Ураг төрлөө мэдэхгүй бол үндэстэн мөхнө
“Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа” гэдэг. Монголчууд эрт дээр үеэс өөрөөс дээш есөн үе, ураг удмын хэлхээ холбоогоо танин мэдэж, чухалчлан тэмдэглэн, угийн бичгийг хөтөлсөөр ирсэн өнө эртний сайхан уламжлалтай билээ. Энэ эртний сайхан соёл, уламжлал өнөө үед мартагдан баларч, угийн бичгийг хөтөлдөг айл өрх ч ховордон цөөрснөөр, цус ойртолт гэдэг аюулын харанга дэргэд ирж үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхэд хүрчээ.
7
Сүүлийн жилүүдэд “Ургийн баяр”-ыг хот, хөдөөгүй тэмдэглэдэг болж байгаа ч бүх айл өрх энэ баярыг тэмдэглэж чадахгүй байгаа. Түүх сөхөж үзвэл, монголчууд манжийн эрхшээлд байх үеэс л ургийн бичгээ хөтлөх нь бүдгэрч эхэлсэн бөгөөд Ардын хувьсгалын дараагаар буюу 1925 онд овог хэрэглэхийг бүрмөсөн болиулсан ажээ. Харин одоо бидэнд ураг төрлөө судалж, ургын бичгээ хөтлөх цагийн дуудлага ирж байгааг сануулахыг хүслээ.
7
Монголчууд угийн бичгээ хөтөлдөггүй болсоноор ураг төрлөө мэдэхгүй болж, гурав, дөрөв дэхь үедээ цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэр бүл болох үзэгдэл түгээмэл болж байгаа талаар эрдэмтэд халаглаж суугаа нь нэгийг бодож, хоёрыг тунгаахад хүргэж байна. Энэ асуудал үндэсний аюулгүй байдал хийгээд хүн амын удмын сангийн аюулгүй байдалд харанга дэлдсэн үзүүлэлт болоод байгаа нь судалгаагаар нотлогджээ.
7
Бидний амьдрал дээр ч тэр хэн нэгэн хүнтэй танилцаад ах дүү хамаатан садан, өвөө эмээ, удам судраа жаахан лавшруулаад ярихаар ах дүү, хамаатан садан болчих гээд эсвэл өөрөө ч мэдэхгүй хамаатнууд байх тохиолдол цөөнгүй гардаг. Энэ асуудлыг дэврээх мэт суурин соёл иргэншил рүү хошуурах болсон монголчууд хөдөө орон нутгаас илүүтэй хот орон газарт хамаатнаа байтугай хөршөө мэдэхгүй, танихгүй шахам амьдарч байна. Үүнийгээ бид ажил ихтэй, цаг зав муутай гэдэг шалтагаар хайцаалах нь бий.
7
Нөгөө талаар монголчуудын дунд үүсээд байгаа цус ойртолт гэдэг асуудал нь хэт их нутгархаг үзэл гаргаж, жалга довоороо талцдаг зантай ч холбоотой болов уу. Ураг холбоно гэдэг нь харь элэгтэй хоёр хүн хоорондоо хайр сэтгэлтэй болоод гэр бүл болж байгааг хэлдэг. Ураг холбоход учир бий. Чингис хаан “Есөн үеэ мэдэхгүй хүн бол зэрлэг хүн” гэж хэлсэн байдаг. Түүхийн үеүүдэд монголчууд аман байдлаар дамжиж ураг төрлийн холбоогоо мэддэг, мэдсэнийхээ дараа гэр бүл болдог гайхамшигтай уламжлалтай байжээ. Хүй нэгдлийн үед ч тэр овгийн байгуулал цус ойртолтоос хамгаалах нэг чухал хэрэгсэл байсан гэнэ. Нэг эцэг эхээс төрж улбаалсан, хоорондоо цусан төрлийн ойрхон холбоотой, хэсэг бүлэг хүн өөрсдийгөө нэг овог гэж хэлдэг байсан. Ураг төрлийн хүмүүс хоорондоо гэрлэхгүйн тулд өөр овгийн, харь элгийн хүмүүстэй гэр бүл болдог байж. Тэгэхээр яах аргагүй овог гэдэг бол цус ойртолтоос зайлсхийх хамгийн энгийн бөгөөд чухал арга байсан байх нь.
7
Тэгвэл өнөөдөр монголын хүн ам дахь цус ойртолтын байдал нь элэнц, хуланцын түвшинд хамаатай үр удмуудтайгаа очиж гэрлээд байгаа хэмжээнд хүрчихэж. Энэ бол үнэхээрийн үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах, хүн амын удмын сангийн аюулгүй байдлын хувьд харанга дэлдсэн үзүүлэлт.
7
Цус ойртолтын коэффициентийг аймаг бүрээр тооцоод харахад, монгол орны өргөргийн дагуу хойноосоо урагшлах тутам цус ойртолт аажмаар ихэсдэг зүй тогтол илэрсэн. Өөрөөр хэлбэл, хүн ам сийрэг суурьшсан нутагт цөөн тооны хүмүүс хүссэн хүсээгүй хоорондоо гэрлээд алсуур цус ойртолтыг улам нэмэгдүүлж байна.
6
Тиймээс 60 сая малтай атлаа гурван сая хүрэхгүй хүн амтай Чингисийн монгол алтан ургаа хадгалахад ургийн бичиг “амь тариа” залгуулах нь дамжиггүй. Бид уул уурхай, мал аж ахуйдаа “дулдуйдаад” ургийн бичгээ үл хүндэтгэх аваас удмын сандаа нөхөж баршгүй хор хохирол учруулж буйгаа санацгаая. Цус ариун бол монгол ариун.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ