа бизнес эрхлэх таатай орчинг дэмжсэн бололтой. Харин иргэдийн эрүүл, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоо хоёрдугаарт тавьжээ. Хүний эрүүл мэнд, бизнес хоёрын аль нь тэргүүнд байх ёстойг сануулах нь илүүц баймаар.
:
Мэргэжлийн хяналтын байгууллагын энэ үйлдэл анхны биш. Шалгалт хийсэн мэдээлэл бүрийнхээ ард хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн нууцтай байдаг. Үнэхээр нь бусдын эрүүл мэндийг хордуулж, амь насанд аюул учруулсан бол нууцлаад байх шаардлага байна уу? Мэргэжлийн хяналтын байгууллагын зөв л бол айж эмээгээд байх шаардлагагүй. Олон удаагийн нууц нийгэмд олон хардлагыг төрүүлж байгаа. Олон нийтэд ажил хийж байгаа гэж харагдахын тулд л шалгалт хийдэг, түүнийгээ мэдээлдэг. Тэгээд илэрсэн зөрчлөөр нь далимдуулж, үйлдвэрлэгчдийг шантаачилдаг. Гарыг нь хүндрүүлсэн тохиолдолд ямар ч зөрчил доголдол нууц хэвээр үлддэг. Тэр зөрчил хүн алах хэмжээний ноцтой байсан ч хамаагүй. Мэргэжлийн хяналтын байгууллагын олон удаагийн хуудуутай мэдээлэл нийгмийг ийм дүгнэлт хийхэд хүргэсэн. Нууцын ард ямар нууц хадгалагдаж байгааг зөвхөн мэргэжлийн хяналтын байцаагч, үйлдвэрлэгч хоёр л мэднэ. Харин бид хор, хоолны алин болох нь мэдэхгүй бүтээгдэхүүнийг худалдан авч хордож, хооллож байна. Аль нь хоол, ямар нь хор болохыг шалгаж, хэлж өгөх ёстой мэргэжлийн хяналтын байгууллага хэний эрх ашгийг хамгаалж, хэнд үйлчилдэг юм бол?!
_
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ