Засгийн газар "Эзэн -100" хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсангүй
Засгийн газраас хэрэгжүүлсэн "Эзэн-100" хөтөлбөрийн талаар өнөөдөр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар мэдээлэл хийлээ. МАН-ын дарга М.Энхболд мэдээлэлдээ:
.
-УИХ-аас өнгөрөгч тавдугаар сарын 8-ны өдөр “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дугаар тогтоолыг баталсан. “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэлийн Засгийн газар нийт 70 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр амлалт авчээ. Үүнээс 18 чиглэлийн ажлыг хагас дутуу хэрэгжүүлж,16 чиглэлийн ажлыг дөнгөж эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээж, эрчимжүүлэхээр тавьсан зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадаагүй байна. Энэ нь Засгийн газар “гэрийн даалгавар”-аа туйлын хангалтгүй биелүүлжээ гэсэн үг юм. Тоо худал хэлэхгүй. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг Үндэсний статистикийн хороо болон Монголбанк, Сангийн яамнаас 2014 оны наймдугаар сарын 1-ний байдлаар гаргасан албан ёсны мэдээлэл дээр тулгуурлан хэрхэн өөрчлөгдсөнийг цөөн хэдхэн баримтаас харцгаая.
.
Бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд 18 чиглэлийн ажил хийхээр төлөвлөсөн нь 41.6, уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр 13 ажил төлөвлөсөн нь 34.6, барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх зорилгоор 12 ажил хийхээр төлөвлөсөн нь 58.3, аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор найман ажил хийхээр төлөвлөсөн нь 37.5, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 11 ажил хийхээр төлөвлөсөн нь 27.3, төсөв, мөнгөний бодлогын хүрээнд найман ажил ажил хийхээр төлөвлөсөн нь 25 хувийн биелэлттэй байна. Өөрөөр хэлбэл, салбар тус бүрээр хийнэ гэж ард түмэнд амласан ажлын аль нь ч 50 хувийн биелэлттэй болж чадсангүй гэж МАН-ын бүлэг дүгнэв.
.
Эдийн засаг 5.3 болж буурлаа
_
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ажлаа авахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувьд хүрсэн байжээ. Харин энэ өсөлт жил, улирал, сар дараалан буурсаар 2013 онд 11.7 хувь, энэ оны эхний хагас жилийн байдлаар 5.3 хувь болж, шинэчлэлийн гэх Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлж байсан үеийнхээс даруй 3.3 дахин буурсан байна.
.
Инфляци улам бүр өндөр авч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.9 хувьд хүрч инфляцийн өсөлтийн дарамт эдийн засагт заналхийлж эхэлсэн байна. Монгол Улс инфляцийн түвшингээр дэлхийд эхний арванхоёрдугаарт бичигдэж, сүүлийн 20 жилд байгаагүй муу түвшинд хүрсэн байна. Энэ нь сүүлийн хэдэн жил дайн байлдаантай байгаа Сири, Судан, Иран зэрэг улсуудын түвшинтэй ижил байгааг эдийн засагчид анхааруулжээ.
.
Иргэдийн худалдан авах чадвар мууджээ
.
Иргэдийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10.6-177 хувь хүртэл нэмэгджээ. Түүнчлэн орон сууцны үнэ хоёр жилийн хугацаанд 2.6 дахин, "Эзэн 100" хөтөлбөрийн хугацаанд дунджаар 7.1 хувиар нэмэгдлээ. Оюутны сургалтын төлбөрөө МУИС 13.7, МУБИС 15, ШУТИС 13 хувиар нэмлээ. Мөн оюутны байрны төлбөр 10-40 хувиар өсчээ.
.
Ам.долларын ханшийн өсөлт үргэлжилсээр ханшийн хямрал Монголын нийгэмд нүүрлэв. Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлж байсан тэр үед ам.доллар 1349 төгрөгтэй тэнцэж байсан. Энэ оны долдугаар сарын байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1871 болж үндэсний мөнгөн тэмдэгт 40-өөд хувиар унасан байна. "Эзэн-100" хөтөлбөрийг эхлэх үед буюу өнгөрсөн тавдугаар сард 1 ам.доллар 1806 төгрөг байсан нь 100 хоногт бараг 100 төгрөгөөр өсч 1906 төгрөгт ч хүрчээ.
.
Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 1.31 тэрбум ам.доллар болж буурсныг Төвбанк мэдээллээ. Энэ нь өмнөх сарынхаас 17.9, өнгөрсөн оны мөн үеэс 57.6 хувиар валютын нөөц доошилсон аж.
.
Бүтээн байгуулалтын ажлууд зогсчээ
.
Энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар 1266.6 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэхээс дөнгөж 37 хувийг нь хийжээ. Эдүгээ 792.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй байна. Энэ нь бүтээн байгуулалтын ажил үндсэндээ зогссон болохыг харуулж байна гэж МАН-ын бүлэг дүгнэлээ. Төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 49.5 тэрбум төгрөгийг төлж чадаагүй байгаа нь авсан зээлийнхээ хүүний үйлчилгээг цаг тухайд нь хийж чадахаа байсны нотолгоо гэж тэд үзэж байна.
.
Гадаад өр 22.1 их наяд төгрөгт хүрчээ
.
Засгийн газрын гадаад өр шинэчлэлийн Засгийн газрыг ажлаа эхэлж байхад 2.5 тэрбум ам доллар байсан. Монголбанкны гаргасан мэдээллээр энэ оны эхний улирлын байдлаар 4.5 тэрбум ам доллар болж 1.8 дахин өссөн байна. Монголбанкны гадаад өр энэ хугацаанд 3.9 дахин өсөж 1.04 тэрбум ам.доллар болжээ. Монгол Улсын дотоод, гадаад өр нийт 22.1 их наяд төгрөгт хүрээд хүрлээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээлийн өрийн хэмжээ энэ оны 7 дугаар сарын эцэст 599.7 тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 550.1 тэрбум төгрөг болж өсчээ.
.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд чанаргүй зээлийн хэмжээ 96,7 хувь буюу 294 тэрбум төгрөгөөр, хугацаа хэтэрсэн зээл 6.4 дахин буюу 465 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 1.15 их наяд төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.4 хувийг давсан байгаа нь банкны систем дэх эрсдэл эрс нэмэгдэж, манай улсын нийгмийг бүхэлд нь хамарсан өрийн хямрал тулгараад байна гэж УИХ дахь сөрөг хүчин мэдээлэв.
.
2706 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон байна
.
ҮСХ-ны тайлан мэдээгэр эхний хагас жилийн байдлаар 54,389 аж ахуйн нэгжүүд буюу бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 54,3 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон байна. “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи хугацаанд нийт 2706 аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьсан нь бизнесийн орчин маш их муудсаны илэрхийлэл аж. Харин ажилгүй иргэдийн тоо оны эхний 7 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар нэмэгдсэн талаар ҮСХ нийгэм эдийн засгийн тайландаа дурджээ.
.
Засгийн газарт хариуцлага тооцох шаардлага хүргүүлнэ
:
МАН-ын дарга М.Энхболд мэдээлэлдээ:
-Шинэчлэлийн Засгийн газраас 100 хоногийн хугацаанд эдийн засгаа сэргээж, ард түмнээ хямралаас гаргана гэж амлаж УИХ-аар батлуулсан "Эзэн-100" хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсангүй гэж МАН-ын бүлэг болон "АРД-100" аянг хэрэгжүүлэгчид дүгнэж байна. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 2014 оны тавдугаар сарын 13-нд “Эдийн засагт эерэг үр дүн гарахгүй бол олонхи өөрсдөө Засгийн газартаа хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн. Тиймээс АН-ын бүлгийн даргыг хэлсэн үгэндээ хүрч, өөрсдийн байгуулсан Засгийн газртаа хариуцлага тооцох ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. АН-ын бүлэг энэхүү байр сууринаасаа ухарвал МАН хариуцлага тооцох болно.
:
Иймээс УИХ дахь МАН-ын бүлгээс АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад Засгийн газарт хариуцлага тооцох шаардлага хүргүүлэх юм байна гэсэн юм.
:
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ