С.Бүрэнбат: “Алтанбулаг”-т хүмүүсийг татах орчин хэрэгтэй байна
Газар тариалангийн үлэмж хэсэг, Орхон-Сэлэнгийн сав нутагт халиуран найгах тариан талбайд трактор, комбайны дуу жигдхэн нүргэлж, намрын их ажил хэдийнэ эхэлжээ. Би энэ их ажлын үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбаттай уулзаж, цаг үеийн байдлаар яриа өрнүүллээ.
х
-Сайхан намаржиж байна уу. Сэлэнгэ аймагт намрын их ажил хэдийнэ эхэлжээ.
-Сайхаан. Сайн намаржиж байна уу. Манай нутагт намрын их ажил буцалж байна. Энэ жил харьцангуй сайхан зун болж, ургац сайн байна. Өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл, тариа хураалт, төмс хүнсний ногооны хадгалалт, борлуулалт, байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл гээд намрын ажил ундарч байна даа.
р
-Энэ жил хэдэн га талбайд тариалалт хийв. Мөн сэлгээний ургамал ашиглаж эхэлсэн гэсэн.
-Аймгийн хэмжээнд 178 мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 132 мянган га-д улаан буудай тариалсан. Ер нь жилдээ 150 орчим мянган га-д тариалалт хийдэг. Сүүлийн жилүүдэд талбайгаа нэмж байгаа. Нийтдээ 305 мянган га эргэлтийн талбайтай. Жилд үүнийхээ 50 хувийг нь уринш болгож бэлтгээд үлдсэн 50 хувьд нь тариагаа тарьдаг. Цаашдаа энэ технологиор явбал хөрсний үржил шим буурч байна. Мөн Засгийн газраас гурилын үнийг тогтвортой барих бодлого баримталж байгаа ч тариаланчид орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Иймд аль болохоор нэгжийн зардал бага орох буюу нэг талдаа эдийн засгийн утга, нөгөө талдаа хөрсний үржил шимийг сайжруулахын тулд сэлгээний ургамлыг оруулж ирж байна. Бидний 2-3 удаагийн боловсруулалт хийж хар болгочихоод, хойтон жил нь тэр талбайдаа тариагаа тарьдаг технологи хоцрогдож. Тосны ургамал, арвай, бор, хөх будаа зэрэг сэлгээний ургамал орж ирсэн.
р
-Ургацаа хураагаад эхэлжээ. Хэдэн хувьтай явж байна?
-Тийм ээ. Одоогийн байдлаар нийт талбайнхаа 35 орчим хувийг ангилан хадаад байна. Үтрэм дээр мөн будаа буугаад эхэлсэн.
р
-Өнгөрсөн жил тариа, төмс хүнсний ногоо хураалтад их дээд сургуулийн оюутнууд зохион байгуулалттайгаар оролцож байсан. Энэ удаа хэрхэн байна вэ?
-Ер нь газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллаж байгаа манай компаниуд БХИС, ХААИС зэрэг их сургуультай холбоотой ажилладаг. Энэ жилийн намрын ажилд бид аймгийнхаа МСҮТ-ийн оюутнуудыг зохион байгуулалттайгаар оролцуулах ажлыг явуулж байна. Гэхдээ хүн хүчээр 100 хувь хангагдаагүй. БШУ-ны сайдад “ЕБС-иудын ахлах ангийн сурагчдыг жимс хураалтад оролцуулж өгөөч” гэсэн хүсэлтийг явууллаа. 1000 га талбайд чацаргана болон бусад жимс тарьсан. Комбайн, машин байхгүй болохоор сурагчдыг зохион байгууллалтайгаар оролцуулах хэрэгтэй байгаа юм. Хүүхдүүдийн хичээл сургуулийг таслуулахгүй ажилд оролцуулна гэхээр цаг хугацааны хувьд асуудалтай байгаа болохоор салбарын яамны сайдад нь харгалзаж үзэх хүсэлт явуулсан.
р
-Төмс хүнсний ногооны борлуулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Өнгөрсөн жилээс НЗДТГ, ҮХААЯ-тай хамтраад хүнсний ногоог бөөндөх асуудлыг ногоочдод төвөг багатайгаар шийддэг болсон. Урьд нь ногоочид нийслэлд очиход зогсох газар, байр олдохгүйгээс гадна хяналт, шалгалтын олон асуудалтай тулгардаг байсан. Өнөөдрийн байдлаар нийслэлд 28 цэгт манай аймгийн 100 гаруй ногоочид хүнсний ногоогоо борлуулж байна. Төмс хүнсний ногоог тариалж буй иргэдийн олонх нь дундаас доош орлоготой, үр хүүхэд, хамаатан саднаа ажлын байраар хангаад ажиллаж буй хүмүүс байдаг. Тэдний ногоог зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор бид Баянгол суманд нэгдсэн үйлчилгээний цэгтэй боллоо. Тодруулбал, манай ногоочид тус суманд ногоогоо ачаад очиход төмс хүнсний ногоог нь ангилж ялгаад, шошголж, савлаад супермаркетууд руу нийлүүлдэг болж байна. Шаардлагатай тоног төхөөрөмжийг 289 сая төгрөгөөр худалдаж авсан. Хүн бүр өөрийн тарьсан жаахан ногоогоо ачаад хот ороход бензин тосноос эхлээд зардал их гарна. Иймээс тэднийгээ дэмжих зорилгоор Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу явдаг төв зам Баянгол суманд ийм үйлчилгээний цэг байгууллаа.
о
Бэлтгэх модны хэмжээг багасгаж байгаа
р
-Танай аймгийн сумдаас хулгайгаар мод бэлтгэж, тээвэрлэх олон зөрчил гардаг. Мөн өөрсдөө бэлтгэх модны хэмжээгээ бууруулсан гэж дууллаа.
-Модны хулгай өмнөх жилүүдэд айхтар байсныг бодоход хумигдсан. Манай мэргэжлийн хяналт, байгаль орчин, тусгай чиг үүрэгтэй байгууллагууд ажиллаж байгаа. Өөрийн чинь хэлсэнчлэн бид зарим журмаа өөрчилж, жил ирэх тусам бэлтгэдэг модны хэмжээгээ багасгаж байгаа. Жилд дунджаар 220 мянга орчим шоо.метр мод бэлтгэдэг. Үйлдвэрийн зориулалттай, арчилгаа цэвэрлэгээ болон ойн цэвэрлэгээ гэж бэлтгэдэг юм. Харин энэ жил 178 мянган шоо.метр мод бэлтгэх зөвшөөрөл олгосон байгаа.
р
-Мод бэлтгэх хэмжээг бууруулахаар мод, модон материалын хэрэглээ хязгаарлагдана гэсэн үг үү?
-Эндээс 100 км хүрэхгүй газарт оросуудын модоо бэлтгэдэг Сибирийн их ой байна. Бидний зах зээлд бэлтгэж гаргаж байгаа мод, банз оросуудын манайд оруулж ирээд худалдаж байгаа үнэ их ойролцоо байдаг. Манай аймгийн долоон сум л ойн нөөцтэй бусад сум нь нөгөөдүүлээсээ авч хэрэглэдэг. Тийм учраас аль болох ойгоо хядахгүй байхаар бодож ингэж төлөвлөж байгаа. Хэмжээг бууруулснаар мод, модон материалын хэрэглээ тэгтлээ хязгаарлагдана гэж байхгүй л дээ. Бүх суманд мод бэлтгэх эрх өгдөг юм. Бэлтгэсэн модоо тухайн сум, ард иргэд хэрэгцээндээ ашигладаг. Энэ жил сум бүрт 500-1000 м.куб банз бэлтгэх эрх олгож байгаа. Үүнийгээ зөвхөн сумандаа хашаа, хороогоо сэлбэх, шинэ байшин барих зэргээр хэрэглэж, ашиглана.
р
“Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг” болгох хэрэгтэй байна
р
-Газар нутгийн нэлээн хэсэгт тариа, ногоо тариалдаг энэ газар нутагт бэлчээрийн даац хэтэрч байгаа тухай асуудал яригдаж байна?
-Сэлэнгэ аймгийн хувьд онцгойлон анхаарах нэг зүйл нь Монгол Улсын иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангаж байна. Энэ утгаараа маш олон га талбай эдлэгдэж байгаа. Үүнтэй манай уламжлалт нүүдлийн мал аж ахуй зэрэгцэж байгаа нь зөрчилдөж байна. Сүүлийн жилүүдэд манай аймагт ирж амьдрах хүсэлтэй иргэдийн тоо өссөөр 105 мянган иргэнтэй боллоо. Гэтэл малаа туугаад ирдэг улсууд байна. Сэлэнгэ аймгийн нутаг дээр 650-750 мянган мал л байвал зохимжтой гэж үздэг. Энэ нь тариа будаанд ороод байхгүй, нөөц бэлчээрт таарах юм. Гэтэл одоо 1.300.015 мянган толгой мал байгаа. Бэлчээр асар доройтож, өвс, ургамлын бүтэц өөрчлөгдөж байна. Түүнчлэн иргэдийн 60 орчим хувь нь ямар нэгэн байдлаар төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг. Үүнийг нь хариулгагүй мал, гахай сүйтгэдэг. Их хэмжээний хохирол учрахгүй ч наад зах нь иргэдийн дунд үл ойголцол үүсч хууль хяналтын байгууллагаар олон өдөр явж, ажлаа алдах зэрэг асуудал гардаг.
х
-Энэ асуудлыг шийдвэрлэх бодит арга замыг юу гэж тодорхойлж байна.
-Хамгийн бодит арга зам бол Сэлэнгэ аймгийг “Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг” гэж онцгойлон хуульчлах. Бид үүн дээр ажиллаж байгаа. Харин хууль тогтоох дээд байгууллага үүнийг ойрын хугацаанд анхаарах хэрэгтэй. Одоогийнх шиг дур зоргоороо явах юм бол бид энэ газар шороо, хөрсийг хэдэн зуун жилийн дараа л сэргээж авна. Эрх зүйн орчин байхгүй, зарим зүйл хэтэрхий замбараагүй зохион байгуулагдаж байгаагаас улсынхаа хүн амын хүнсийг бэлддэг, үржил шимтэй газраа сүйтгэж орхих нь. Цаашид ийм байдалтай байж болохгүй.
р
-Та эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тухай ярих гэж байна уу?
-Тийм. Сэлэнгэ аймагт 750 мянган толгой малтай байх шийдвэр гаргаад малтай иргэдийг хөөж туух, малыг нядлах асуудал байж болохгүй. Одоо байгаа нэг сая гаруй толгой малаас олж буй орлогоо бууруулахгүйгээр малынхаа толгойг багасгах хэрэгтэй. Тухайлбал, нэг үнээнээс өдөрт 5 литр биш 30 литр сүү саадаг болох. Байран мал маллагааны арга техникийг хүмүүст зааж сургах, сүүний үйлдвэр байгуулах гээд олон гаргалгаа байж болно.
Мөн дээр дурьдсанчлан газар тариалангийн талбайг нэг жилийн турш харлуулж хаяж байхаар, маш ашигтай тэжээлийн ургамал тариад, үүнийгээ намар нь хадаж малын тэжээлээ бэлдэх. Дахин боловсруулаад хөрсний үржил шимийг сайжруулах био бордоо буюу ялзмаг бий болгох технологиор ажиллах боломжтой. Эдгээр нь харилцан уялдаж чадна. Эрчимжсэн мал аж ахуй газар тариалангийн бүс нутаг болгоход анхааралаа хандуулах шаардлагатай гэхийн шалтгаан нь, энэ байдал зөвхөн Сэлэнгийн бус улс орны хэмжээнд яригдах, шийдвэрлэх асуудал болж буйд байгаа юм. Төр засгаас бодлогоор дэмжих хэрэгтэй.
о
-Сэдвээ арай өөрчилье. Намартай хамт яригддаг нэг асуудал бол сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй байдал. Энэ асуудал танайд тулгарч байна уу?
-Манай аймагт 35 сургууль хичээллэж байна. 32 нь төрийн өмчийн, гурав нь хувийн. Цэцэрлэг, сургуулийн тоог нэмэх шаардлагатай байгаа. Тухайлбал, Сайхан сум буюу Хөтөл хотод сургууль нэмэх. Нэг сургуульд 1000 гаруй хүүхэд сурдаг. Харин цэцэрлэгийн хувьд жилд дунджаар 1-2 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулж байгаа ч хүрэлцэхгүй байна. Энэ жилийн хувьд гурван цэцэрлэг баригдаж байгаа. Мөн Баянгол суманд нэг хувийн байгууламж аваад цэцэрлэг болгох болон энэ жил шинэ байранд орсон сургуулийн хуучин барилгыг цэцэрлэг болгон ашиглах талаар ажлын хэсэг гараад ажиллаж байна. БШУЯ-тай ярилцаад тодорхой хэмжээний хөрөнгө шийдүүлчих юм бол байр боловсон хүчнийг орон нутагтаа шийдэх боломжтой.
р
-Цэцэрлэгт хамрагдалгүй үлдсэн хүүхэд бий юу?
-Байлгүй яахав. Аймгийн хэмжээнд 5000 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагддаг. Манай бүх сум цэцэрлэгтэй, зарим том суманд 2-3 цэцэрлэг байгаа. Нэг сумын цэцэрлэгт дунджаар 100 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Ер нь цэцэрлэгийн асуудал улсын хэмжээнд ч хэцүү байна шүү дээ.
р
-Сүүлийн асуулт. Алтанбулагийн чөлөөт бүс хоёр сарын өмнө нээлтээ хийсэн. Одоогийн байдлаар аймаг орон нутагтай хамтын ажиллагаа эхэлсэн үү?
-Алтанбулагийн чөлөөт бүс бол бие даасан байгууллага. Одоохондоо орон нутагтай уялдаж холбогдож байгаа юм бага байна. Ний нуугүй хэлэхэд өөрөө ч хэлбэржиж тогтож чадаагүй байна. Энэ бүс нээгдсэнээр үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид татварын маш таатай орчинд худалдаа явуулах боломжтой болж байгаа юм. Гэтэл бидэн дээр хүн ирэхгүй бол ажил явахгүй. Хамгийн гол нь бүс нутгийн хүмүүсийг татах, тэднийг ирэх орчинг бий болгох хэрэгтэй юм. Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Буриад Улсын Ерөнхийлөгч багтаж ирсэн. Бид түүнтэй чөлөөт бүсийн тухай болон хоёр улсын хамтын ажиллагааны тухай асуудлаар санал солилцож албан ёсны айлчлалыг 11 дүгээр сард хийхээр төлөвлөсөн. Тус улсын хил залгаа дүүргүүдэд Сэлэнгийн махан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо зэргийг гаргах хэрэгтэй байна. Өнгөрсөн жил 400 гаруй тонн төмс гаргасан. Энэ жил ахиад гаргах бодолтой байгаа. Мөн хойноос хямд мод модон материал оруулж ирэх шаардлага байна. Ер нь чөлөөт бүсэд бүтээн байгуулахаас илүүтэй тэднийг сонирхолыг татах хэрэгтэй юм. Тэгвэл хөгжинө.
х
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ