Хаалганд хавчуулагдах “хууль зүйн шинэчлэл”
Хууль зүйн салбар дахь шинэчлэл үргэлжлэн явагдаж байна. Ер нь Шинэчлэлийн Засгийн газрын сайд нараас салбартаа хийх зорилтоо гацаалгүй, тасралтгүй үргэлжлүүлж байгаа гишүүдийн нэг нь Х.Тэмүүжин. Тиймдээ ч тэрбээр хавар, намрын чуулганд хамгийн идэвхитэй оролцсон гишүүдийг тэргүүлж, бусдыг гашуун үгээр хатгаж байдаг, магтаалын үгэнд харам экс Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос ч сайшаалын үг сонссон байдаг. Тус салбарт энэ онд л гэхэд Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Шүүхийн багц хууль батлагдсантай холбогдуулан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус батлуулсан. Эдүгээ Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Өршөөл үзүүлэх тухай, Галт зэвсгийн тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлүүлэхээр УИХ-д өргөн бариад байгаа билээ. Ийнхүү хууль зүйн салбарт хийгдэж байгаа шинэчлэл үргэлжлэн явагдаж байгаа хэдий ч Х.Тэмүүжин сайд нэлээдгүй эсэргүүцэлтэй тулгарч байгаа нь нууц биш.
.
Энэ эсэргүүцэл гаднаас бус салбарынх нь дотроос эхлэлтэйг саяхан болж өнгөрсөн хурандаа нарын ажиллагаа утасны ярианаас илчлэгдсэн билээ. Учир нь эрхзүйн шинэчлэлийн хүрээнд цагдаагийн байгууллагыг мэргэжил талаасаа өндөр зэрэглэлтэй, олон нийтэд түшиглэсэн хууль сахиулах үйл ажиллагаатай, иргэдийн хяналтад байдаг, хууль дээдэлж, хүний эрхийг хамгаалдаг байгууллага байх ёстой гэдэг зорилтын хүрээнд Цагдаагийн албаны тухай шинэ хууль батлагдсан. Энэ хуулийн хүрээнд цагдаагийн байгууллагууд шинэчлэгдэн зохион байгуулагдаж байгаа. Нийслэлд цагдаагийн үйл ажиллагаа, аюулгүй байдлын үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатар хотын хэмжээнд зургаан дүүргийн зургаан цагдаагийн хэлтэс байсныг 14 хэлтэс болгож өргөжүүлсэн. Энэ мэт тус салбарын шинэчлэл нь хэсэг бүлэг албан тушаалтныг сайдынхаа эсрэг хөдлөхөд хүргэсэн бололтой. Харин сайдынхаа эсрэг хөдөлсөн хурандаа нарын ажиллагаа хуулийн салбарт шинэтгэл зайлшгүй шаардлагатай байгааг нийгэмд илүүтэй нотлоод өгсөн. Хууль, цагдаагийнхан иргэдэд хэрхэн ханддаг, гэм буруутайг нь хэрхэн хүлээлгэхийг оролддог зэрэг нь хурандаа нарын утасны ярианаас илэрснийг сайтуудаар тархсан бичлэгээс уншигчид сонссон биз ээ.
.
Хууль хяналтынхан бол улс төржилтөөс ангид байх салбар. Гэвч шинэтгэлийг эсэргүүцсэн улс төржилт хүчтэй явагдсан нь олон нийтийг ч цочролд оруулсан билээ. Наанадаж Х.Тэмүүжин сайдыг албан тушаалаас нь огцруулж, цаашлаад эрхзүйн шинэтгэлийг эсэргүүцсэн улс төржилтийг зогсоохгүй бол энгийн иргэд өртөхийг үгүйсгэхгүй гэх айдас нийгэмд үүсээд байна. Тиймээс ч ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлж, С.Баатаржавыг тус газрын даргаар томилсон. Эрх зүйн шинэчлэлийн хүрээн дэх эсэргүүцэл, улс төржилт үүгээр намжихгүй бололтой. Харин түүнийг томилогдонгуутаа сайдын “даалгавар”-аар хэд хэдэн цагдаагийн хурандааг албан тушаалаас нь чөлөөллөө гэх яриа чих дэлссэн. Тэр дундаа, ЗБГХТГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нар Хуульзүйн сайдынхаа эсрэг хөдөлсний улмаас ажлаасаа чөлөөлөгдлөө гэх яриа газар авсан.
.
Хуульзүйн сайдын хувьд ЦЕГ-ын дарга С.Баатаржавт тэргүүн комиссар цол олгох ёслолын үеэр шинэтгэлийн талаар дахин дурдаж, “Хуулийн салбарт хийгдэж байгаа шинэтгэлүүд, тэр дундаа цагдаагийн байгууллагын шинэтгэлийн үйл явцыг тууштай дэмжиж, манлайлж ажиллах ёстой. Энэ зөвхөн цагдаагийн нэг хоёр удирдлагатай хамаагүй. Цагдаагийн дээд, дунд, бага түвшинд байгаа цагдаагийн алба хаагчдыг удирдаж байгаа бүх хүнд хамаатай” гэдгийг онцолсон байдаг. Түүнчлэн олон нийтийн дундах эргэлзээг арилгахад дээрх шинэтгэл чиглэгдэнэ гэдгийг ч тодотгосон байна лээ. Цагдаагийн байгууллага дотор улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн гар хөл болох, бизнес эрхлэгчдийн хүрээнд тодорхой эрүүгийн гэж хэлэгддэг рецетив гэж яригддаг гэмт бүлэглэлүүд, эрүүгийн ертөнцөд нөлөө бүхий этгээдүүдийн нөлөөлөлд автахаас урьдчилан сэргийлэхийг салбарын бие бүрэлдэхүүнд анхааруулсан байдаг.
.
Хүчний биш үйлчилгээний цагдаагийн албыг бүрдүүлэх шинэ хууль хэрэгжиж эхэлснээр хүн айлгадаг, ичээдэг, хянаж цагддаг, бас заналхийлдэг хуучин арга барил, зохион байгуулалт нь өөрчлөгдөж байгаа гэдгийг олон нийт үнэлж байна лээ.
.
Хүний эрх, эрх чөлөө хуулзүйн салбарын үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Эдүгээ энэ салбарт хүний эрх зөрчигдөж байгааг байнга ярьдаг. Тиймээс ч хуульзүйн шинэтгэлийг асуудал хаалганы завсар хавчуулагдан орхигдох бус үргэлжлэн хэрэгжиж амьдрал дээр бодитоор үр өгөөжөө өгөх хэрэгтэй гэж олон нийт үзэж байгаа юм.
.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ